Ахмад багш нарын зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Ахмад багш нарын зөвлөгөөн боллоо

Орчин үеийн Боловсролын байгууллага үүсэн хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Увс аймгийн Боловсрол, соёлын газар, аймгийн Ахмад багш нарын холбоотой хамтран “Ахмад багш нарын анхны зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн төв болон сумдын 3500 багшийн төлөөлөл болох 150 багш оролцсон бөгөөд энэ үеэр М.Юза “Алтан гадас” одонгоор, Б.Жавзан Боловсролын тэргүүний ажилтан цолоор шагнуулсан байна. Түүнчлэн аймгийн Засаг даргын Хүндэт тэмдгээр ес, Хүндэт жуух бичиг гурав, Хүндэт өргөмжлөлөөр хоёр, Баярын бичгээр гурван багшийг  тус тус шагнасан ба хүрэлцэн ирсэн бүх ахмад багш, сурган хүмүүжүүлэгч нарт 90 жилийн ойн медаль гардуулжээ.

Энэхүү зөвлөгөөнөөс есөн зүйл бүхий уриалга гаргасан бөгөөд ерөнхий санаа нь ахмад багш, сурган хүмүүжүүлэгч нар нь залуу хойч үеийнхээ зөв үлгэр дууриал нь байж, тэднийг эрүүл биетэй, харилцааны өндөр соёлтой, хөдөлмөрч, ажил хэрэгч, цахим технологийн чадвартай, үндэсний бахархалтай, эх оронч, байнга тэмүүлэн суралцдаг, оюунлаг иргэнийг сурган хүмүүжүүлэх, төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалсан юм. Уриалгыг хэрэгжүүлэх талаар зөвлөмж аргачлалыг ч гаргасан. “Багш хөгжиж байж хүүхэд хөгждөг. Иймд хөгжлийн хөтөч нь багш юм” хэмээцгээж өөрсдийн хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан нь олон хүний сонирхлыг татсан юм. Тэд тэтгэвэрт гарсан гээд зүгээр суддаггүй хийж бүтээж, сургасаар байдгаа энэ үзэсгэлэнгээрээ харууллаа.

Дашрамд дурдахад, уг арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, “Арвижих-Увс” ХХК-ийн дарга Х.Сүхбаатар нар ажилласан юм. Зөвлөгөөнд оролцсон ахмад багш, сурган хүмүүжүүлэгч нар маань аймгийн болоод БСГ-ын удирдлагуудад үгээ хэлж, санал бодлоо хуваалцжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж