Хязгааргүй эрх мэдлийн эхлэл ба үргэлжлэл

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Хязгааргүй эрх мэдлийн эхлэл ба үргэлжлэл

Бүгд наймардах Ардчилсан Со­лонгос ард улсын удирдагч Ким Чен Ир таалал төгслөө. Тэрбээр БНАСАУ-ын тэргүүн, Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын ардын армийн дээд ерөнхий командлагч, Төрийн батлан хамгаалах хорооны дарга байсан юм. Түүний насан өөд бол­сон гэх мэдээлэл баталгаатай эсэх нь одоо ч эргэлзээтэй хэвээр бай­на. Учир нь БНАСАУ-ын Хө­дөлмөрийн намынхан албан ёсны мэ­дэгдэл хараахан хийгээгүй байгаа нь улам хачирхал төрүүлж буй. Гэвч түүнийг нас барсан талаар мэдээ, мэ­дээллүүд дэлхий дахинаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаар байна. Түүнийг өн­гөрсөн бямба гарагийн  шөнө бие махбодийн болон сэтгэлзүйн хувьд ачааллаа дийлэхгүй улмаас нас барсан талаар Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг мэдээлсэн билээ. Харин Хойд Солонгосын нийслэл Пхеньянд хүмүүс хаа сайгүй уйлалдаж, гашуудлын байдалтай байгаа талаар CNN агентлаг мэдээллэв. 

Зөвлөлт холбоот улсын судлаачид Ким Чен Ирийг 1941 оны хоёрдугаар сарын 16-нд ОХУ-ын Хабаровскийн ойролцоо “Вяцское” хэмээх тосгонд төрсөн хэмээн тэмдэглэсэн байдаг. Харин нутаг нэгтнүүд нь түүнийг 1942 оны мөн өдөр төрсөн хэмээдэг. Түүний эцэг Ким Ир Сен тухайн үед ЗХУ-ын армийн 88 дугаар цэргийн ангид алба хаадаг байсан аж. Ким Чен Ир агсныг төрөх үед ойролцоох Пэкстусан уулын оргилд  давхар солонго үүсч, тэнгэрт шинэ од үүссэн гэлцдэг. Түүнийг гурван настай байхад нь Дэлхийн хоёрдугаар дайн дуусч байжээ. Дайн дууссаны дараа Солонгос улс Япон улсаас тусгаар тогтнолоо салган авч дэлхий дахинаа Бүгд най­рамдах Солонгос улс хэмээн зарласан. Яг энэ үед Ким Чен Ирийн гэр бүл Пхеньян руу нүүсэн гэдэг. Түүний амьдралын хар бараан дурсамж 1949 онд ээжийнх үхлээр эхэлжээ. Түүний ээжийн үхэл “Төрөлтийн үед нас барсан” гэсэн оноштой байдаг  боловч зарим хүмүүс буудуулж, улмаар маш их цус алдаж үхсэн хэмээдэг билээ.

Удирдагч болох анхны алхмаа 1950-1960 онд Солонгост Ерөнхий боловсролын сургуулиа онц дүнтэй дүүргэснээр эхлүүлсэн байдаг. Улмаар улс төр, удирдах ухаанд суралцаж, хүүхдийн хол­бооны идэвхтэй нэгэн байсан аж. Ким Чен Ир уран зохиол, марксизмд ихэд шамдан суралцдаг байсан талаар хожим түүний багш дурссан удаатай. Тэрбээр 1970 онд Малтагийн их сургуулийг амжилттай дүүргэсэн бөгөөд одоогийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун уг сургуулийг төгссөн аж. Харин 1974 онд эцэг Ким нь түүнийг өөрийнхөө залгамжлагчаар анх тун­хагласнаас хойш нэрийнх нь өмнө “Хайрт удирдагч” гэдэг тодотгол нэмж оруулсан байдаг.       

Дэлхийн улс төрийн хүрээнийхэн Ким Чен Ирийг “Хязгааргүй эрх мэдэл өөртөө бий болгосон. Тиймээс тэрбээр яахын аргагүй урьдаас тооц­сон дарангуйлагч” хэмээн үздэг. Ким 1991 оны арванхоёрдугаар сарын 24-нд Ардын армийн ерөнхий командлагч болсноор улс орноо удирдан залах хүндтэй үүрэг хүлээсэн юм. Олон жилийн турш БНАСАУ-ын ерөнхийлөгч, Хөдөлмөрийн намын дарга асан Ким Ир Сен 1994 оны долоодугаар сард хорвоогоос халихад хүү Чен Ир эцгийн гэрээс ёсоор орыг нь залгаж улсын мэдлийг гартаа авсан түүхтэй. Гэхдээ ерөнхийлөгч гэдэг үгийг хэзээ ч хэрэглээгүй, хэн ч энэ албан тушаалд дахин очоогүй. Долоодугаар сардаа багтаж тэрбээр Үндэсний батлан хамгаалах ко­миссын даргаар томилогдсон. Тэр ч бүү хэл 1997 оны аравдугаар сарын 8-ны өдөр Ким Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон юм.

1990-ээд онд зарим оронд явагдсан улс төрийн задрал, шинэч­лэлээс болж БНАСАУ олон оронтой дипломат харилцаагаа та­салсан ч эцгийн бодлогыг үр­­гэлжлүүлэгчийн хувьд тэрбээр юу­ны өмнө БНХАУ, ОХУ-тай тог­тоосон найрамдалт ха­рил­цаагаа үргэлжлүүлэхийг хичээж байв. Ер нь дээрх хоёр орноос өөр улсад төрийн айлчлал хийж байгаагүй болов уу. Кимд холбоотон гээд байх улс байдаггүй нь зэвсэглэлээр, тэр дундаа цөмийн зэвсгээр хөө­цөлдөх хэнээтэй болоход нь дэм өгсөн байж ч мэдэх талтай. Тэрбээр цэргийнхнийг бүхнээс дээгүүрт тавь­даг “Сонгунын бод­лого” гэгчийг гаргаж ирсэн билээ. Түүний хамгийн ойрын хүрээнийхэн бүгд цэргийн хүмүүс байдаг. Иймээс хүн амынх нь тоотой харьцуулбал цэргийн хамгийн нүсэр бүтэцтэй, цэрэгжсэн орон гэвэл Умард Солонгос яах аргагүй мөн.

Эхээс төрөхийн л “суут”, “бус­даас онцгой байсан” гэх түүний хиймэл намтар дотор бүр илэрхий хэтрүүлээгүй л бол чухам юу нь үнэн, юу нь зохиомол болохыг ялгахад бэрх. Ким Чен Ир эцэг шигээ онгоцоор нисэхээс учиргүй айдаг тул өөртөө зориулсан тусгай хуягт галт тэрэгний бүхэл бүтэн цуваа бэлдүүлж чадсан нэгэн. Олон жил тахин шүтэгдэж, хангалуун амьдралд умбасан тэрбээр тансаг хооллох дуртай байсан аж. Хуягласан галт тэргэндээ өдөр бүр далайн шинэхэн хавч тусгай онгоцоор авчруулдаг байсан гэх. Нэг удаа Кимтэй цуг хамт аялсан Оросын дипломатч  залуу галт тэрэгнийх нь люкс тоноглолыг гайхан шагширч “Хамгийн гоо үзэсгэлэнт охид бүсгүйчүүдийн дунд байнга оргилуун дарс ууж явсан”  хэмээн өөрийн тэмдэглэлдээ үлдээсэн байдаг.

Түүний хоч нь инээдтэй ч өөрт нь тохирсон юм шиг. Шөнө ажиллаж, өдөр нь унтаж байдаг тул түүнийг “Шар шувуу” хэмээн хочилдог юм. Ким дөрвөн удаа гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болсон. Харин гэр бүлээс гадуур дор хаяж есөн хүүхэдтэй гэлцдэг. Анхны эхнэртэй нь эцэг Ким Ир Сен хүчээр суулгасан ч тэр үедээ хожмын хоёр дахь эхнэртэйгээ нууцаар хамт амьдарч байсан гэдэг. Хамгийн сүүлд өөрийнх нь нарийн бичгийн даргаар олон жил ажилласан бүсгүйтэй гэр бүл болсон байдаг.

Японы профессор Тошимицу Шигемура “Ким Чен Ир 2003 онд нас барсан. Одоогийн энэ Ким бол түүний орлон тоглогч. Ким дөрвөн орлон тоглогчтой байсан бөгөөд нэгнийх нь нүүрэнд мэс засал хийж даргатай илүү төстэй болгосон” хэмээн хожим дурссан удаатай.

Хэрэв тэр үнэхээр насан өөд болсон бол түүний үйл хэргийг нь  бага хүү Ким Чен Ун үргэлжлүүлэх нь ойлгомжтой болоод байна. Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын дээд удирдлагын дотор сүүлийн 44 жилийн дотор хөдөлгөөн  ажиглагдаад эхэлсэн нь ноцтой, өвчтэй “Агуу удирдагч” өөрийн эцэг Ким Ир Сены байгуулсан “Даяанч” вант улсын титэм хүүд нь шууд очих нь тодорхой болсон талаар BBC, СNN агентлагууд тус тус уламжилсан. 

 Зарим улс төр судлаачид “Удмын дотор төрийн эрхийг дамжуулах бас нэгэн шалтгаан бол Ким Ир Сений бүтээсэн коммунизм ба эдийн засгийн хэт тусгаарлалт хосолсон, күнзийн үнэт зүйлсээс арвижуулсан  үндэсний Чучхе гэсэн үзэл суртал” хэмээн тайлбарладаг аж. Өмнөд Со­лонгосын “Чосон Ильбо” сонины эх сурвалжуудын баталж буйгаар энэ сарын эхнээс Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Ун төрийн аппаратын хяналтаа нэмэгдүүлэхийн тулд  арми ба намдаа цэвэрлэгээ хийж эхэлжээ. Саяхан армийн генерал цол авч Хөдөлмөрийн намын чухал суудалд суусан 27 настай Ким Чен Унд засаг шилжүүлэх үйл ажиллагаа эхлээд буй гэнэ.

Сарын эхнээс хэсэг албан ту­шаалтнуудад авлигын хэргээр эрүү үүсгэн хамгийн түрүүнд тус улсын зүүн хойд хэсгийн Хамген-Пукто мужийн Мусон хотын албан тушаалтнууд цэвэрлэгээнд өртлөө” хэмээн Хойд Солонгосоос дүрвэгсдийн “North Korea Intellectual Solidarity” бүлгийнхэн баталжээ. “Өндөр тушаалын 15 албан хаагчдад тэдний зүгээс хулгайн наймаа ба улс орноос оргосон хүмүүст хяналт тавиагүй гэж мөрдөн байцаалт явуулж эхэлсэн” хэмээн энэхүү бүлгийн төлөөлөгчид мэдэгджээ. Ким Чен Ун өөрөө мөрдөн байцаагчдыг “Яаравчлах хэрэгтэй” хэмээн шахсан аж. Магадгүй энэ нь түүний эцгийн бие тааруу байсантай холбоотой байж мэдэх юм.


Хязгааргүй эрх мэдлийн ноёр­хол бий бол­госон Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн үлдээсэн хамгийн том өв одоо ч дэлхий ертөнцийг бүхэлд нь сүүдэрт автуулж байгаа талаар эх сурвалжууд өгүүлсээр байна. Өнгөрсөн жил тус улсад хатуу ширүүн өвөл болсноос ард иргэд нь ургацаа эрт хурааж чадаагүй аж. Мөн малын шүлхий өвчин гарч, нөхцөл байдал одоо ч хүнд хэвээр байгаа. Тиймээс Хойд Солонгосын албаны хүмүүс НҮБ-аас хүнсний тусламж авах хүсэлтээ ирүүлсэн аж. Өнгөрсөн хавраас Ким Чен Ир асан цөмийн зэвсгийн асуудлаар зургаан талт хэлэлцээрийн ширээг орхисны дараа Хойд Солонгост элдэв хориг арга хэмжээ авах нь ихэссэн. Үүний хүрээнд НҮБ-аас ирэх тусламжийг өнгөрсөн хавар бүрэн зогсоосон. Солонгосын хойг дахь өөрсдийн нөөц газартай болж, хойд хилээ тайван амар байлгах гэсэн зорилгоор Хойд Солонгосыг дэмжсэн бодлого явуулдаг Хятад байгаагүй бол өнөөдөр энэ улс оршин тогтноход хэцүү гэдгийг ажиглагчид но­толдог. Тиймдээ ч энэ зун Ким Чен Ир өөрийн төмөр галт тэргээр БНХАУ-ыг зорьж, хоол хүнсний тусламж гуйсан удаатай. Ямартай ч Хойд Солонгосын дипломатчид гадаад улс оронтой албан ёсны уулзалт хийхдээ хүнсний тусламж үзүүлэхийг гуйсан талаар Өмнөд Солонгосын албаныхан мэдээлсэн. Хариуд нь мэдээж цөмийн зэвсгийн хориг тавих асуудал хөндөгдсөн юм. Ард түмнээ өлсгөлөнд орхиод хорвоог орхисон Ким Чен Ир асанд ард түмэн нь нэхэл хатуутай гашуудаж буйг CNN уламжлав.

Шуурхай мэдээллээр өрнөдийнхний зэвсэгт хүчин байлдааны нэг­дүгээр зэргийн бэлэн байдал зар­лажээ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийг нас барсны дараа умардаас халдлага ирж болзошгүй хэмээн болгоомжлон ийн урьдчилан сэр­гийлэх арга хэмжээ авсан байна. Зэвсэгт хүчний нэгдсэн удирдлагын штабын эх сурвалжид тулгуурлан “Yonhap” агентлаг энэ талаар мэдээлжээ.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж