С.ЭРДЭНЭ: МАНАЙ НАМД НЭГ ФРАКЦИЙН АСУУДАЛ ХЭТ ӨНДӨРТ ТАВИГДДАГ БОЛСОН
УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан. “Холимог тогтолцоогоор сонгууль явуулна. Шилжилт хийнэ” гэж байна. Та хэр сайн хууль болсон гэж үзэж байна вэ?
-Сонгуулийн тухай хуулийг тогтолцооны хувьд “Сайн, муу” гэж хэлмээргүй байна.
-Тэгвэл хариуцлага тооцох, сонгуулийн будилаангүй явуулах тал дээр анхаарсан гэж үзэж байна уу?
-Тийм. Надад тогтолцоо тийм ч ач холбогдолтой биш. Сонгуулийг 48:28-аар явуулна уу, 50:26-аар явуулна уу, хамаагүй. Авууштай тал нь сонгууль явуулах процессийн асуудалд сайтар анхаарсан гэдэг л байна. Үүгээрээ онцлогтой. Ялангуяа сонгуулийн үеэр явагддаг жижиг, сажиг алдаа, зөрчил, санаатай болон санамсаргүй болдог Сонгуулийн тухай хуулийг зөрчдөг үйлдлүүдийг зохицуулахад энэ удаа сайн анхаарсан. Бас хууль, дүрэм зөрчсөн хүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж өгсөн. Нэг үгээр хэлбэл, сонгууль шударга явуулах боломжийг бүрдүүлсэн ийм л хууль баталсан гэж үзэж байна. Манайхан 48:28 гээд тогтолцоо яриад байна л даа. Өнгөрсөн жилүүдэд сонгуулийг янз бүрийн тогтолцоогоор явуулж ирсэн. Үр дүн нь яаж гарсан бэ гэхээр, дандаа булхай, луйвартай сонгууль болсон. Тэгэхээр тогтолцоо ямар байх вэ гэдэгт бус сонгуулийн үр дүн шударга байх ёстой гэдэгт анхаарах хэрэгтэй юм. Сонгогчдын өгсөн санал үр дүнгээ өгдөг байх учиртай. УИХ-ын 2012 оны сонгуулийн саналыг цахим хэлбэрээр тоолохоор болсон. Ерөнхийдөө шударга болох тал дээр нэлээд анхаарсан Сонгуулийн тухай хуулийг л баталлаа.
-Гэхдээ холимог тогтолцоо, шилжилт зэрэг нь намууд дотор нэлээд өрсөлдөөн үүсгэх бололтой. Тухайлбал, “Шууд нэр дэвших 48-д хэнийг оруулах, намын нэрээр сонгогдох 28-ын тоонд хэнийг оруулах вэ” гээд асуудал их гарах байх. АН-д ч тэр шүү дээ. Уг нь бол энэ тогтолцоо нь намын дотоод ардчилал хэр байгааг харуулна гэж байгаа?
-Яах вэ, “Холимог 48:28 тогтолцоо. Намын дотоод ардчилал” гээд ярьж байна. Ер нь аль ч тогтолцоогоор явсан нам өөрөө хүнээ дэвшүүлдэг шүү дээ. Түүгээрээ дотоод ардчилалтай юу, үгүй юү гэдгээ харуулдаг. 48-д хэн дэвших вэ, 28-д хэнийгээ эрэмбэлэх вэ гэдэг нь намын дотоод асуудал. Энэ удаа ч тэгээд л шийднэ.
-Шууд нэр дэвших 48 хүний тоонд орох гэсэн өрсөлдөөн АН дотор их гарах болов уу?
-Урьд нь ч гэсэн өрсөлдөөн байсан шүү дээ. Жишээ нь, 76 мажоритари тойрогт нэр дэвшүүлэхэд тэнд олон хүн нэр дэвших гээд өрсөлддөг. Манай намд л гэхэд УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөхөөр 100 гаруй хүн нэрээ дэвшүүлчихсэн байна. Одоогийн байдлаар шүү. Тэгэхээр ширүүн өрсөлдөөн явагдана гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ нам хэн ялах магадлалтай вэ, хэн намд суудал авчирч чадах вэ, хэн нэр хүндтэй байна тэр хүнээ л сонгуульд өрсөлдүүлнэ шүү дээ. Нууц санал хураалтаар энэ бүхэн шийдэгдэнэ.
-“Хуульд хориглосон заалт оруулсан. Хариуцлагын тогтолцоог чангаруулсан” гэлцэж байгаа. Гэтэл УИХ-ын 2008 оны сонгуулийг явуулсан хуульд ч хориглосон заалтууд байсан шүү дээ?
-УИХ-ын 2008 оны сонгуулийг явуулсан хуульд хориглосон, хязгаарласан заалт байсан уу гэвэл, тийм. Сонгуулийн үр дүнг луйвардах, будилуулах, бэлэг сэлт тараахыг хориглож байсан. Гэхдээ зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь байгаагүй. Тэгээд л хэрэгжээгүй байхгүй юу. Эрүүгийн хэрэг үүсгэлээ гэхэд дээд тал нь гурван сарын хугацаагаар хорих тухай хуулийн заалт л байсан. Дийлэнх тохиолдолд захиргааны торгууль, шийтгэл ногдуулдаг. Одоо бол тийм зүйл байхгүй болсон. Хүлээлгэх хариуцлага нь чангарч байгаа. Эрүүгийн хуульд нэмэлт орууллаа. Жишээ нь, З.Энхболд гишүүн хуулийн төсөл санаачилж Эрүүгийн хуульд “Сонгуулийн үеэр нэгээс илүү санал өгөхийг завдсан бол 3-6 сар хорино. Хоёр жил хүртэл хугацаагаар тодорхой албан тушаал хаших эрхийг нь хасна” гэсэн заалт орууллаа. Би Эрүүгийн хуулийн төрийн эсрэг онц хүнд гэмт хэргийн зүйлчлэлтэй 82 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн барьсан. Аль, алийг нь баталсан. Тодруулбал, төрийн эрхийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийн үр дүнг зохион байгуулалттайгаар будилаантуулах хэрэг хийсэн бол 5-10 жилийн хугацаагаар хорихоор болсон. Бас энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, улсад их хэмжээний хохирол учирсан бол 16-25 жил хорих тухай заалтыг Эрүүгийн хуульд оруулсан. Зохион байгуулалттайгаар сонгуулийн үр дүнг будилаантуулах гэсэн үйлдлүүд энэ зүйлчлэлд хамаарна.
-Өмнө нь яаж ч сонгуулийг будилаантуулаад хариуцлага хүлээлгэдэггүй байсан?
-УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр иргэний үнэмлэхийг хүртэл хуурамчаар хэвлэж тарааж байсан. Наалтыг нь ч хуурамчаар нааж байсан. Олон хүнийг уг үйл ажиллагаандаа зохион байгуулалттайгаар татан оролцуулсан. Энэ нь төрийн эрхийг хууль бус аргаар авах гэсэн нэг хэлбэр мөн биз. Төрийн эсрэг хийсэн онц ноцтой гэмт хэрэг. Төрийн эрхийг авах хоёр л арга зам байдаг. Зэвсгийн хүчээр болон тайван замаар буюу сонгуулийн аргаар өрсөлдөх. Манайхан буу зэвсэг бариад, чулуу, мод нүүлгээд дайрвал төрийн эсрэг хийсэн хууль бус үйлдэл гэж ойлгодог. Сонгуулийг будилаантуулах замаар төрийн эрхийг барих оролдлого хийж байгааг онц хүнд гэмт хэрэг гэж үздэггүй. Зорилго нь нэг шүү дээ. Аль, аль нь л төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого. Одоо бол сонгогчдын нэрсийг зохион байгуулагттайгаар, хуурамчаар гаргадаг, нас барсан хүний нэрийг сонгогчийн нэрийн жагсаалтад оруулдаг, тухайн өрхөд байдаггүй хүний нэрийг нэмж оруулдаг зэрэг нь Эрүүгийн хуулийн төрийн эсрэг онц хүнд гэмт хэргийн зүйлчлэл рүү орох юм. Өмнө нь ял шийтгэл байгаагүй нь үнэн. УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга байсан нөхөр “Иргэний үнэмлэхээрээ шууд санал өгч болно” гэсэн шийдвэрийг ганцаараа гаргасан байдаг. Уг нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд хуралдаад, олонхиороо шийдвэр гаргах ёстой. Тэр шийдвэр нь тогтоол хэлбэрээр гарснаар хэрэгжиж эхлэх ёстой байдаг.Гэтэл албан тоотын баланк дээр гарын үсэг зураад л тийм шийдвэр гаргасан байсан. Үүний үр дүнд хэчнээн хүн хууль бусаар санал өгсөн, хэчнээн хүн УИХ-д хууль бусаар орсон гэдгийг одоо хүртэл тогтоогоогүй байгаа. Уг нь иргэн н.Бурмаа гомдол гаргаад гурван шатны шүүхээр гэм буруутайг нь тогтоолгосон байдаг. Гэсэн ч тэр нөхөрт ямар нэг хариуцлага хүлээлгээгүй. Учир нь эрх зүйн зохицуулалт байгаагүй юм. Одоо бол хэн нэгний төлөө өөрийнхөө амьдралыг бусниулах хүн барагтай л бол гарахгүй. Энэ хэмжээгээр хүмүүсийн сахилга хариуцлага сайжирна.
-Та ирэх жил “Зуун хувь булхай, будилаангүй сонгууль болно” гэж хэлж чадах уу?
-Би 100 хувь гэж хэлж чадахгүй. Гэхдээ түрүү, түрүүчийн сонгуулийн үеэр гарч байсан эрээ цээргүй, хэнээс ч айж, эмээдэггүй, дураараа аашилдаг үйлдлүүд ямар ч байсан багасна. Ийм үйлдэл хийсэн хүнд хатуухан хариуцлага тооцох учраас тэр. Өмнө нь хариуцлагын тогтолцоо сул байсан. Мөнгөтэй олигархиудад торгуулийн мөнгө юу юм бэ. Төрийн эрхийг худалдаж авах гэж улайрч байгаа хүмүүст мөнгө юу ч биш. Хэдэн зуун сая төгрөг хаядаг. Торгууль нь үнэхээр инээдтэй. Арван сая төгрөгийн хахууль авсан хүн гурван саяар нь торгуулаад өнгөрнө биз дээ.
-Бас бэлэн мөнгө тараасан тохиолдолд 10 дахин нэмсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох тухай заалт байсан?
-Нэр дэвшигчийн зүгээс иргэнд 10 мянган төгрөг өглөө гэж бодъё. Иргэн “Тэр нэр дэвшигч надад 10 мянган төгрөг өглөө” гээд аваад ирсэн, тэр нь нотлогдсон тохиолдолд мөнгө тараасан этгээдээс тараасан мөнгийг нь 10 дахин нугалж иргэнд өгүүлэх юм. Ингэснээрээ гэмт үйлдлийг илрүүлэх, багасгах тал дээр ахиц гарах байх.
-“Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсны дараа ямар тактикаар УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөх вэ гэдгээ түлхүү ярьж эхэлнэ” гэлцэж байсан. Харин АН-ын хувьд “Н.Алтанхуяг даргаар удирдуулж сонгуульд өрсөлдөх үү. Намын даргаа солих уу” гээд асуудал их байгаа. Ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнтэй холбоотой мэдээлэл их гарах боллоо. Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Энэ бол С.Эрдэнэ гэдэг хүний, нэг хувь хүний саналаар шийдэгдэхгүй асуудал. Уг нь АН-ын дүрмийн хүрээнд ҮЗХ-ны ээлжит хурлыг энэ оны есдүгээр сард хуралдуулах ёстой байсан. Харамсалтай нь дүрмээ зөрчөөд одоо хүртэл хуралдуулахгүй л байна.
-“Ирэх оны эхээр хуралдана” гэсэн тов тараасан юм биш үү?
-Би энэ ондоо багтааж хуралдуулахгүй байх гэж бодож байна. Нэгдүгээр сард ҮЗХ хуралдвал намын удирдлага, намын стратеги, тактикийн асуудал, хамтарсан Засгийн газраас гарах эсэх, сонгуульд хэрхэн оролцох вэ гээд олон асуудлыг авч хэлэлцэх байх. Хамгийн гол нь хурлын үеэр эрүүл, саруул шийдвэр гаргаж байж л ирэх сонгуульд хүчтэй өрсөлдөх боломжтой болно.
-Харин одоо АН чухам ямар байдалтай байна вэ. Энэ талаар сүүлийн үед шүүмжлэл ч их гарах боллоо?
-Ер нь одоогийнх шиг ийм унтаа байдлаар асуудалд хандвал УИХ-ын 2012 оны сонгуулиар АН нэлээд хүнд сорилтыг давах байх.
-ҮЗХ-ны хурлыг хойшлуулж байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ. Намын даргын болон хамтарсан Засгийн газраас гарах тухай асуудлыг ярих учраас хойшлуулж байгаа гэсэн яриа байгаа шүү дээ?
-Би бол маш олон асуудал байгаа гэж бодож байна. Ганц намын даргын асуудал ч биш. Хамтарсан Засгийн газраас өгсүүлээд эдийн засаг, уул уурхайтай холбоотой олон асуудал байгаа учраас хойшлуулж байгаа гэж бодож байна. Гэхдээ энэ бол миний, хувь хүний бодол.
-Хариуцлагын асуудал ярих учраас хойшлуулж байна гэж үү?
-Өөрт нь хариуцлага ирэхээс гадна олон асуудлыг авч хэлэлцэнэ л дээ. Гэхдээ чухам юунаас болгоомжлоод, яагаад хойшлуулаад байгааг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан ҮЗХ хуралдах нь ойлгомжтой. Тэр үед асуудалд яаж хандахыг би одоо хэлж мэдэхгүй.
-Та түрүүн “Хувь хүний саналаар шийдэгдэх асуудал биш” гэсэн. Гэхдээ хувь хүний хувьд намын дотоод болон даргатай холбоотой асуудлыг хэрхэн дүгнэж байгаа юм бэ?
-Нам маань хүчтэй байгаасай, нийгмийн хүлээлтийг хангасан шийдвэр гаргаасай л гэж хүсч байна.
-Ер нь АН-д ардчилал хэр байна вэ?
-Манай нам уг нь дотоод ардчилалтай нам шүү дээ. Харамсалтай нь сүүлийн үед, ялангуяа хамтарсан Засгийн газарт орсноос хойш нэг бүлэг, нэг фракцийн эрх ашиг дэндүү өндөрт тавигдаад, бусдынх нь эрх ашиг дэндүү доогуур тавигддаг болчихсон. Гэхдээ ийм байдалтай удаан явахгүй байх гэдэгт найдаж байна.
-Ярилцсанд баярлалаа
"Улс төрийн тойм" сонин