Жилийн эцсийн тайлан гээд завгүй явна

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Жилийн эцсийн тайлан гээд завгүй явна

Сангийн яамныхан дээрх үгийг хэлсэн шигээ тун завгүй гүйлдэж байна. Учир нь тэд энэ оны төсвөөс илүү гарсан мөнгийг эргүүлэн та­тах нөр их ажилтай байгаа аж. Тодруулбал, төсвийн байгууллагуудад ху­ваарилсан санхүүжилтээс илүү гарсныг нь эргүүлэн та­таж, ирэх жилийн төсөвт нэ­мэрлэх санаатай байгаа юм байна. Тэгвэл тэ­дэнтэй зэрэгцээд нөгөө талд төсвийн байгууллагынхан бас л амь наана, там цаана гүйж яваа сурагтай. Учир нь өөрсдөд нь “Май” гээд өгчихсөн мөнгийг эр­гүүлэн татах гэж сандаргаж байгаа Сангийн яамныхныг аргалчих гэсэн яамд, төсвийн байгууллагын ажилтнууд ун­тах, идэхээ умартаад нүд нь улаанаар эргэж байгаа юм байх. Тэднийг ингэж нойр, хоолгүй зүтгүүлж зүдрээж байхаар дансанд нь үлдсэн хэдэн төгрөгийг эргүүлэн татна гэж сандаргахгүйгээр зүгээр л орхичихмоор юм. Шинэ жилээ тэмдэглэнэ үү, ажилтнуудаа урамшуулна уу  ямар хамаа байна. Шинэ жилийн мэндчилгээ илгээх төсвийг нь хүртэл таначихаад арай ч ингэж болохгүй баймаар даа. Нэгэнт л “Энэ онд танайд тэдэн төгрөг төсөвлөлөө” гэж өгчихөөд жилийн эцэс бо­лохоор “төсөвлөсөн мөнгийг маань гүйцэт хэрэглээгүй бол үлдэгдлийг нь буцааж авъя” гээд сандаргаад байх хэрэггүй л юм шүү дээ. Тэр мөнгө байсан бай­гаа­гүй төсвийн орлого давж биелээд байгааг жирийн иргэд л мэдрэхгүй байгаа болохоос сайдаасаа эхлээд төвсийн байгууллагын дарга, цэрэггүй л мэдэрчихсэн бай­на. Тиймээс бүгдийг нь өгөхгүйхэн шиг өрсдөдөө ч гэсэн наалдуулахаар зүтгээд байгаа юм. Өмнө нь төсвийн орлого гэж бараг байхгүй үед жилийн эцэст үлдсэн мөнгөө үнэнчээр өгдөг л байсан шүү дээ. Жирийн нэг төсвийн байгууллагын мэргэжилтэн илүү гараад байгаа мөнгийг яахаараа авч болдоггүй юм. Эсвэл заавал дарга, даамлууд хувааж хүртэх ёстой юм уу. Тэгэхээр дарга нартай барьцах нь зүй ёсны хэрэг байгаа биз. Эх орны баялгаас олсон мөнгийг тэнцүүхэн л хувааж хүртэх ёстой биз дээ. Жирийн иргэд хүртдэггүй юм аа гэхэд жирийн мэргэжилтнүүд яа­гаад хүртэж болохгүй гэж. Эсвэл дараа жилээс эхлээд урьдчилсан тооцооллын аргыг хэрэглэж төсвийг дээд цэгт нь хүртэл танаад өгчихсөн нь дээр. Яаж ийж байгаад л хүргэнэ биз дээ.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж