Ардчилсан намын дарга нарын адгуу шийдвэр, Ардын намынхны алсын хараатай тактик Сонгуулийн тухай шинэ хуулийн 41.1 дэх заалтаар дамжуулан сөрөг цэнэгийг ийн үүсгэв.
Ардчилсан намын гишүүд 50 сая төгрөгийн хандивтай холбоотой гомдол, заргаа ил, далд үүсгэж эхэлсэн бол Ардын намд нэр дэвшигчдийн мандатын хуваарилалт том хагарал үүсгэж мэдэх нь. Тэр тусмаа Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийг тус бүр нэг мандаттай болгохоор болсон нь эдгээр аймгийн төлөөлөл болсон эрхэм гишүүд болон намын удирдлагуудын хооронд реакци үүсгэж орхилоо. Байдал ингэж хурцдахаас ч өөр аргагүй. Яагаад гээч. Яагаад гэвэл, Ардын нам МАХН байхдаа дээрх аймгуудад ямагт ялалт байгуулж байсан. Өнгөрсөн сонгуулиар ганцхан суудалтай болсныг эс тооцвол Дорноговь ч “Час улаан тойрог”. Өмнөговь ч нэг их ялгаагүй. Арга ядахад нэг суудалтай л хоцордог. Ардын намынхан Сонгуулийн тухай хуулийг өөрсдийн тоглоомын дүрмээр шинэчлэхдээ энэ бүхнийг тооцоолоогүй гэж үү. Итгэхэд бэрх л юм. Харин эрхэм гишүүд үүнд ингэж хариулав. “Сүхбаатар аймаг нэг мандаттай боллоо. Тиймээс Ч.Улаан, Р.Буд хоёр “Чи нэр дэвших үү, би болих уу” гэдэг дээр хоорондоо наймаалцах шаардлагатай болно. Хэрэв тохиролцож чадахгүй бол хэн нэг нь намуудын нэрсийн жагсаалтаар нэр дэвших 28 эрхмийн тоонд орно гэсэн үг. Гэвч ингэлээ гээд ялалт байгуулж чадахгүй бол яах вэ. Ийм тохиолдолд 2016 оны сонгуульд нэр дэвших боловсон хүчний нөөцөд үлдэхээс өөр аргагүй” гэж. Сонин байгаа биз. Сүхбаатар аймагт намынхаа тугийг ямагт мандуулдаг Ч.Улаан, Р.Буд нарын хувьд насыг нь ч, улс төрийн карьерыг нь ч бодсон УИХ-ын 2012 оны сонгууль эцсийн тулаан нь байж мэднэ. Хэрэв Ардын намын Удирдах зөвлөл энэ хоёр эрхмийн хэн нэгэнд ирэх сонгуульд нэр дэвших “тасалбар” өглөө гэхэд нөгөөд нь “Баяртай” гэж хэлж байгаагаас өөрцгүй болох нь. Нэг мандаттай болох нь ойлгомжтой болсон бусад аймгийн хувьд ч мөн ялгаагүй. Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Ц.Цэнгэл нар хэн нь хэнийгээ гэх вэ. Тэдний тойргийг “онилчихоод” байгаа Ё.Отгонбаяр сайд бас яах вэ. Говь-Алтайн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж хоёр чононд биш, нэг нэгэндээ хавх тавих гэж үү. Энэ мэт халуухан үйл явдлууд Ардын намд ч, бусад намд ч өрнөх нь гарцаагүй боллоо. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан, бас үүнийг гацаанаас гаргах гэж зөвшилцсөн эрхмүүд намд ч, найзуудын дунд ч хагарал үүсгэх эрсдэлтэй заалтыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ дагуу ёсоор болгосон байх юм.
“Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”… Эрхэм гишүүд ингэж хэлэх хориотой. УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр Монголын улс төрийн хоёр том намынхан хувь, хишгийг гол “хөзөр”-өө болгож байсан бол 2012 онд ийм сэдвээр ярих нь хууль зөрчсөн явдал болно. Бүр “Бид хувь, хишиг өгөх тухай амлалтаа биелүүлсэн шүү” гэж хэлж ч болохгүй болох нь. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 36.3-т “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсвэл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсвэл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглоно” гэжээ. Тиймээс өмнөх сонгуулийн үеэр “Япон, Өмнөд Солонгост ажиллах хүчнээр явуулна” гэж амласан ч амлалтаа биелүүлээгүй нөхөд 2012 сонгогчдоо дахин хуурна гэдэг ёстой санасны гарз болж байх шиг байна. Тэр ч байтугай Сонгуулийн тухай хууль жил бүрийн Цагаан сараар нийтийн дуучдын дүрд хувирч, найр наадам, элдэв хүлээн авалт хэсдэг эрхэм гишүүдэд хориг тавилаа. Гэвч энэ бол эрхэм гишүүдийн баталсан хуулийн зөвхөн нэг тал нь. Харин зоосны нөгөө тал хэр олон цоорхойтой бол. Монголчууд ноорхойг нь биш, цоорхойг нь илүү хараад сурчихсан хүмүүс шүү дээ. Тэгээд ч УИХ-аас баталсан хууль нэг өөр, намын шийдвэр бас өөр, намын даргын үзэмж бүр ч өөр. Юмыг яаж мэдэх вэ. УИХ-аас баталсан хуулийг улс төрийн шийдвэрээр “засах” ч юм билүү. Ийм туршлага улстөрчдөд бий. Тэр тусмаа эрх баригч хүчнийхэнд!
"Улс төрийн тойм" сонин