Бизнесийн салбарт Б.Наранхүү ийнхүү бүдэрч, зүдэрч яваа ч улс төрийн салбарт урагштай байж мэдэхээр байгаа аж. Учир нь түүний олон жилийн түнш М.Энхболд хотын фракцийнхаа гол хандивлагчдын нэгийг ирэх сонгуулиар “татаж гаргах”-аар зэхэж буй сурагтай. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол мөн л М.Энхболдод “уруу татагдаж” Ардын намд саяхан элссэн Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү Дундговьд нэр дэвшихгүй гэсэн үг. Ер нь Ж.Наранцацралт агснаас хойш дундговьчуудын итгэлийг хүлээн төр түшилцэх кандидатууд тун сулхан болоод байгааг нуух юун. УИХ-ын гишүүн Х.Наранхүү л гэхэд төрд ажилласан туршлага, шударга, төлөв түвшин имижээрээ итгэл хүлээж байсан ч хэдэн жилийн өмнөх “Эрдэнэт”-ийн захирал байсан үеийнх нь хэргээр АТГ-т шалгаж, нэр төр нь сэвтчихээд байгаа.
Түрүүч нь I нүүрт
Сүүлийн үед Дундговь аймаг байгуулагдсаны ойгоор сумдын ИТХ-ын дарга нарт мөнгө тарааж, нутгийнхаа уядаг, уралддаг, барилддаг бүхнийг их хэмжээний мөнгөөр урамшуулсан лусын хаан шиг баян кандидатаараа дундговьчууд бахархаж, ихэд хадгалж харамладаг Нутгийн зөвлөлийн даргын албаа ч өгчихөөд буй. Харин “Анод”-ыг дампуурахад хүргэсэн томоохон зээлдэгч, өр төлбөрөө бүрэн барагдуулаагүй гэсэн гуншингуудаасаа салаагүй байхад нь түүнд итгэл хүлээлгэх нь арай л гоомой хэрэг болно.
Б.Наранхүүгийн хувьд “Морь уядаг” гэхээс өөр онцгой эрдэмгүй ч сүүлийн үед хүчээ авч буй далд бизнесмэнүүдийн нэг яах аргагүй мөн. Амжилтад хүрсэн гол арга нь сонгуулийн үеэр нэр бүхий улстөрчдийг дэмжих. “Анод”-ыг дампууруулахад хүргэсэн томоохон зээлдэгч мөн гэдэг нь тогтоогдсон ч олон нийт байтугай ойр дотнынхон нь түүнээс байцаагдаж барайж яваа дүр төрхийг огтхон ч олж харсангүй. Энэ мөнөөх л бизнес, улс төр, морь гурвыг хослуулж чаддаг нууц увидастай нь холбоотой байж мэднэ.
“Алтжин” компанийн Г.Алтан хатагтайтай сүжирснийхээ хүчинд “Мон-Уран” нэрийг монголчуудын чихэнд хүргэж чадсанаас тэгтлээ хөрөнгөжүүлж чадаагүй тэрбээр эдүгээ өрийн сүлжээнд торлогдон, алдарт “Дүнжингарав” худалдааны төвөө ч хураалгахад хүрсэн билээ. Гэвч Монголд байхгүй худалдааны төв, хуучныхаар бол хүнс, барааны захаар “цөм хийх” зорилго өвөрлөсөн Б.Наранхүүд түшиг тулах “том ах” нар амархан олдоод байдаг. Наанадаж хурдан хүлгийнхээ охь дээжээр уургалдаг түүний сезон наадмын өмнөх сараас дараагийн сар хүртэл үргэлжилдэг. “Хос шарга” хүлгээ өндөр үнээр цохиж авахад нь “Нүүрэндээ үстэй, дөрвөн хөлтэй адгуус”-нд ийм хөрөнгө зардаг яасан тэнэг хүн бэ гэж шогшрох хүн олон таарсан гэдэг. Тэр ч байтугай УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй барьцах мэт хурдан хүлэгтээ зориулан дуу зохиолгож, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхланд асар өндөр үнэ төлж дуулуулсныг нь яана.
Дашрамд дуулгахад “Анод”-ын цэвэр хадгаламж эзэмшигчид өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээс эхлэн “Хадгаламж” банкаар үйлчлүүлэхээр болсон. Ингэснээр “Анод”-ын эрх хүлээн авагч “Хадгаламж” банкныхантай тохиролцон актив, пассиваа шилжүүлэхээр гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу 10 гаруй мянган хадгаламж эзэмшигчийн нийт 2.7 тэрбум төгрөгийн хадгаламжийг “Хадгаламж”-ийнхан хүлээн авсан. Тухайн үед “Анод” банкны зүгээс “Тус банкинд цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа хадгаламж эзэмшигчдийн хадгаламжаас өөр хадгаламж үлдээгүй” хэмээн мэдэгдсэн. Харин “Анод”-ын хадгаламж эзэмшигчдийн мөнгийг яагаад заавал “Хадгаламж” банкинд шилжүүлсэн учрыг “Монголбанкнаас арилжааны банкуудад санал тавихад “Хадгаламж” банк хамгийн сайн санал ирүүлсэн” хэмээн тайлбарлаж байсан юм. Мөн сүүлийн үед Б.Наранхүүгийн эртний “холбоотон” Г.Алтан “Хадгаламж” банктай холбоотой эсэх талаар элдэв мэдээлэл дуулдах болсон. Энэ талаар эх сурвалжаас лавлахад “Г.Алтан нь Олон овоотын ордын нийт хувьцааны 50 хувийг эзэмшиж байгаа. Гэхдээ энэ нь “Хадгаламж” банкны асуудалд огт хамааралгүй” хэмээсэн юм. Ямартай ч Г.Алтан хатагтай Б.Наранхүүг гэмт хэргээс мултрахад ч, улс төрийн карьераа ахиулахад нь ч нөмөр нөөлөг үзүүлэх нь дамжиггүй.
Харин “Анод”-ын хэрэгт холбогдон шалгагдаж буй төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд хэрхэх нь тодорхойгүй. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийн хувьд “Анод банк дампуурсныг мэдсээр байж “Анод” ХК-аас хувьцаа арилжих зөвшөөрөл олгох ажлын хэсэгт голлон ажиллаж байсан. Үүнээс болж 1235 хүн “Анод банк” ХК-ийн хувьцааг худалдан авснаар 9.8 тэрбум төгрөгийн хохирол амссан хэмээн буруутгаддаг. Тэрбээр гэнэтхэн л “Улс төрийн дарамт шахалтад орсон” хэмээн ажлаас чөлөөлөгдөхийг гуйсан нь бүр ч “но”-той. Мөн Сангийн яамны хуулийн хэлтсийн дарга Д.Ганбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байсан.
Одоогоос бараг хоёр жилийн өмнө буюу 2009 оны нэгдүгээр сарын эхээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан огцрох өргөдлөө өглөө гэсэн сураг чих дэлсч байв. УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллан, тус хороонд шалгалт хийсэн. Дээр нь үйл ажиллагаа нь доголдсон “Анод” банк хувьцааг гаргасан алдааг мөн л түүнд тохож, хариуцлагын асуудал ярих мөчид ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг нь “бултах арга” гэж үзэхээс өөр аргагүй.
Тухайн үед УИХ Монголбанкны ерөнхийлөгчөө ч сонгож чадаагүй байсан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны даргын суудал суларсан нь нэг талаар гэнэтийн эрсдэл, нөгөө талаар томилгооны баяр хөөр дагуулж байв. Ингээд МАН-аас Монголбанкны ерөнхийлөгчийг томилж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг АН-аас томилох тохироо явж байснаа гэнэт чимээгүй болсон юм. Энэ нь “Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өргөдлөө буцааж авсан, эсвэл ерөөсөө өргөдөл өгөөгүй байх.Тийм биш бол Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг зэрэг шахам томилохыг буруу гэсэн улс төрийн дүгнэлт гарсан байж болох юм” гэсэн эргэлзээг олон нийтэд үлдээгээд сураг алдарсан. Хэрэв Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Анод”-ын хэрэгт яллагдагчаар татагдсан хэвээр байвал уг хорооны даргын суудлыг хуулийн “асуудал”-гүй, нэр цэвэр хүнд хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй. Энэ мөчид Санхүүгийн зохицуулах хорооны дарга дахин өргөдлөө өгөх болов уу яах бол.
Хамгийн сонирхолтой нь “Анод” банкны байдал “нэг л биш” байгааг 2008 оны сүүлчээр мэдээлж байсан ч холбогдох байгууллагууд эрс няцаасаар байв. Гэвч олон нийтийн сэтгэлзүйд ч, бодит байдал дээр ч “Анод” хэдийнэ “үхсэн” байв. Харин өнгөрсөн долоодугаар сард Монголбанкны мэргэжилтэн, “Анод” банкны эрх хүлээн авагч С.Энхбат энэ талаар мэдээлэл хийсэн нь арга ядсан хэрэг юм. “Сэхээ”-нд байхдаа 180 тэрбум төгрөгийн зээлтэй байсан “Анод” банкинд Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч очиж ажилласнаар 70 гаруй тэрбум төгрөг нь эргэн төлөгджээ. Гэвч нийт зээлийн тал хувийг чанаргүй зээл эзэлж байна. “Анод”-ыг дампууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн этгээдүүд “Томоохон зээлдэгч цол”-оос өөр шийтгэл хүлээсэнгүй. Ингээд “Анод”-ыг татан буулгах шийдвэр гаргасан ч хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийг олгох үйл ажиллагаа нь хэвээрээ үргэлжлэх ажээ. Стандарт бус дампуурал л гэж үүнийг хэлэх биз ээ. “Анод”-ын талаар үгээ чанга хэлж, хуулиа чанд мөрдөж болдоггүй томоохон шалтгаан нь алдарт 40 том зээлдэгчид л байгаа болов уу. Хуулийн байгууллага энэ хэргийн талаар одоо болтол тоймтой мэдээлэл өгөхгүй хав дарсаар байгаа нь сонгуулийн үеэр хэрэглэх “зэвсэг” биш байгаасай.
"Улс төрийн тойм" сонин