Иргэдэд сонгогчийн үнэмлэх тараахгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Иргэдэд сонгогчийн үнэмлэх тараахгүй

УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сонгуулийн хуулийг УИХ-ын дарга ёсчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Ирэх долоо хоногийн мягмар гариг хүртэл Ерөнхийлөгч уг хуульд хориг тавих эрх нээлттэй аж. Хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид хуулийн шинэ зохицуулалтуудаас танилцууллаа. Анх Д.Лүндээжанцан нарын, Л.Болд нарын өргөн мэдүүлсэн хоёр тусдаа төслийг нэгтгэн нэг хуулийн төсөл болгож, холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар болсон нь хуулийн нэг онцлог юм. Ингэснээр сонгогчдын санал сонгуулийн үр дүнд тусгалаа олохуйц зохицуулалт болсон гэдгийг ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд онцоллоо. Нэр дэвшигчид сонгогчийн саналыг өөртөө татахаар нөлөөлөх, санал худалдаж авах үйлдэл гаргавал хатуу хариуцлага хүлээлгэхээр болжээ. Сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшигчийг бүртгэж үнэмлэх олгох хүртэл хугацаанд, мөн сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлэх, ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага хийх зэргийг хориглосон байна. Нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр тусгавал түүнийг хэрэгжүүлэх зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн байх ёстой гэжээ. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг хувь хүртээх амлалт тусгахыг хориглосон зохицуулалт оруулсан байна. Ингэснээр иргэдэд бэлэн мөнгө, хишиг хувь амлаж санал татдаг тактикаасаа намууд бүрмөсөн татгалзахаар болж байгаа юм. Зөрчил гаргасан нэр дэвшигчийг жагсаалтаас хасах, нам, эвслийн хувьд сонгуульд оролцох бүртгэлийг хүчингүй болгох зэрэг хатуу арга хэмжээ авахаар болжээ.

Сонгуулийн сурталчилгаандаа төрийн өмч, хөрөнгийг зүй бусаар ашигладаг байдал өмнөх сонгуулиудаар гарч байсан тул улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бол 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс албанаасаа чөлөөлөгдөх ёстойг хуульд тусгасан байна.

Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг ажиллуулахаар хязгаарлалт хийжээ. Харин сонгогчдын бүртгэлийг зөвхөн иргэний бүртгэлийн байгууллага хариуцаж гаргахаар болсон байна. Иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авахаас 30 хоногийн өмнөөс хориглохоор заалт оруулжээ. Санал тооллогыг автомат системээр явуулахаар тусгай хууль баталсан. Мөн сонгуулийн төлбөртэй сурталчилгааны хугацааг хязгаарлаж өгчээ. Сонгогчдын саналыг урьдчилан авах тухай ойлголт байхгүй болж байна. Өмнөх сонгуулиудаар тухайн хэсгийн сонгогчдын 10 илүү хувь нь саналаа урьдчилан өгдөг гажиг үзэгдэл гарч сонгуулийн будилаанд нөлөөлдөг байсныг үүгээр таслан зогсооно гэж үзжээ. Зайлшгүй гэрээрээ санал өгөх хэвтрийн өвчтэй зэрэг хүмүүсээс санал хураалтын урьд өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахаар болсноор санал авах өдөр хэсгийн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах бололцоог нээж өгсөн аж.

Тухайн хэсэгт санал өгөх сонгогчдын тоог цөөлж, хэсгийн хорооны тоог нэмэгдүүлэхээр болжээ. Сонгогч саналын нэг хуудас авах боловч хуудасны дээд хэсэгт бичсэн тойрогт нэр дэвшигчийн нэрсээс мандатын тоондоо тааруулан тэмдэглэх, мөн хуудасны доод хэсэг дэх намуудын нэрээс өөрийн дэмждэг нэг намын нэрийг тэмдэглэх гэсэн хоёр үйлдэл хийх аж. Харин ямар тэмдэг тавихыг СЕХ журмаараа зохицуулах юм байна.

Ирэх сонгуулийн үеэр сонгогчид сурсан зангаараа сонгогчийн үнэмлэх хүлээх хэрэггүй гэнэ. Сонгуулийн өмнө иргэдэд ухаалаг цахим үнэмлэх олгох тул сонгогчийн үнэмлэх шаардлагагүй гэжээ.

Үүний дараа эрхэм гишүүн Н.Энхболд, Ж.Сүхбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай зэрэг явуулна гэсэн. Ингэхэд хүндрэл гарах уу?

Н.Э: -Энэ хууль хүчин төгөлдөр байна. Гэхдээ гишүүдээс янз бүрийн санал гарч байгаа. Анх удаа автомат системээр санал тоолох тул хүндрэл гарч болзошгүй гэж зарим гишүүн үзэж байгаа. УИХ-аар энэ талаар хэлэлцэнэ. УИХ, орон нутгийн сонгууль явуулах аргачлал өөр.

-Нөхөн нэр дэвшүүлэхийг хориглосон уу?

-Нөхөн нэр дэвшихийг үндсэнд нь хорьсон. Нэр дэвшигч нас барсан, шүүхээр ял шийтгүүлсэн хоёр тохиолдолд л нөхөн нэр дэвшүүлнэ.

-Эмэгтэй нэр дэвшигчдэд квот тавьсан ч пропорциональ талын дундаас хойгуур бичигдвэл УИХ-д гарах магадлал бараг байхгүй. Үүнийг яаж зохицуулах вэ?

Ж.С: -30 хувь гэж байсан ч 20 хувийн квот тогтоосон. Нэр дэвшигчдийг бичихдээ эрэгтэй, эмэгтэй гэж солбих байх. Энэ нь тухайн намын ардчилал, соёлоос шалтгаална. Мөн өргөн сурталчилгаа хэрэгтэй. 76 нэр дэвшигчийн 15 орчим нь эмэгтэй байх юм.

Н.Э: -Гадаадад байгаа монголчуудаас санал яаж авах вэ?

-Гадаадад байгаа монголчууд пропорциональ хэсэг дээр санал өгнө. Хүн амын шинэчилсэн бүртгэлд гадаадад байгаа 100 гаруй монголчууд хамрагдсан. Санал яаж авах журмыг ГХЯ-тай хамтарч гаргана. ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газруудтай хамтарч санал хураалтаас 15-аас доошгүй хоногийн өмнө санал авна. Харин санал тооллогыг Монголд санал авах өдөр зэрэг явуулна.

-Санал хураалтыг зургадугаар сарын сүүлээр ажлын өдөр явуулна гэсэн. Энэ өдрийг амралтын өдөр болгох уу?

-Иргэдээр санал өгүүлэхийн тулд ажлын нэг өдрийг амралтын өдөр болгож байгаа.

                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж