Энэ талаар дээрх дөрвөн оюутны нэгтэй уулзсан юм.
-Бидэнд өгөх байсан 250 ам.долларыг одоо болтол өгөөгүй байгаа. Бид энэ талаар сургалтын албанаас асуухад бидэнд олгох ёстой мөнгөний 100 ам.долларыг ирэх жилийн сургалтын төлбөрт суутгана. Миний сургалтын голч дүн 3.0 гарсан учраас сургалтын тэтгэлэгт хамрагдаж байгаа гэсэн мэдээг сонсоод их баярласан. Гэвч бидэнд өгөх ёстой тэтгэлгийн мөнгийг одоо болтол өгөөгүй, тэр тусмаа тал хэсгийг нь ч өгөхгүй гэж байгаад сэтгэл дундуур байна. Энэ талаар сургуулийн сургалтын албанд өргөдөл гаргах гэсэн боловч сургалтын дүнд нөлөөлөх байх гэж бодож байна. Учир нь энэ тэтгэлгийн мөнгө сургалтын албатай холбоотой учраас бид өргөдөл гаргахаас айж байна хэмээсэн юм.
Энэ мэдээллийг үндэслэн тус сургуулийн сургалтын албанаас зарим зүйлийг тодруулах гэсэн боловч бидэнд ямар нэгэн хариулт өгөхгүйгээр зугтаж байлаа. Тус сургуулийн сургалтын менежер н.Буянхишигээс зарим нэг асуултад хариулт авах гэсэн боловч мэдэн будилж, энэ тэтгэлэгт хөтөлбөрийн мөнгийг гардуулан өгөх байсан он, сарыг ч мэдэхгүй байв. Мөн ямар шалтгаанаар энэ мөнгийг гардуулан өгөхгүй байна вэ гэсэн асуултад “Бид энэ Далайн орнуудтай харилцах Монголын нийгэмлэг болон Тайваний Засгийн газрын хамтарсан сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн мөнгийг сургуулийн шинэ жилээр тэтгэлэгт хамрагдсан дөрвөн оюутнууддаа гардуулан өгөх болно” гэсэн хариултыг өгч байлаа. Түүнээс тэтгэлгийн мөнгийг танай сургууль өөртөө авч байгаа юм уу гэсэн асуултад хариулт авах гэсэн боловч ямар нэгэн тайлбар өгсөнгүй. Тэрбээр “Хэн гэдэг ямар оюутан ийм асуудал гаргасан юм” хэмээн нэлээдгүй уурлангуй асууж байсан юм. Харин Тайваний Засгийн газрын тэтгэлэгийн талаар сургуулийн захирал н.Отголжийгоос тодруулах гэсэн боловч тэрбээр ажлын өрөөндөө байсангүй. Мөн түүнтэй холбоо барих гэсэн боловч утсаа салгасан байв. Энэ мэт хүнд суртал гаргасан сургуулийн сургалтын албанаас болж оюутан залуус өөрсдөө ч мэдэхгүй сургалтын тэтгэлгээ бусдад завшуулаад явж байгаа бол. Нэр, сургийг нь ч дуулаагүй хувийн сургуулийн сургалтын албаныхан энэ мэтчилэн хэдэн саяар үнэлэгдэх оюутны тэтгэлгийг хувьдаа авч байгаа бол гэхээс манай улсын хувийн их, дээд сургуулиуд хэр чанар чансаатай нь харагдах биз ээ.
"Улс төрийн тойм" сонин