Хаалттай ертөнцөд тэд өөрсдийнхөөрөө амьдарсаар

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Хаалттай ертөнцөд тэд өөрсдийнхөөрөө амьдарсаар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар хорих анги буюу олны нэрлэж заншсанаар эмэгтэйчүүдийн хорих ангид сурвалжлага хийх боломж олдсон юм. Биднийг тус ангийн дарга, хошууч А.Намсаманд угтан авч “хөтөч, тайлбарлагч”-ийн үүрэг гүйцэтгэв. Тэрбээр Зайсан дахь хүүхдийн хорих ангийн даргаар ажиллаж байгаад жил гаруйн өмнөөс тус ангийн даргаар ажиллах болжээ. Түүний бараанаар ажилтнууд нь амрыг эрэн ёсолж, илтгэл тавих аж. Харин хоригдлууд сууж байсан бол огло хийн босож, гүйж байсан бол зог тусан зогсох нь гэм хийсэндээ гэмшиж байгааг нь илтгэх мэт. Эндэхийн бүх л цэвэрлэгээний ажлыг хоригдлууд хийдэг учир орчин нь үнэхээр цэвэрхэн аж. Бага үдийн 11 цаг болж байхад бид хорих анги руу ороход тус ангийн ажилтнууд ээлжээ хүлээлцэж байсан учир ялтан эмэгтэйчүүдийн ажлыг түр завсарлуулсан байлаа. Ажил завсарласан гэдгийн учир нь ялтнууд тэнд яг л жирийн амьдралтай, эрх чөлөөтэй хүмүүсийн адил өдөрт найман цаг ажил хийдэг юм билээ.

НАЙМАН ЭХ, ЕСӨН ХҮҮХЭДТЭЙГЭЭ “АЖ ТӨРЖ” БАЙНА

Хашааны хаалганд хамгийн ойр нярайн тасаг байрладаг бөгөөд энд найман эх, есөн хүүхэдтэйгээ ял эдэлдэг аж. Учир нь нэг эх  ихэр хүүхэд төрүүлжээ. Тэдэнтэй хамт насанд хүрээгүй хоёр хүүхэд энд ял эдэлдэг бөгөөд тэд давтан хулгайн хэргээр ял сонссон юм байна. Эдгээр хүүхдүүдэд одоогоор засан хүмүүжүүлэх үйлчилгээ үзүүлдэг аж. Харин дээрх найман эх хойшлуулж болохгүй ялтай учир хүүхдүүдийн хамт ял эдэлж байгаа гэх. Энд төрөөд долоо ч хоноогүй нэг эх байсан бөгөөд бусад нь төрөөд 3-5 сар болцгоожээ. Хойшлуулж болохгүй ялтай гэхээр чанга дэглэмтэй гэсэн үг юм. Гэхдээ тэд хүүхдээ нэг нас хүртэл нярайн тасагт “аж төрнө”. Хүүхдүүд нь нэг нас хүрсний дараа ар гэрийнхэндээ хүлээлгэж өгөөд ялаа үргэлжлүүлэн эдэлнэ. Эсвэл асрамжийн газарт өгөөд ялаа эдэлдэг аж. Харин жирийн дэглэмтэй буюу хөнгөн төрлийн ял эдлэх ёстой эмэгтэйчүүд хүүхдээ гэртээ нэг нас хүртэл нь харж байгаад хорих ангид ял  эдэлдэггэнэ. Биднийг нярайн тасгаас гарахад ээлж хүлээж авч байгаа хянагч нар хоригдлуудаа бүртгэж, ажлын зааварчилгаа өгч байлаа.

“ДЭС ДАРААГААР ТООЛООД БҮРЭН БОЛ АЖИЛДАА ОРЖ БОЛНО”

Хөвөнтэй хослол, дугаараар ижилсэн толгойгоо салаавч­лан суух эмэгтэйчүүдээр биеийн тамирын бололтой талбай хэдийнэ дүүрчээ. Тэд зааварчилгаа аваад эхнээсээ ажлын байр руугаа гүйц­гээх аж. Гэхдээ жирийн дэглэмтэй болон чанга дэглэмтэйгээрээ ялгарч, тус тусын ажлын байр руу орж байлаа. Гаднаас нь хараад тэднийг ямар ял эдэлж байгааг нь  мэдэх боломжгүй ч ямар байрнаас гарч ирж байгаагаар нь ялгах боломжтой байсан юм. Учир нь чанга дэлгэмтэй ял эдэлж байгаа хоригдлуудын байрыг өргөстэй, төмөр хашаагаар тусгаарлаж, цоожилжээ. Хажууханд нь сахилгын байр гэсэн хаяг бүхий байшин байх аж. Дотогш ороход яг голдоо ажиглах зориулалттай гэмээр төмөр торон цонх бүхий таван модон хаалга угтлаа. Энд ажилд гараагүй хоригдлууд өрөөгөө цэвэрлэж байсан юм. Өрөө бүр нь цаашаа олон тасалгаатай бөгөөд багтаж шингэхээрээ л орнуудаа байрлуулжээ. Шоронгийн дарга орж ирсэн учир хоригдлууд тавхийтэл босож, дор бүрнээ зогсоцгоов. Энд ихэвчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амийг санаатайгаар бүрэлгэсэн хүмүүс байсан ч сүүлийн үед хар тамхи зөөвөрлөсөн, хүүхнүүдийн биеийг үнэлүүлсэн, хүний наймаа хийсэн эмэгтэйчүүд олноор орж ирэх болсон гэдгийг шоронгийн дарга хэлж байлаа. Тус хорих ангид 400 гаруй хоригдол хүмүүжиж байгаагаас 70 гаруй нь чанга дэглэмтэйгээр ял эдэлж байгаа аж. Тус хорих ангид чанга дэглэм дор  амьдралынхаа 25 жилийг өнгөрөөх хүн ч байсан юм. Эндээс чанга дэглэмтэй хорих ангийнхны ажиллаж байгаа үйлдвэрт очлоо. Тэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудад хүмүүжиж байгаа хоригдлуудын дүрэмт хувцас, цагаан хэрэглэл, гудас зэрэг хэрэгтэй бүх зүйлсийг оёж нийлүүлдэг юм байна. Сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 144000 төгрөгийн цалин авдаг бөгөөд өртэй хоригдлууд нь өрөндөө суутгуулж, ар гэртээ илгээх хүсэлтэй нь гэрийнхнээ эндээс тэжээдэг гэж Хорих ангийн дарга А.Намсаманд хэлж байлаа. Тус хорих ангид хоригдож байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь тогтмол ажлын байраар хангагджээ. “Буян” ХХК-ийнхан тус ангиас хоригдол авч ажиллуулдаг байхдаа өөрийн үйлдвэрийн байр руу зөөдөг байсан учир унааны зардал, хоолноос эхлээд хүндрэлтэй асуудал үүсдэг байж. Тиймээс гэрээгээ цуцалж, “Говь” ХХК-тай гэрээ бай­гуулан хорих анги дотор Говь ХХК-тай хамтарсан үйлдвэр ажиллуулж эхэлсэн гэнэ. 

ХОРИГДЛУУДЫН ИХЭНХ НЬ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР ЯЛ СОНЧЭЭ

Тус хорих ангид жирийн дэглэмтэй ял эдэлж байгаа хоригдлууд өнгөрсөн жилийн өдийд шинэ байртай болжээ. Тэд 14 хоногт нэг удаа халуун усанд ордог бөгөөд материалынхаа үнийг төлөөд үсчин, гоо сайхан зэргээр үйлчлүүлэх боломжтой аж. Жирийн дэглэмтэй  ял эдэлж байгаа хоригдлуудын байранд ороход ямар ч тор, сараалж гэх юмгүй орчин угтлаа. Хоёр давхар энэ байрны нэг өрөөнд зургаан хоригдол амьдрах бөгөөд үүдний хаалганаас өөр ямар ч хаалт, хаалга гэж байхгүй аж. Киноноос хардагчлан нэг, хоёрдугаар давхрын өрөөнүүд харалдаа байх аж. Тэд хуваарь ёсоор ажлаа хийхээс гадна хоолоо хийж, орчноо цэвэрлэж, хатгаламал зэргийг урлах аж. Номын сан, соёл хүмүүжлийн болон урлагийн танхимтай юм билээ. Урлагийн танхим нь “Ухаарлын уянга” хамтлагынх нь ажлын талбар гэхэд хилсдэхгүй аж. “Ухаарлын уянга” хамтлаг нь эрэгтэйчүүдийн хорих ангийнхны урилгаар аялан тоглолт хийдэг гэсэн. Одоо шинэ жил болох гэж байгаа учир нэлээд завгүй байгаа аж. Тус ангийн хорих байрыг өргөтгөхөөр газар, шорооны ажил эхэлсэн байснаас харахад жил ирэх бүр эмэгтэйчүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн гэдэг нь илт байсан бөгөөд хорих ангийн дарга ч үүнийг үгүйсгээгүй юм. Тиймээс тус ангийнхан хоригдлуудаа 100 хувь тогтмол ажлын байраар хангахаар зүтгэж байгаа бөгөөд төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний тусламжтайгаар олон асуудлыг шийддэг гэсэн. Нөгөөтэйгүүр, тухайн хоригдол дотоод дүрэм, журам зөрчилгүйгээр нэг улирал тасралтгүй ажлын өндөр бүтээмжтэйгээр ажил хийсэн тохиолдолд 30 хүртэлх хоногийн урамшуулал авч, хорих ялаасаа хасуулах боломж ч байдаг юм байна. Тус ангид “Нэг эмэгтэй 20 эр хүнтэй тэнцэх хэмжээний асуудал гаргадаг” гэсэн үгийг ягштал баримталдаг аж. Учир нь эмэгтэй хүн гэмт хэрэг үйлдэх үедээ эрэгтэйчүүдийг бодвол ухаан сэргэг, юу хийж байгаагаа мэддэг учир дахин хэрэг хийх сэтгэл зүйн бэлтгэлтэй байдаг гэх. Тиймээс тэдний дундаас оргох үйлдэл хийж, хоорондоо мар­гаан үүсгэх тохиолдол цөөнгүй гар­гадаг аж. Зуны болон өвлийн гэсэн сахилгын байртай бөгөөд мар­гаан үүсгэсэн хүнд сахилгын арга хэмжээ авдаг байна. Энд бас хоно­гоор эргэлт хүлээн авах байр байдаг бөгөөд хоригдол энд дээд тал нь 72 цаг болох боломжтой бол энгийн эргэлтийн өрөөнд гурван цаг эргэлт авах эрхтэй аж. Чанга дэглэмтэй ял эдэлж байгаа хоригдлууд сард нэг удаа гэрийнхэнтэйгээ уулзах эрхтэй байдаг бол жирийн дэглэмтэй ял эдэлж байгаа хоригдлууд гэрийнхнийгээ ирсэн тохиолдолд хэзээ ч уулзах боломжтой  юм байна.  

О.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж