Ерөнхий сайд С.Батболдын хэлснээр Засгийн газраас энэ оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, ажилгүй иргэн бүрээ хөдөлмөртэй болгох зорилт тавин ажилласны дүнд 72 мянган гаруй иргэн байнгын ажилтай болжээ. Энэ бол ажлын үр дүн гэж дүгнэж байна. Нөгөөтэйгүүр Засгийн газраас барьсан гол шугам бол ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явах чин хүсэлтэй иргэддээ дэмжлэг үзүүлэхэд боловсруулсан бодлогууд чиглэсэн гэдгийг тодотголоо. Хоёр дахь томоохон зорилт нь эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр залуусаа сургаж, ажлын байртай нь холбоход бодлогын шинэчлэл хийгдсэн гэж мэдэгдэж байна. Гурав дахь шинэчлэл нь, ажилгүй иргэдийг хөдөлмөрт зуучлах мэдээллийн санг бүрдүүлсэн явдал аж. Мэдээллийн сантай болсноор ажил идэвхитэй хайж байгаа иргэдийн тоо өмнөх онынхоос 50 хувиар өсчээ.
Мөн иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр хангахад зориулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг УИХ-аар батлуулсны зэрэгцээ жижиг, дунд үйлдвэр хийгээд хөдөө аж ахуйг дэмжих чиглэлд томоохон ажлууд хийгдсэнийг онцоллоо. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний хүрээнд энэ оны арванхоёрдугаар сарын 13-ны байдлаар 72080 ажлын байр шинээр бий болсны 42 хувь нь хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт, 18 хувь нь барилга, 10 хувь нь уул уурхай олборлолтын салбарт, үлдэж буй 30 хувь нь бусад салбаруудад бий болжээ.
Хөдөө аж ахуйн салбарт ажлын байр шинээр бий болсон нь нэг талдаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих болон үндэсний үйлдвэрүүдээ дэмжих хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн бонд гаргах тухай тогтоол аж. Энэхүү тогтоолыг парламент хэлэлцээд хөрөнгийн хэмжээг 300 тэрбум төгрөгт хүргэсэн юм. Үр дүнд нь малчид хонь, тэмээний ноосоо үндэсний үйлдвэрүүддээ тушааж нэг кг тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал хүртэж үндэсний үйлдвэрүүдээ түүхий эдээр хангасан. Нөгөө талдаа үндэсний үйлдвэрүүд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд экспортлох боломжтой болсны зэрэгцээ төрөөс үзүүлсэн дэмжлэгт хувийн секторууд мөн ачаа үүрэлцэх ёстой гэж үзэн, иргэдийг ажлын байраар хангахад тус салбарынхан тэргүүлэх чиглэлтэй ажилласан юм байна. Харин уул уурхай, барилга авто замд ажиллах хүчин олноор хэрэгтэй болсон нь эдийн засгийн их өсөлттэй холбогдож буй. Энэхүү эрэлт хэрэгцээг хангах зорилгоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яамууд хамтран ажиллаж мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарчээ. Тухайлбал, 2000 залуу барилгын салбарт ажиллахаар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсанаас 80 хувь нь энэ ондоо шууд ажлын байртай болжээ. Мөн иргэдийг ажлын байраар хангахдаа ажил идэвхитэй хайсан ч олддоггүй 40 гаруй насныхныг мэргэжил эзэмшиж ажилтай болоход нь анхаарсны зэрэгцээ хувиараа бизнес эрхлэн өрхийн амьжиргаагаа аваад явахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бага хүүтэй зээл олгоход анхаарчээ.
Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд яам, тамгын газрууд холбоо уялдаатай ажилласны зэрэгцээ Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, хувийн хэвшлийн байгууллагууд мөн идэвхи санаачлага гаргаж ажилласан байна. Тэдний ажлын үр дүнг өнөөдөр мөн сайшааж урамшууллаа. Тухайлбал, хамгийн сайн ажилласан салбараар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамууд шалгарлаа. Мөн Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуйн үйлдвэрийн газар, Авто замын газар, Мэргэжлийн боловсролын газар, Ойн газрууд идэвхи зүтгэлтэй ажилласан тул шагналын эзэд боллоо. Нийгмийн түншлэгч гурван байгууллагаар Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэл, Дорноговь, Сэлэнгэ аймгийн Ажил олгогч эздийн нэгдсэн холбоод шалгарав.