Мэдээлэл технологийн харилцааны төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Мэдээлэл технологийн харилцааны төвтэй боллоо

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Боловсролын хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуульд “Мэдээлэл технологийн харилцааны төв” байгуулав. Уг төв нь багш, сурагчдад мэдээллийн харилцааны технологид суурилсан мэдлэг, чадвар эзэмшүүлж сургуулийн удирдлагад цахим менежментийг нэвтрүүлэх зорилготой аж. Мөн үеэр уг төвд 9.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн мэдээлэл, технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тавилга зэргийг аймгийн Боловсрол, соёлын газраас гардууллаа. 10 жилийн ойгоо тэмдэглэж буй тус цогцолбор сургууль нь 136 багш, 2790 сурагчтай аймгийн хэмжээнд томоохон сургуулийн нэг аж. Ингэж цахим хэлбэрт шилжсэнээр сурагчдын дүнгийн нууцлал баталгаажиж, багш нарын бүртгэл хөтлөлт, хичээлийн тайлан, төсөв зэргийг цахим хэлбэрээр цуглуулж нэгтгэх боломж бүрдэх юм. Түүнчлэн мултимедиад суурилсан сургалтын шинэ арга зүйгээр хичээл явуулж, багш сурагчдын хөгжлийг дэмжин, цаашид цахим технологид суурилсан хичээлийн тоог нэмэгдүүлж багш, сурагчид, эцэг эхчүүд интернэтийн орчинд хамтран ажиллах боломжтой болж хүүхдийн хүмүүжил, сурлага сайжрахад эерэг нөлөө үзүүлэх юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж