Орон нутгийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэйгээр олон нийтэд хүргэх, соён гэгээрүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан ВВS телевизийн хамт олон энэ өдрүүдэд таван жилийн ойгоо тэмдэглэж байна. Талын долгион хэмээх Сүхбаатар аймгийн анхны телевизийн араас гарч ирсэн телевизийн шинэхэн суваг “ВВS” телевиз бий болсноор сүхбаатарчууд, тэр дундаа Баруун-Уртчуудын амьдралын хэмнэлд цоо шинэ өнгө төрхийг бий болгосон гэдэгт үзэгчид санал нэгтэй байдаг юм. Үүссэн цагаасаа хойш олон арван мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг, цэнгээнт болон уран сайхны, асуудал дэвшүүлсэн, шоу, шууд нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэсээр ирсэн нь үзэгч олон түмний талархлыг хүлээсээр байна. ВВS телевизийн хамт олон таван жилийн ойн баярын албан ёсны арга хэмжээгээ өнөөдөр тэмдэглэх аж. “Өөрсдийгөө дэмжиж, хамтдаа хөгжье” гэсэн өөдрыг уриан доор уран бүтээлээ туурвидаг энэ телевизийн таван насны ойн баярт БХ-ын сайд Л.Болд, “Мөнхчулуун” сангийн тэргүүн, “Бодь” группын ерөнхийлөгч М.Зоригт, Боловсрол суваг телевиз, аймгийн ЗДТГ-ын агентлаг албадын дарга нар, хувийн хэвшлийн зарим байгууллагын төлөөлөл зэрэг 100 орчим зочин оролцох ажээ. Тэрчлэн БЦДБЭЧ-ын уран бүтээлчид ВВS телевизийн таван жилийн ойн баярт зориулсан тоглолтоо сонирхуулах юм байна.
“BBS” телевиз таван нас хүрлээ
Орон нутгийн хэвлэл, мэдээллийн салбарт өөрийн байр сууриа хэдийнэ эзэлсэн Сүхбаатар аймгийн “ВВS” телевиз таван нас хүрлээ. Таван жилийн өмнө арванхоёрдугаар сарын 18-нд анхны эфирээ цацаж эхэлснээс хойш сүхбаатарчуудын үзэх дуртай суваг болоод байгаа тус телевизийн ойн арга хэмжээ өнөөдөр болно.
Д.Улаанаа