Тэтгэврийн гурван давхраат тогтолцоонд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн гурван давхраат тогтолцоонд шилжинэ

Төрийн ордонд өчигдөр Нийг­мийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яамнаас хамтран “Ахмад настны асуудлаарх зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгууллаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди энэ үеэр “Тэтгэвэр тэтгэмжийн хажуугаар  ахмадуудад таарсан ажил хөдөлмөрөөр хангах нь  улс орны хөгжилд ч өөрсдийнх нь амжиргаанд ч тустай” гэж байлаа. Монголын нийт ахмадын 12 хувь нь тогтмол бус, улирлын болон цагийн чанартай хөдөлмөр эрхэлдэг аж. Эрэгтэйчүүд нь хувиараа аж ахуй эрхлэх  тохиолдол түгээмэл бол эмэгтэйчүүдийн дийлэнх нь өрх гэрийн цалингүй хөдөлмөр эрхэлж ач, зээгээ хардаг юм байна. Мөн 55 наснаас дээш ахмадын 16 хувь нь ажилтай байдаг бол 60-аас дээш насныхны зургаан хувь нь ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлдэг байна. Хөнгөлөлттэй нөхцлөөр 50 хүрээгүй насандаа тэтгэвэрт гарсан цэргийнхэн, олон хүүхэдтэй эхчүүдэд ажил олдох нь тааруу байдгийг уулзалтын үеэр онцолж байв. Ажил эрхлэлтээр 60-64 насныхан арай өндөр үзүүлэлттэй гарчээ. Сайн дурын даатгуулагчдаас өндөр насны тэтгэвэрт шилжигсэд цөөн байдаг нь халамжийн тэтгэвэр авагчдын тоог нэмэгдүүлэх хандлагатай байгааг сайд Т.Ганди хэлж байлаа.

Тэтгэврийн шинэчлэл хийх үүднээс гурван давхраат тогтолцоонд шилжих нь зүйтэй гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлсэн юм. Сайн дурын арилжааны даатгал, тэтгэврийн даатгал, халамжийн болон суурь тэтгэвэр гэсэн гурван давхраанаас хамгийн боломжтойг нь сонгох юм байна. Нийт ахмадын 90 гаруй хувь нь тэтгэвэр авдаг бол үлдсэн арав хүрэхгүй хувь нь хүүхдүүдээрээ тэжээлгэдэг аж. Монголын хүн амын 35,2 хувь нь ядуурлын байдалтай буюу доогуур амьжиргаатай. Тэдний 12 хувийн өрхийн тэргүүн нь 60 ба түүнээс дээш насныхан байдаг байна.

Өнгөрсөн хугацаанд ахмад дайчдын орон сууцанд төсвөөс 56,7 тэрбум төгрөг зарцуулж, нийт 1620 ахмад дайчинд байр, орон сууц олгосон байна.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж