Гавелийг Чехийн бэлгэдэл гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Гавелийг Чехийн бэлгэдэл гэв

Ням гаригт таалал төгссөн Чехийн төрийн зүтгэлтэн, хүмүүнлэг үзэлтэн Вацлав Гавелийг тус орны ерөнхийлөгч Вацлав Клаус “орчин үеийн Чех улсын бэлгэдэл” гэж нэрлэв. “Тэрбээр манай Хилэн хувьсгалын лидер бөгөөд эрх чөлөөгөө дахин олж авсан манай улсын анхны ерөнхийлөгч байлаа. Түүний хүн нэр хүнд нь Чех улс чөлөөт, ардчилсан орнуудын салшгүй хэсэг болоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм” гэж Клаус мэдэгдэв.

Удтал хүндээр өвчилж байгаад өн­гөр­сөн ням гаригт таалал төгссөн Вац­лав Гавел нь 1989-1992 онд  Чехос­ловакийн сүүлчийн, 1993-2003 онд Чех улсын анхны ерөнхийлөгч байсан юм.

Дэлхийн улс төрийн лидерүүд Чехословак ба Чех улсын ерөнхийлөгч байсан Вацлав Гавелийг “Хилэн хувьс­гал”-ын баатар, “1989 оны бэлгэдэл” гэж нэрлэн гашуудлаа илэрхийлж бай­на. Чехийн Засгийн газрын тэргүүн Петр Нечас түүнийг “1989 оны бэл­гэдэл” гээд улс орныхоо төлөө асар их зүйл хийсэн гэв. “Улс орны хувьд маш чухал эриний бэлгэдэл бөгөөд илэрхийлэл болсон хүн таалал төгслөө” хэмээн Чехийн ерөнхий сайдын орлогч Каролина Пик хэлэв.

“Гавел л 1989 оны үйл явдлын дараа дэлхийн хаалгыг Чехословакад нээж өгсөн хүн” хэмээн Словакийн ерөнхий сайд Ивета Радичова мэдэгдэв. Польшийн экс-ерөнхийлөгч Лех Валенса “Европт Гавел үгүйлэгдэх болно” гэж хэлэв. “Тэрбээр манай үеийн томоохон онолч бөгөөд одоо хямралд орж буй Европт түүний дуу хоолой дутагдах болно. Тэр биднээс салан одсон нь маш харамсалтай. Би түүний хойчийн төлөө залбирах болно” хэмээн Валенса мэдэгджээ. “Гавел манай үеийн агуу европчуудын нэг” хэмээн өөрийн Twitter-тээ Шведийн Гадаад хэргийн сайд Карл Бильдт бичсэн байна. Европарламентын дарга Ежи Бузек Гавел бол “Хилэн хувьсгалын баатар” гээд, Чех, Словакаас гадна нэгдэн нийлэхэд нь тус дэм үзүүлсэн Европ даяар гашуудан харамсч байна гэлээ. Вацлав Гавел бол агуу их европ хүн гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгдэв.

“Сайн хүмүүсийн хувьд энэ бол том гарз юм. Учир нь Вацлав Гавел тоталитар коммунист дэглэмийн эсрэг зүгээр нэг бэлгэдэл нь болоогүй тэрбээр тэр дэглэмээс хэрхэн салж, ардчилсан нийгэм байж болохыг илэрхийлсэн бэлгэдэл нь байлаа” хэмээн Оросын ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний нийгэм ба Хүний эрхийн зөвлөлийн дарга Михал Федоров хэлжээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 5-нд уран зохиолын шүүмжлэгч, зохиолч, тэрслүү үзэлтэн бөгөөд улс төрийн нэрт зүтгэлтэн Гавел 75 насныхаа ойг тэмдэглэн дэлхийн лидерүүд ба эх орон нэгтнүүдээсээ олон тооны баярын мэндчилгээ авч байв. Ойн баярынхаа өмнө тэрбээр энэ хавар өвчилсөн амьсгалын замын өрөвслийнхөө эсрэг сэргээн засах эмчилгээг хийлгэж дуусгаад байсан юм. Наяад оны эхээр шоронд байхад түүний уушиг өвчилж хатгаа уушигны хорт хавдар болж даамжирснаас эрүүл мэндэд нь ихээхэн асуудал үүсгэсэн. Түүний баруун уушигны хорт хавдрыг авсан, мөн 1996 оны мэс заслаар  уушигных нь талыг тайрсан юм. Тэр цагаас хойш эрүүл мэндийн асуудал нь хүндэрсээр сүүлд нь зүрхний өвчин нэмэрлэжээ. Энэ жилийн хоёрдугаар сард тэрээр “Үхлийн тухай ихээхэн бодох боллоо. Моднуудыг нь дараалан огтолж байгаа ойд байгаа юм шиг санагдах юм” гэж хэлж байжээ. Чехословакийн 1989 оны “Хилэн хувьс­галын” үеэр сөрөг хүчний ний­гэм, улс төрийн “Иргэний форум” бай­гууллагыг санаачлагчдын нэг нь Гавел байсан бөгөөд 1989 оны арван­хоёрдугаар сард ЧССР-ийн Холбооны чуулганаар түүнийг санал нэгтэйгээр ерөнхийлөгчөөр сонгосон юм. Вацлав Гавел таалал төгссөнтэй холбогдуулан Чехад үндэсний гашуудлын өдөр  зарлаад байна.

Гавел нас барахаасаа хэдхэн хоно­гийн өмнө Чех, Хятадын харил­цаанд хэрхэн нөлөөлөхийг нь үл хар­галзан Түвдийн лидер Далай ламыг гэртээ хүлээн авч уулзаж байлаа. Өнгөрсөн зургадугаар сард Оросын ерөнхий сайд Владимир Путинд Германы нэр хүндтэй “Квадрига” шагнал гардуулах болсныг эсэргүүцэн 2009 оны шагналыг буцаах ёстой гэж мэдэгдэж байв. Ингээд шүүгчид Путинд шагнал гардуулахаа больсон юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж