Америкгүйгээр Дэлхийн худалдааны байгууллагад

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Америкгүйгээр Дэлхийн худалдааны байгууллагад

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) нэгтгэх протоколд гарын үсэг зурлаа. Тус байгууллагын бүрэн эрхт гишүүнээр 2012 оны зуны сүүлчээр ОХУ-г бүртгэх ёстой. Москва энэ эрхийн төлөө 18 жил зүтгэжээ. Харин Орос ба АНУ-ын хоорондын худалдаанд ДХБ-ын хэм хэмжээг барихгүй байгаа гэсэн шүүмжлэл бий.

Орос энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн болоход гадны саад тотгор үгүй болов. Женев хотноо болсон сайд нарын бага хурал дээр Оросыг ДХБ-д нэгтгэх протоколд гарын үсэг зурлаа. Бүрэн эрхт гишүүнээр бүртгэгдэхэд шаардлагатай баримт бичигт баасан гаригийн өглөө ерөнхий сайд Владимир Путин гарын үсэг зурсан байна. Оросын төлөөлөгчдийг ерөнхий сайдын тэргүүн дэд Игорь Шувалов даргалав. Протоколд Оросын талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина, ДХБ-ын талаас тус байгууллагын тэргүүн Паскаль Лами нар гарын үсгээ зурав. ДХБ-ын ажлын хэсэг бүх баримтуудыг арваннэгдүгээр сарын 10-нд бэлэн болгосон байсныг баасан гаргийн орой сайд нарын бага хурал дэмжсэн юм.

Орос тус байгууллагад элссэнээр ДХБ жинхэнэ дэлхийн хэмжээний байгууллага боллоо гэж АНУ-ын Худалдааны төлөөлөгч Рон Кирк мэдэгдэв. Бага хурал дээр баримт бичгүүд дэмжигдсэний дараа Орос 220 хоногийн дотор парламентаараа батлуулах, Төрийн тэргүүн баталгаажуулахад 30 хоногийн хугацаа байгаа. Энэ бүгдийн дараа ОХУ ирэх жилийн зуны сүүлчээр ДХБ-ын жинхэнэ гишүүн болох юм. Орос энэ байгууллагад нэгдэх хугацаагаараа дээд амжилтын эздийн нэг болов. Оросыг гишүүнээр элсэхэд нь оюуны өмчийн хулгай, америк тахианы махны импортын хязгаарлалт, Гүрж, Молдав дарсанд тавьсан хориг, дүнзэн  модны экспортын хязгаарлалт, автомашины угсралтын дэглэм зэрэг олон зүйл саад болж байв. Оросууд гол протоколоо Европтой 2004 онд, АНУ-тай 2006 онд байгуулан гарын үсгээ зурсан юм. Энэ удаа Орос, АНУ хоёр тус байгууллагыг үүсгэн байгуулсан Марракешийн гэрээний “олон талын худалдааны гэрээг тусгайлан авсан гишүүдийн хооронд хэрэглэхгүй гэсэн 13 дугаар заалтаар Америк, Орос хоёр тохиролцож чадсаныг тус байгууллагад ойр эх сурвалж хэлсэн байна.

Шинээр худалдааны харилцааг явуулахгүй байх эрхээ АНУ эдэлж байгаа нь хуулийн зөрчил гаргахгүй гэснийх. Тус орон Жексон-Вэникийн засвар гэх хууль хүчин төгөлдөр байгаа бөгөөд ирэх жилээс үүнийг цуцлах нь Америкийн засаг захиргааны үндсэн асуудлын нэг болох юм.

ДХБ-д элсэх зөвшөөрлийг Орос Украин хоёр 2008 онд хийсэн ч Гүржээс болж асуудал үүсээд байсан. Абхаз, Өмнөд Осетийг өөрийн нутаг гэж Гүрж үздэг учир тэндхийн барааны урсгалд олон улсын хяналт тавихыг тэд шаардаж байсан юм.
ДХБ-д нэгтгэх тохиролцоо нь Оросын бизнест ашигтай болсон гэж Эдийн засгийн хөгжлийн яам нь мэдэгдэв. Уг байгууллагад нэгдсэн өдрөөсөө эхлэн Орос импортын саадыг одоо байгаа10,293 хувиас 11,85 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Үүгээр хөдөө ах ахуйн бүтээгдэхүүнийн импортын хориг 15,6 хувиас 15,178 хувь хүртэл буурна, аж үйлдвэрийн барааны тариф нь эхэн үедээ 9,38 хувиас 11,2 хувь хүртэл өснө. Дараа нь шилжилтийн үеэрээ дунджаас ахиу импортын тариф нь 7,147 хувь хүртэл бууна.

Шилжилтийн үе нь салбаруудаас хамааран дундажаар 2-3 жил бөгөөд эмзэг бараанд 5-7 жил болдог. Үүний зэрэгцээ ДХБ-ын ангиллаар тогтоогдсон үйлчилгээний 155 салбараас 116-гаар нь Орос өөрийн үүргийг авах болно.  Даатгалын үйлчилгээний салбарт хувьсгалт өөрчлөлт орох гэнэ. Гадаадын оролцооны квот нь 25-аас 50 хувь болох бөгөөд амь даатгал, заавал хийх даатгалын компаниудын гадаадын хувь нийлүүлэгчдийн 49 хувийн хязгаарлалтыг 51 хувийн хязгаарлалт болгоод таван жилийн дараа үгүй болгох ёстой. ДХБ-д нэгдсэнээр хойш есөн жилийн дараа гадаадын даатгалын компаниудын салбар Орост нээгдэх юм. Орос энэ байгууллагад нэгдснээр эдийн засгийн өсөлтийн хурд өсч, бүтцийн наатай өөрчлөлтүүд хийгдэх болно гэж чансааны Fitch агентлагын эдийн засагчид дүгнэж байна.

Худалдааны шинэ дэглэмийн улмаас Оросын орлого дунд хугацааны ирээдүйд жилдээ 40 тэрбум ам.доллараар, алсын ирээдүйд 132 тэрбумаар нэмэгдэнэ гэсэн дүгнэлтийг Дэлхийн банк өнгөрсөн жилд гаргасан юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж