Долоо хоногийн дотор ҮХ-д өөрчлөлт оруулж амжих уу?

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн дотор ҮХ-д өөрчлөлт оруулж амжих уу?

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нарын гишүүд өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан билээ. Гэхдээ тэд “Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно”, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн дөрөвдүгээр бүлгийн 60 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах” гэх хоёр өөрчлөлт бүхий хуулийн төслийг өргөн мэдүүлсэн аж. Үүний дагуу хоёр намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа эл асуудлыг хэлэлцлээ.


УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин: АМЖИЖ БАТЛАХГҮЙ БОЛ ДАРААГИЙН ПАРЛАМЕНТАД БЭЛЭН МАТЕРИАЛ БОЛНО

-Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийн 60 дугаар зүйлтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулахаар тусгажээ. Харин өөрчлөлт оруулахдаа сумын Засаг даргыг сумын нийт иргэдээс сонгох, багийн Засаг даргыг сумын Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөж Ерөнхий сайд томилдог байхаар тусгажээ. Харин дүүргийн Засаг даргыг нийслэлийн Засаг дарга томилох байдлаар өөрчлөлт оруулсан байна. Мөн “Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” хэмээн хязгаарлаж өгсөн байгаа. Энэ хоёр асуудлыг хэлэлцээд бүлгийн гишүүд “Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг нь зүйтэй. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байх нь бусад хуулийн зарчим, агуулгатай сайн нийцэхгүй байгаа. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн уялдаа холбоог бүдгэрүүлж байна. Мөн парламентын хяналтын зарчмыг сулруулдаг” хэмээн үзсэн. Харин Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт өөрчлөлт оруулах асуудлыг бүлгийн гишүүд зарчмын хувьд зөв гэдэг дээр санал нэгдлээ. Гэхдээ аль зүйл заалтад нь ямар өөрчлөлт оруулахыг нь нягтлах шаардлагатайг онцоллоо. Учир нь ердийн хууль бус Үндсэн хууль болохоор нухацтай хандах хэрэгтэйг гишүүд хэллээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн саналыг авах хэрэгтэй. Мөн Үндсэн хуулийн Цэц санал өгөх тухай ч бүлгийн хурлаар ярилцсан. Бас орон нутгийн удирдлагуудын саналыг нягталж, анализ хийх ёстой. Хэрэв хуулийн хугацаанд амжиж батлахгүй бол дараагийн парламентад бэлэн материал болж үлдэнэ гэсэн үг. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлах болно.        

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг: МАНАЙ НАМЫН БҮЛЭГ “ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ” ГЭЖ ҮЗЛЭЭ

-Үндсэн хуульд “Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн заалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулж байгаа. Үүнийг манай намын бүлэг хэлэлцээд байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн уг хуулийн 60.2, 60.3 хэсэгт оруулсан өөрчлөлтийн талаар хэлэлцсэн байгаа. Ингэж өөрчлөлт оруулахдаа орон нутгийн сонгуулиар сум, багийн түвшинд хэтэрхий их улстөржиж, нам болон талцдаг учир сумын Засаг даргыг иргэд нь өөрсдөө сонгох байдлаар тусгасан байгаа юм. Ардчилсан намын бүлэг үүнийг дэмжлээ. Бүлгийн гишүүдийн зүгээс “Иргэд өөрийнхөө нэрийг хорооныхоо Засаг даргад дэвшүүлэн сонгогдож болдог байдлаар уг хуулийн өөрчлөлтөд нэмж оруулах хэрэгтэй” гэж үзлээ. Тиймээс манай намын бүлэг энэ чиглэлийн зохицуулалтыг оруулахаар санал нэгдсэн юм.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах эцсийн хугацаа энэ сарын 27-нд дуусна. Хэрэв баталж амжихгүй бол дараагийн парламент руу шилжихээс өөр аргагүй болох юм. Ийн хугацаа бага байгааг мэдэж буй учир хуулийн төслийг өргөн барьсан гишүүд хоёр заалтад өөрчлөлт оруулахаар шийджээ. Нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хэдэн сарын турш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажилласан. Тэд “эцэг” хуулийг дордуулсан гэх долоон заалтад өөрчлөлт оруулахаар хамгийн эхэнд ярьсан. Үүнээс нэг заалтад нь өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Харин бусад нь болох 24.1-д “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэсэн заалт бий. Хуулийн төсөл санаачлагчид дээрх заалтыг “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн нууцаар сонгоно. УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” хэмээн өөрчлөхөөр тусгасан. Харин энэхүү заалтыг түр хойш нь тавьсан бололтой. Ямартай ч парламентад суудалтай, суудалгүй нам, эрдэмтэн, судлаачид, орон нутгийн удирдлагууд гээд олон хүний саналыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж буй. Хэдий сайн судалгаа хийн оруулж ирсэн гэж байгаа ч долоохон хоногийн дотор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг юу л бол.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж