“Хар дэвтэр”-ийн хар гай хэзээ намжих вэ. 2008 оны долоодугаар сарын 1-ний аймшигт хар өдрийн талаар сүүлийн үед УИХ-ын гишүүдээс эхлээд цагдаагийн ар гэрийнхэн ам нээх болсон. Өчигдөр л гэхэд цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл, холбооны гишүүн Л.Батмөнх нар Х.Тэмүүжин гишүүний дэлгэсэн “Хар дэвтэр”-ийн эсрэг мэдээлэл хийлээ. Тэд “Сүүлийн үед Х.Тэмүүжин гишүүн ор үндэсгүй зүйл ярих боллоо. Үүнд нь манай холбоо болон Монголын цагдаа нарын сэтгэл ихэд эмзэглэж байна. Тэр дурьдаад байгаа цагдаагийн “Хар дэвтэр” гэдэг нь байгаа ч юм уу, бүү мэд. Үүнийг бид залруулах гэсэн юм. Уг тэмдэглэл бичсэн цагдаа өөрөө үймээний тараалтад оролцсон байж таарна. Цагдаа нарыг хүн буудсан гээд байгаа. Тэд чинь сүүлийн гурван жил огт буу бариагүй улсууд. Бүр зарим нь цэрэгт явж үзээгүй, АК буу цээжиндээ тэврээгүй хүмүүс. Бас хаанаасаа ч юм гаргаад ирсэн байлдааны сумны хонгио үзүүлж байна лээ. Бидний ойлгосноор тухайн тэмдэглэл бичсэн гээд байгаа цагдаа үүнийг өгсөн гэсэн. Хонгиог хэн ч, хэзээ ч гаргаж болно шүү дээ. Тэр цагдаа өөрөө ч буудсан байж болно. Дараа нь нүх ухаж бууны цохилуурыг өөрчилсөн талаар тэмдэглэлд дурьдсан байна лээ. Үүнд маш их логикийн алдаа байна. Учир нь наймдугаар сарын 21-нд бид цагдаа нарыг оролцуулсан цуглаан хийсэн. Хэрэг аль хэдийн долоодугаар сарын 2-нд болсон байхад бидний цуглааны маргааш нүх ухсан байх нь. Тэр нүх ухахад оролцсон цагдаа нарын зарим нь тэнд байх ямар ч боломжгүй юм. Тухайлбал, н.Төмөрбаатар, н.Батдорж хоёр тэр үед Ганц худагт хоригдож байсан. Бас нэг цагдаагийн хөл нь хугарсан байсан. Мөн гурван цагдаа нөхцөл байдлын хувьд тэнд байх ямар ч үндэслэлгүй болж таараад байгаа. Х.Тэмүүжин гишүүн өөрөө хуульч хүн байж ийм болчимгүй зүйл ярьж байгаа нь үнэхээр харамсалтай юм. Одоо дахиад хувьсгал хийнэ гээд хэдэн дулдуйтай нөхөр гарч ирлээ. Эдний хар гайгаар цагдаа нар дахиад хэрэгтэн болох уу” хэмээн ярьсан.
Эцэст нь Х.Тэмүүжин гишүүний дэлгэсэн “Хар дэвтэр”, Ж.Алтангэрэлийн “Манай цагдаа буудаагүй” гэж байгаа аман нотолгооны аль аль нь асуудалтай болж таарах нь. Уг дэвтэрийг яагаад гэнэтхэн сонгууль дөхөж буй ийм үед дэлгэв гэдэг нь зарим эх сурвалжийн хэлж буйгаар пиар гэлтэй. Долоодугаар сарын 1-ний үймээнд холбогдолтой цагдаа нар хүн буудсан гэх хавтаст хэрэг анхандаа 25 байсан. Цагдаагийнхныг хүн буудсан гэдгийг хэргийн мөрдлөгөөр бараг нотлоод байв. Харин хэргийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон. Улмаар Улсын Ерөнхий прокурорын даалгавраар эргэж шалгаснаас хойш хавтаст хэргийн тоо 28 болон өсчээ. Энэхүү дахин шалгалтын явцад хавтаст хэрэгт “Хар дэвтэр”, Н.Энхбаяр, С.Баяр нарын тайлбар орсон аж. Гэтэл бүтэн нэг жил зургаан сар болоод байхад “Хар дэвтэр” доторх зүйлс төдийлөн баримт болж чадсангүй. Арга ядсандаа Х.Тэмүүжин гишүүн энэ сарын 13-нд Төрийн ордонд хэвлэлийн хурал хийсэн нь одоо үүсээд байгаа шуугианы эхлэл болов. Бид өмнөх дугаартаа хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нарын нэрсийг дурьдсан билээ. Өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр Х.Тэмүүжин гишүүнд Цагдаагийн ар гэрийн холбооноос хариу мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Мэдэгдлийнхээ төгсгөлд хүн буудсан хэрэгт холбогдоод байгаа бүх цагдаа гарын үсгээ зурсан байх юм. Гэхдээ сонирхолтой нь хурлын дараа Ж.Алтангэрэлтэй биечлэн уулзаж зарим зүйлийг тодруулахад “Би гарын үсэг зурсан хүмүүстэй бүгдтэй нь холбогдоогүй. Ш.Мягмаржав гарын үсгүүдийг зуруулж ирсэн. Тэд нарын хэн нь ч надтай холбогдоогүй” гэсэн ээдрээтэй хариулт өгсөн. Энд нэр гарч буй дэд хурандаа Ш.Мягмаржав одоогоор ажлаасаа гарсан аж.
Л.Баатархүү"Улс төрийн тойм" сонин