Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тус хотод онц байдал зарлах зарлигийг бямба гаригт гаргасан. Гэхдээ онц байдлыг хэзээ ч цуцлахад бэлэн гэж ерөнхийлөгч хэлжээ. Түүний зарлигаар онц байдлыг 17-ны өдрийн 18.00 цагаас 2012 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн өглөөний 07.00 цаг хүртэл тогтоогоод байгаа бөгөөд оройн 23.00 цагаас өглөөний 07.00 цаг хүртэл хөл хорио зарлаад байна.
Мангистау мужийн Жанаозен хотод тус улсын тусгаар тогтнолын 20 жилийн ойн баяраар гарсан олон нийтийн үймээнийг дарснаа Казахстаны Дотоод хэргийн сайд Калмуханбет Касымов бямба гаригт мэдэгдсэн баэйна. Сайдын хэлснээр үймээнийг зохион байгуулсан гэх хэрэгт сэжиглэгдсэн 70 хүнийг баривчилжээ.
Арван хүн амиа алдаж, 75 хүн тэдний дотор зургаан цагдаа шархадсан, өмнө нь ажлаасаа халагдсан нефтьчид үймээнийг зохион байгуулсан гэж Касымов хэлэв. Үүний өмнө эсэргүүцэл гаргагчдыг “хулигаануудын хэсэг бүлэг” гэж эрх баригчид нэрлэж байв. “Казмунайгаз” компанийн ажилчдын хөх-улаан хүрэм, хар өмдөөр хувцасласан залуус телевизийн зураглалд харагдаж байв. Гэхдээ энэ дүрэмт хувцасны цаана хэн ч нуугдаж болно хэмээн хүний эрхийн төлөө тэмцэгчид хэлж байна. Одоогоор тэндээс мэдээлэл авах ямар ч боломжгүй байгаа ажээ. Нэгэн гэрчийн ярьснаар баярын өмнө талбайд ирж нефтьчдыг дэмжих уриалга интернэтээр гарсан байжээ. Талбайд хүн цөөхөн байсан, 100-аад эсэргүүцэгчийн эсрэг хэдэн арван цагдаа нар зогссон байсан гэнэ. Энэ үеэр хэн нэгэн нь цугларсан олны дунд тэсрэх бодис шидсэнээс үймээн эхэлжээ. Эрх баригчдын гаргасан үймээн байж болохыг хүний эрхийн төлөө тэмцэгчид үгүйсгэхгүй байна. Харин эрх баригчид жагсагчдыг мод шийдэм, төмөр хоолой ба шатах хольцтой лонх, галт болон хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн байсан, баярыг үймүүлэн энгийн иргэд рүү танхайрсан, мөнгөний автоматыг эвдэн тонож, машин шатаасан гэж мэдэгдсэн байна. Мөн хотын төв талбайн гацуурыг унагаагаад жагсагчид хотын захиргаанд ирж шатаасан гэнэ. Дараа нь зочид буудал, “Озенмунайгаз” компанийн байрыг бас галдсан гэж эрх баригчид мэдээлэв. Өнгөрсөн бямба гаригийн өглөө нефьтчид, тэднийг зөөдөг жолооч нар аюулгүй байдал, ар гэрийнхнийхээ төлөө түгшин ажилдаа гарсангүй.
Казахстанд болж буй хэрэг явдалд Европын хүний эрхийн байгууллагууд, НҮБ-ын Хүний эрхийн хороо түгшиж буйгаа илэрхийлэн эсэргүүцэгчдийн эсрэг эрх баригчид хэтэрхий хүч түрэмгийлэн хэрэглэж буйд нь эсэргүүцэл илэрхийлжээ. Олон улсын хүний эрхийн Human Rights Watch байгууллага Жанаозен хотод эмх журам тогтоохдоо хүний эрхийг дээдлэн үзэхийг Казахын хүчнийхэнд уриалав. Мөн харилцаа холбоог сэргээх хэрэгтэй гэжээ. Мэдээллээс тусгаарлагдах нь хүмүүсийн аюулгүй байдлыг эмзэг болгож байна гэж Human Rights Watch мэдэгдэв.
Ард түмний самуун нефтийн том компаниуд байдаг Мангистау мужид 2011 оны эхээр эхэлсэн юм. Ажилчид тэнд ажиллаж буй хятад ажилтнууд хэтэрхий өндөр цалин хөлстэй байна гэж дургүйцлээ илэрхийлэн мөн ажлын ачааллыг бууруулах, хортой нөхцлийн нөхвөр тооцохыг шаардсан юм. Компанийн удирдлага ба үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хэлэлцээрт ажилчдыг шаардлагаасаа татгалзсан гэсэн байснаас тэдний эсэргүүцэл дахин дэгдсэн. Ажилчид үйлдвэрчний эвлэлийн даргаа өөр хүнээр сонгосныг компани нь хууль бус гэж үзэж, мөн тэдний хуульч Наталья Соколоваг хууль бусаар цуглаан зохион байгуулсан гэж зургаан жил хорих ялаар шийтгэсэн зэргээс тэд энэ жилийн тавдугаар сарын 17-ноос ажил хаялт зарлажээ. Тэдний эсэргүүцлийн оргил үеэр хотын төвд 18 мянга хүртэл хүн цугларч байв. Хүмүүс нефтийн үйлдвэрүүдийг улсынх байх ёстой гэж шаардав. Хотынхон ажил хаягчдад хоол хүнс, мөнгө хөрөнгөөр тусалж байв.
Энэ үеэр Жанаозен хотынхныг дэмжсэн хөдөлгөөн Казахстаны бусад хотуудад гарч байна. Актау хотод эсэргүүцлийн ажиллагаа хийхээр 400 орчим хүн цугларчээ. Шетпе гэх төмөр замын станцад хүмүүс зам хаасан учир цагдаагийнхан хүч хэрэглэн тэдний дарах үеэр нэг хүн алагдаж, арав гаруй хүн шархадсан байна. Алматы хотод болсон нефтьчдийг дэмжсэн цуглаанд оролцсон хүмүүсээс баривчлан саатуулсан байна. Казахстаны өвөл нэлээд халуухан болох төлөвтэй байна.