Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

12 сарын 18 бол Оросын алдарт жүжигчин Юрий Никулины төрсөн өдөр. Тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 90 настай цал буурал алиалагч байх байсан…

… гэж бодмоор… Гэтэл алиалагч байх үедээ тэрээр буурал үсээ сайтар буддаг, бас 60 дөнгөж хүрэнгүүтээ циркийнхээ манежнаас буусныг дөнгөж саяхан л олж мэдлээ. Нэлээн эрт бууралтаж эхэлсэн Никулин “Та нар буурал алиалагч харсан юм уу? Би хараагүй. Тэтгэвэрт гарангуутаа л манежаа хаяна…” гэж ярьдаг байжээ. Тэгээд яг 60 хүрээд л хэлсэн амандаа хүрсэн… Уг нь ард түмний дэндүү хайртай алиалагч байсан юм. “Алиалагч болж ТӨРДӨГ болохоос алиалагч БОЛДОГГҮЙ юм” гэсэн үг байдаг юм гэнэ ээ. Циркийн цорын ганц сургаж болдоггүй төрөл гэсэн үг. Жонглерыг, олсон дээгүүр явахыг сурч болно. Харин алиалагчийг болохгүй. “Эхлээд  дотор нь нэг юм “часхийх” ёстой. Тэгээд нэг дотор ухаан төрнө, дүр бий болно…” Энэ бол хүүгийнх нь үг. Одоо Цветной гудамжны Циркийн дарга Максим Никулин.

Никулин циркт зүгээр л тохиолдлоор ороод ирсэн юм шиг марзандуу, маанагдуу нөхрийн дүрээ олох гэж олон жил явсан гэдэг. Янз бүрийн грим ч сольжээ. Хар шар парик, том хамар гээд л… Эцэст нь циркийн хөгшин жүжигчин Карабас “Чи будаж яах гээ вэ?!! Тэртэй тэрэнгүй тэнэг царайтай” гэж хэлээд хэтрүүлэгтэй гримийг нь бүрмөсөн хаяулжээ… “Тэнэг царай”-г өмнө нь ч урлагийн бурхад “олж харж” байсан юм. Киноны сургуульд шалгалт өгөөд сүүлийн шатанд очиход багш нар “Нөхөр Никулин танд ямар нэгэн юм цухалзаж байна. Гэхдээ та кинонд тэнцэхгүй. Ер нь хэзээ ч кинонд тоглохгүй байх – төрх чинь базаахгүй юм” гэжээ. Театрын сургуулиас – бас л ийм хариу…

Байгалиас заяасан царай ч яахав. Тэр үедээ Никулин хоёр дайны ард гарчихсан байсан. 7 жил байлдсан. Финляндын дайн, Эх орны дайн… Нэг удаа хажуугийн окопноос нөхөр нь тамхи асуужээ. Тамхиа атгаад мөлхөж гэнэ. Яг энэ үед өөрийнх нь байсан окопонд их бууны сум тусчээ. Дайны утааг ингэж амталсан, “ийм” царайтай түүнд дайны тухай киноны гол дүрд тоглох санал (“Дайнгүй хорин өдөр”, 1976) тавихад их эргэлзэж байжээ. Өөртөө итгэхгүй байж. Зураг авалт ч хэцүүхэн үргэлжилж, түүнийг “баатарлаг биш… хөгшин, царай муутай Никулин ялалтын ач холбогдлыг бууруулж байна… Илүү “язгууртан” Лановой дээр…” гээд л бууж гарцгааж. Зохиолчоор нь ажиллаж байсан Константин Симонов л авч гарчээ. Тэгээд оросын кино урлаг Аугаа их Эх орны дайны тухай Никулины тоглосон хоёр суут кинотой болсон юм. Нөгөөх нь “Тэд эх орныхоо тулалдсан юм” (1976). Энэ киноны тухай мань мэт юу ч ярих вэ дээ…


Яагаад инээдмийнх нь киноны тухай ярихгүй байгаа юм гэсэн асуулт мэдээж гарна. Тийм ээ, Никулин үзэгчдийн хайртай маш олон инээдмийн кинонд мартагдашгүй дүрүүдийг бүтээсэн. Тэдгээрийн нэг нь 1960 оноос гараагаа эхэлсэн алдарт гурвалын нэг нь болсон Балбес. Моргунов, Никулин, Вицин гэж монгол хүний бараг амны уншлага болсон гурвал дүр… Никулиныг оршуулж байхад Моргунов оршуулган дээр байсан хотын дарга Ю.Лужковоос: “Вицин бид хоёрыг хаана оршуулах юм” гэж асуужээ.

Лужков гайхшрахад нь “Энэ бол улс төрийн том асуудал. Хүмүүс ойр дотныхныгоо оршуулаад уйлаад, цурхираад явж байна гэж бодоё л доо. Гэтэл нэг дор гурван шарил байх юм – Моргунов, Никулин, Вицин!!! Инээд нь хүрээд, сэтгэл хөнгөрнө шүү дээ. Бодоорой, Юрий Михаилович” гэж Евгений Александрович хэлсэн гэдэг… 1979 онд “Эрдэнэ нуусан гар” киноны 10 жилийн ойгоор Никулин яг “эрдэнэ нууж” байсан тэр гараа хугалчихжээ. Тэгээд гудамжинд явх байхад нь хүүхдүүд “Хоёрдугаар ангийг нь авч байна!..” гэж хөөрөн гүйлдэж байсан байна. Ийм л “инээдтэй” дүрүүд, ийм л инээдмийн кинонууд байж дээ…


Юрий Никулин онигооны мастер байсан юм. Тэрээр яг тухайн үед тохирсон онигоог олж чаддаг. Хэн нэгнийг харангуутаа л “Чамайг хараад нэг онигоо санаанд орлоо” гээд эхэлдэг байж. Бүр мэс засалд орохынхоо өмнө хүртэл асрагч нарт онигоо ярьж өгөхөд цаадуул нь золтой дамнуурганаас унагачихаагүй гэдэг. Энэ нь түүний сүүлчийн онигоо байсан бөгөөд 30-хан минут үргэлжлэх байсан мэс заслын үеэр гэнэт зүрх нь зогссон билээ. Зүрхийг нь ажиллуулж чадсан ч ээлж дараалан элэг, уушиг нь ажиллахаа больжээ. Эмч нар сүүлд, “бие эрхтэн нь дэндүү доройтчихсон байсан” гэсэн… Дайн хэмээх махны машиныг туулсан хүн, дараа дараагийн амьдрал нь ч гэсэн амгалан тайван байгаагүй л дээ…

“Яагаад түүнд улс даяараа хайртай байсан юм бэ? Тэр сайн алиалагч байсан, гэхдээ агуу биш. Тэр инээдмийн ч тэр, ээдрээтэй ч тэр дүрүүдийг бүтээж чаддаг байсан. Гэхдээ түүнтэй зэрэгцэн Папанов, Леонов, Миронов нар гялалзаж л байсан… Гэхдээ үргэлж ховорхон байдаг зүйлс түүнд цогцолж байсан нь үнэнч, илэн далангуй, тусч зан нь… Энэ бол түүний авьяас – зөвхөн жүжигчнийх биш хүнийх нь авьяас…” гэж Максим Никулин ярьсан байдаг…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж