”Тусгаар тогтнолын ордон”-д ”Хар Чингис” худалдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

”Тусгаар тогтнолын ордон”-д ”Хар Чингис” худалдаж байна

Хоёр нөхөр тааралдаад нэг нь нөгөөдөө “Хөгшин чинь өчиг­дөр Тусгаар тогтнолын орд­ноос “Хар Чингис” худалдаж аваад, хоёр найзтайгаа хувааж уусан чинь тасарч балрах шах­сан байна” гээд яривал ямар сонсогдох вэ. Эсвэл хоёр хүү­хэн тааралдаад “Сая Тусгаар тогт­нолын ордонд орж хоёр бууз идэж, аяга аарц уучихаад, га­рах­даа талх, хэдэн кило төмс ав­лаа” гэж ярьж байвал яах вэ. Эвтэйхэн сонсогдохгүй нь лав­тай. Тусгаар тогтнол гэдэг үгийн утга жинхэнэ гутна биз дээ. Одоо Тусгаар тогтнолын ор­дон буюу МАН-ын байр яг ийм бай­далтай болчихоод байна. Өчиг­дөр “Тусгаар тогнолын ор­дон” хэмээн нэрлэгдсэн МАН-ын шинэ байраар орлоо. Үүд­­нээс нь харахад, ордон ч сай­­хан болжээ. Миний татварт төл­­сөн мөнгөнөөс бага ч болов нэ­мэр энд орсон гэж бодохоор нэг л сайхан. Гэртээ л орж бай­гаа юм шиг, энэ миний ч юм, ард түмний ч юм гэж бодохоор цаанаа л сайхан.

Дулаан орохоор үүдээ чимэг­лэх гэж  байгаа бололтой усан ор­­гилуур хийхээр бэлтгэсэн бай­на. Мөн гэрэлтүүлгийн утас­­­н­ууд энд тэнд цухайсан ха­рагд­­сан. Бодвол гэрэл суул­гах гэж байгаа бололтой. Шат­ны ха­жуугаар хөгжлийн бэрх­шээл­тэй иргэд явах зам тавьчихаж, овоо доо. Муулаад л байсан бас ч гэж хөөрхий. Ийн бодсоор орд­ны хаалгыг татав.

Үүдэнд 4-5 хам­гаалагч зогс­чихсон, орж ирж байгаа хү­мүү­сийг хаашаа явж, хэнтэй уулзах гэж байгааг асууж байна. Надаас ч бас хаа­шаа орох гэж байгаа, хэнтэй уул­захыг минь шалгаав. Манайх, ми­­нийх гэсэн бодол толгойд зурс­­хийсэн ч үүдний хаалган дээр “Төрийн банк нэгдүгээр давх­рын зүүн жигүүрт” гэсэн бичиг хадсан байхыг харсан бо­ло­хоор “Төрийн банк орно” гэж хэлээд хамгаалагчдаас арай гэж мултрав. Тэр зуур нэг­дүгээр давхрыг жаахан со­нир­хов. Баруун жигүүрт нь “Coffee shop” харагдсан. Харин зүүн жигүүрт нь “Төрийн банк” төвх­нөөд амжжээ. Өөр онцын зүйл байсангүй. Засварын ажил ид үргэлжилж байгаа бо­лол­той юм. Ариун цэврийн өрөө­нүү­дээ ч гүйцэд янзлаагүй бай­на. Харин нэгдүгээр давхарт “Зүүн жигүүрийн есдүгээр дав­харт цайны газар ажиллаж бай­на, “Оргил” худалдааны төв рүү орох бол хойд хаалгаар ор­но уу” гэсэн бичиг энд тэнд­гүй хадчихаж. Зурагтаар “Ор­гил” худалдааны төв “Тус­гаар тогт­нолын ордон”-д ши­нэ сал­ба­раа нээсэн гэж сурталч­лаад бай­хаар нь итгэж ядаад бай­сан чинь үнэн бололтой.

Нэгдүгээр давхарт үзэх юм бага болохоор доошоо бууж, хонгилын давхруудыг сонир­хов. Энэ давхрыг  “Оргил” ху­дал­дааны төв тэр чигээр нь эзэл­сэн байх юм. Харин “Оргил”-ын доод давхар нь машины зогсоол юм байна. Энэ зогсоолд 100 ма­шин багтана гэсэн. Бас л ма­шин зогсоож, мөнгө олох зо­рил­готой бололтой юм. МАН шинэ байраа 14.6 тэрбум төг­­рөгөөр барьсан. Тэгэхдээ тө­рөөс 11 тэрбум төгрөг авсан. Тө­рөөс ч юу байхав, ард түмний ха­лаас­наас гэвэл илүү онох байх. Үлдсэнийг нь гишүүд, дэм­жигчдээсээ цуглуулсан юм гэсэн. Жишээ нь, “МАК”-ын Н.Ням­тайшир ордны ба­рил­гад зориулж тэрбум төг­рөг хан­­дивласан гэсэн. МАХН-ын дар­га Н.Энхбаяр ч нэгэнтээ “Н.Ням­тайширын хандивла­сан мөнгө “но” ихтэй. Түүнийг шал­гуулах хэрэгтэй” гэх маягийн юм ярьж байсан удаатай. Тусгаар тогт­нолын ордон их мөнгөөр боссон юм гэсэндээ гялайж гялтайх юм ихтэй байна лээ. Ордныг барихад зарцуулсан хөрөнгөө түрээсийн мөнгөөр нөхөх зо­рил­готой нь илт. Түрээсийн мөн­гөөр зардлаа нөхнө гэдгийг төрд 11 тэрбум төгрөг эргүүлж өг­нө гэж ойлгож болох юм билээ. Нэг их удалгүй монгол­чууд МАН-аас 11 тэрбум төг­рө­гөө нэхэж болно, тэр үед гу­дийх­гүй гаргаад өгчих юм бай­гаа биз гэх атаархал төрж бай­хыг яана. Ямар ч байсан хон­­гилын давхруудаасаа МАН-ын­хан сардаа л хэдэн арван саяар тоологдох мөнгө олох бо­лолтой. Хасах хоёр буюу хон­гилын давхрын зогсоол нэ­гэнт бэлэн болчихсон байсан бол хасах нэгдүгээр давхарт зас­варын ажил хийгдэж бай­на. “Оргил” худалдааны тө­вийн хажуугаар элдэв оффис байр­лах бололтой. Хонгилын давх­руудыг сонирхсоны дараа ха­руу­­луудаас нуугдан байж зүүн жи­гүүрийн шатаар  хоёрдугаар дав­хар руу гарлаа. Хоёрдугаар дав­харт бас тэгж сонирхоод байх онц гойд зүйл алга. Оф­фисын зориулалттай хэдэн өрөө бай­гаа ч орсон байгууллага а­л­га. Ерөөсөө 2-4 давхар хүр­тэл баруун, зүүн жигүүртээ оф­фисын өрөөнүүд л байна. 5, 6 давхарт мөн л оффисын зо­риу­лал­ттай өрөөнүүд дүүрэн. Зас­вар хийж байгаа хүмүүс ч их байна.  Харин гол танхим нь до­лоон давхраас дээшээ  есөн  дав­хар хүртэл байрлах аж. Бү­хэл бүтэн гурван давхрыг эзэг­нэсэн хурлын танхим хоёр бельтажтай юм билээ.  Бод­вол хүндэт зочид зургаан, до­лоон давхрын бельтажид суух зориулалттай бололтой юм. 7, 8  дугаар давхрын гол тан­хи­мын үүдэнд чамин хээтэй, шар­гал өнгөтэй хивс дэвссэн байсан. Мөн хана нь тэр чигтээ цонх бөгөөд төв зам руу харж зогсоход тааламжтай мэдрэмж тө­рө­хийг яана. Давхар бол­гонд камер суурилуулсан, түү­гээрээ тамхичдыг илрүүлэх зорил­готой юм байх. Давхар болгоны ха­нан дээр “Тамхи татахыг хо­риглоно. Камер ажиллаж бай­на. Хэрвээ тамхи татвал ха­туу хариуцлага тооцно” гэ­сэн бичиг хадсан байх юм. Өрөө­нүүдийнх нь хаалга бүгд мод, бариул нь хүрэн шаргал өн­гөтэй бөгөөд хүрэлдсэн аж. Тий­мэрхүү бариул ширхэг нь 10 мянган төгрөгөөс хямд бай­на гэж байхгүй нь тодорхой. Ха­рин гэрэлтүүлгийг нь авсаар­хан шийджээ. Нэг их гоё ган­ган, болор гэрлийн бүрхүүл ал­га. Шатаар өгсөх замыг гэ­рэл­түүлэх зорилгоор хананд нь шилэн аяга хэлбэрийн гэрлэн бүр­хүүлтэй чийдэн тавьсан бай­сан. Гол танхим, жигүүрийн ко­ридорын гэрлүүд ч гэсэн эн­гийн байсан. Харин 1-4 дүгээр давх­рыг гийгүүлэх гэрлийн бүр­­хүүл нь тэр чигтээ болор унж­­лага аж. Болор унжлагын үнийг төсөөлөхөд ч бэрх биз. Зөвхөн айлынх нь 1 сая элбэг хүрдэг юм чинь тэр болор унжлага “аймаар үнэтэй” байх шүү. Хурлын танхим хавиар энэ мэтийг сонирхсоор есдүгээр  дав­харт гарлаа. Гол танхим орох хаалга нь цоожтой байна. Бод­вол хүндэт зочдын бельтаж руу ордог хаалга учраас тэр юм байлгүй. Дөнгөж хажуу тий­­шээ эргээд  нэлээд хэдэн бай­гууллага өрөө түрээсэлж байгаа бололтой. Мөн цайны газар байр­лажээ. Дахин сануулахад, энэ зөвхөн зүүн жигүүр.  Цай­ны газарт нь орж, хоолны үнэ, ам­тыг нь шалгалаа. Үнэ нь яг л оффисын ажилтай хүмүүст зориулагдсан, хямд юм. Амт нь ч гэсэн дажгүй. Ширээ, сандал нь суухад тохитой юм билээ. Аяга аарц ууж, хэдэн бууз идэнгээ эргэн тойрны хүмүүсийг сонир­хож суув. Энэ цайны газарт Тусгаар тогтнолын ордонд байр­лаж байгаа хүмүүс хоол ид­дэг бололтой. Мөн МАН-ын хурган дарга нар бололтой гэ­дэс хавиараа бүдүүрсэн нөх­дүүд орж ирж, жигнэсэн гурил­тай шөл захиалангаа утсаар хэн нэгнийг загнах нь “хошин шог” гэлтэй. Бяцхан ундалж аваад цайны газраас гарлаа. Өг­сөхдөө зүүн жигүүрийг шу­дар­сан болохоор буцахдаа ба­руун жигүүрээр уруудав. Най­м­дугаар давхраас эхлээд зургаан дав­хар хүртэл буув. Учир нь 7, 8 давхарт гол танхимаас өөр зүйл байхгүй болохоор тэр. Харин зургадугаар дав­харт шилэн хаалгаар тус­гаар­ласан том танхим байна. Тэнд Д.Сүхбаатар, В.И.Ленин на­рын хөрөг зураг байна. Мөн ту­хайн үеийн үзэл суртлыг ха­руул­сан том том уран зу­раг хана налаастай байгаа харагд­сан. Бодвол тэнд “Тусгаар тогт­но­лын музей” байрлах бололтой юм. Музей нь ирэх оны гурав­ду­гаар сард нээлтээ хийнэ гэ­сэн. Бас л том том оффисын өрөө­нүүд байна. Тэнд МАН-ын удирдлагууд байрлах юм гэ­сэн. Ерөөс баруун жигүүрийн тав­дугаар давхраас есдүгээр дав­хар хүртэл МАН-ынхан байр­лаж, үйл ажиллагаагаа явуулах юм билээ. Намын удирлагууд, НАМЗХ буюу намын дэргэдэх залуучуудын байгууллага, эмэг­тэйчүүдийн байгууллага нь ч энд байна. Мөн намын төв хэв­лэл болох “Үнэн” сонин ч энэ бай­ранд редакциа төвхнүүлэх юм гэсэн.  Зургадугаар давхарт байгаа зурагнуудыг харахад МАН бүх зүйлээ шинэчилж ча­даагүй, өнөөх Ленин, социа­лизмаа музейд хадгалах гэж байгааг харж болохоор. Эсвэл музейд тавихгүй МАН-ын дарга нарын өрөөний ханыг ч чимж ма­гадгүй байх. Бүр өөрөөр бо­доод үзье. Нэгэнт байраа, нэ­рээ сольсон болохоор Ленин, Сүх­баатар, социализмыг дүрсэлсэн зургуудыг зүгээр л хаа нэг газар хадгалах гэж байж болох. Арай ч шатаахгүй байлгүй. Ба­руун жигүүрээр уруудсаар нэг­­дүгээр давхарт буухад хэд хэдэн байгууллага өрөө тү­рээсэл­сэн нь харагдсан.

Ард түм­ний, бас миний мөнгөөр бос­сон ордон нэг иймэрхүү янз­тай.  Зөвхөн нэг нам өөрийн харьяа байгууллага,   хурлын том танхим байрлах барилга ба­ри­хын тулд ард түмнээс 11 тэрбум төгрөг авсан гэж хэ­лэ­хэд буруудах юм алга. Бү­хэл бүтэн есөн давхар, том барилгын бусад бүх зай тал­байг ард түмэнд буцаагаад тү­рээсэлнэ шүү дээ. Нээрээ орд­ноос гарахдаа араар нь тойрч, “Оргил” худалдааны тө­вөөр орлоо. Маш том талбай түрээ­сэлж байгаа юм билээ. Тэндээс ундаа, чихэрхэн худалдаж аваад гарсан. Одоо би хүнд “Тусгаар тогтнолын ордонд орж бууз идээд, гарахдаа ундаа авсан” гэж ярих нь. Хайран ч “Тусгаар тогтнол” минь.

Н.Пунцагболд, Х.Батсайхан

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж