Болгоомжлол дагуулсан Хойд Солонгосын эргэлт

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Болгоомжлол дагуулсан Хойд Солонгосын эргэлт

Нийтлэг ярианд хэлж заншсанаар бол Хойд Солонгос буюу БНАСАУ-ын төрийн тэргүүнээр тус улсыг 17 жил удирдаж ард иргэдийнхээ хувьд их удирдагч-эцэг гэж хүндлэгдсээр ирсэн Ким Чен Ир 69 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь ард түмэндээ гашуудал авчирсан бол олон улсын тэр дундаа бүс нутгийн хувьд сэрэмж болгоомжлолыг нь дээд цэгт нь хүргэсэн гэнэтийн цочрол үүсгэжээ.

Ким  Чен Ир нь өөрийн эцэг болох БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сенийг 1994 онд таалал төгссөний дараагаас улс орноо удирдах болсон. Хэдийгээр энэ хугацаанд түүний эх орон олон улсын хамтын нийгэмлэгт хаалттай хэвээр байсан ч ард түмэндээ эцэг хэмээн хүндлэгдэж ирэхэд нь хангалттай хугацаа байжээ. Түүний гэнэтийн үхлийн шалтгааныг Хойд Солонгосын төрийн телевизээр ажлын ачааллаас болж бие болоод сэтгэл санааны дарамтыг дааж гараагүй гэх байдлаар тайлбарласан байжээ. Өмнө нь 2008 онд түүний биеийн байдал эрс муудаж зүрхний архаг дутагдалд орж байсан юм байна. Чихрийн шижин өвчний хүнд шатанд орсон түүний биеийн байдал эрсдэлтэй нөхцөлд байсан гэж олон эх сурвалж мэдээлж байгаа юм.


Түүний нас барсан бусад нөхцөл байдлын талаар мөн л янз бүрийн мэдээллүүд гарсаар байна. Албан эх сурвалжаас түүнийг ажил хэргийн айлчлалаар нийслэлээсээ гадуур галт тэргээр зорчиж байх үедээ нас барсан гэж мэдээлж байгаа бол өөр мэдээлэл ч бас байгаа аж. Тухайлбал түүнийг Хойд Солонгосын амралтын газруудаар дайран өнгөрч амрах байдалтай явах үедээ таалал төгссөн гэж байгаа бөгөөд Ким Чен Ир үнэтэй шарз болон тамхийг их хэмжээгээр хэрэглэх зуршилтай байсан нь үхэлд хүргэх нэг шалтгаан байсан гэж дурдаж байгаа юм. Бас нэг анхаарал татсан зүйл бол Ким Чен Ирийг гурав хоногийн өмнө буюу бямба гаригийн  өглөө нас барсан гэж байгаа бөгөөд энэ явдлыг чухам яагаад ийнхүү олон хоногоор нууж, нийтэд мэдээлээгүй байсан нь гайхалтай.

Үүний цаана улстөрийн ямар нэг учиг нуугдаж байгаа гэх таамаглал ч байгаа юм. Учир нь Ким Чен Ирийн отгон хүү Ким Чен У-ийн залгамжлах эрхтэй холбоотой улстөрийн нарийн үйл ажиллагаа энэ хооронд явагдсан байх гэсэн хардлага байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор одоо хэн Ким Чен Ирийг залгамжилж Хойд Солонгосыг удирдах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Зарим мэдээллийн эх сурвалж Ким Чен Ир нас барахаасаа өмнө отгон хүүдээ эрх мэдлээ гэрээсэлсэн гэх мэдээлэл гаргаж байгаа бөгөөд энэ нь одоо дөнгөж 27 настай байгаа Ким Чен У-г дэлхийн хамгийн залуу төрийн тэргүүн болгохоор байна. Тэгэхдээ бүр ямар гээч..? Цөмийн зэвсгээрээ сүр далайлгасаар ирсэн хоёр сая орчим цэрэг бүхий томоохон армитай, 27 сая хүнтэй цэрэг зэвсгийн чамгүй хүчирхэг улс орныг түүнд өгч байгаа юм.

Одоо Ким Чен У-ийн талаар товч дурдья. Угаасааа ч Хойд Солонгосын удирдлагын талаар тийм ч их дэлгэрэнгүй мэдээлэл гараад байдаггүй. Тэрээр 1984 онд төрсөн бөгөөд сонирхолтой нь тэрээр уламжилж ирсэн гэр бүлийн хүмүүжлийн орчноо өөрчилж чадсан байж болох нэгэн аж. Учир нь тэрээр хэсэг хугацаагаар тухайлбал, 2000 оны орчимд Швейцарьт амьдарч байсан баримт байдаг.Тэнд байх хугацаандаа барууны залуусын нэгэн адил зүйл сонирхож, өвөг дээдсээсээ уламжилж ирсэн хаагдмал ертөнцийн хэв маягаас арай өөрөөр ертөнцийг хардаг, харьцуулдаг байсан байж болох юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол Ким Чен У нь Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн лиг NBA –ийн одод болох Коби Брайнт, Тони Кукоч нартай хамт зургаа авахуулж байсан баримт байдаг аж. Мөн нөгөө талаар түүний эцэг Ким Чен Ир амьд сэрүүн байхдаа эхлээд түүний ахыг залгамжлагчаараа тавихаар зэхэж байсан гэдэг. Гэвч Макаод амьдардаг ууган хүү нь барууны оронд зугаа цэнгэлийн газраар очих болсонд дургүйцсэн Ким Чен Ир энэ санаагаа орхиж харин удаах хүүгээ сонгох болсон гэнэ.

Энэ бүхнээс эргэцүүлэн үзэхэд их удирдагчийн залгамж халааг авахад түүний хүү Чен У төдий л сайн бэлтгэгдэж амжаагүй байсан гэх үндэслэл байгаа юм. Мөн үүнээс гадна барууны ертөнцтэй илүү сайн танилцсан тэрээр магадгүй Хойд Солонгост олон өөрчлөлтийг ч авчирч болох юм. Ямар ч байсан Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ким Чен У-г тус улсын дараагийн удирдагч гэдгийг хүлээн зөвшөөрч, түүний удирдлагыг дагахыг ард олондоо уриалсан уриалгууд гарч байгаа юм байна.


Тэрээр эцгийнхээ оршуулгын ёслолыг зохион байгуулах комиссийг удирдахаар болсон бөгөөд энэ комисст нийт 232 хүн багтаж байгаагаас үзэхэд их удирдагчийн оршуулгын ёслол нэлээд том ажил болох бололтой. Ким Чен Ир-ийг энэ сарын 28-д Пхеньян дахь мавзолейд байгаа БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сенийн занданшуулсан шарилын дэргэд оршуулах аж. Харин Хойд Солонгосын их удирдагчийн оршуулгад гадаадын ямар ч зочин төлөөлөгчийг урихгүй байхаар шийдсэн тухай мэдээлэл гарч байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Өмнө нь Ким Ир Сенийн оршуулах ёслолд гадаадын зочид төлөөлөгчид оролцож байсан атал энэ удаад оролцуулахгүй гэж шийдсэн нь олон сэжиг таамаг төрүүлж байгаа ажээ.

Ямар ч байсан Хойд Солонгост шинэ удирдлага гарч ирэх нь тодорхой болсон ч тус орны зүгээс цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах нь тодоорхойгүй байгаа энэ үед хөш зэргэлдээх орнууд болон Хойд Солонгосын асуудалд анхаарч ханддаг улс орнуудын зүгээс янз бүрийн байр суурь илэрхийлж мөн шаардагдах арга хэмжээг авсаар байна. Хөрш зэргэлдээх орнууд болох БНСУ болон Япон зэрэг улсын зүгээс нөхцөл байдалд маш сэрэмжтэй хандаж байгаа бөгөөд энэ үйл явдлын араас Хойд Солонгос ямар нэг цэргийн ажиллагаа явуулахаас машид болгоомжилж байгаа юм. Тиймээс тус бүрдээ шаардлагатай гэж үзсэн арга хэмжээнүүдээ авч эхэлжээ.

Өмнөд Солонгост армийн бие бүрэлдэхүүндээ онц байдалд бэлэн байх дэглэм тогтоож, усан хилийн дагуу хяналтаа чангатгаж эхэлсэн байна. Мөн тус улсад олон нийтийн дунд зохиогдох гэж байсан арга хэмжээнүүдийг бүгдийг нь цуцлах шийдвэрийг БНСУ-ын ерөнхийлөгч гаргасан байна. Мөн тус улсын цагдаагийн газраас улс орон даяар хэв журам сахиулах бие бүрэлдэхүүн онцгүй байдлын дэглэмээр ажиллах үүрэг өгсөн байна.

Тэгвэл Японы Засгийн газар үйл явдал гарсан даруйд яаралтай хуралдан аюулгүй байдлын асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Японы ерөнхий сайд гэнэтийн явдлаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авахад бэлэн байхыг тушаасан байна. Энэхүү гэнэтийн явдал гэдэг дотор хил орчмын хурцадмал нөхцөл байдал үүсэх зэрэг асуудлууд багтана гэж тэрээр хэлжээ.

Гэвч нөгөө талаар асуудал бас ч тэгж их дэвэргэхээргүй намжмал байдалтай өнгөрнө гэсэн найдлага бас байгаа аж. Учир нь оршуулах ажил зарлагдсаны дээр болох үйл явцын цаг хугацааны тов гарч байгаа нь ямар ч байсан Хойд Солонгосын их удирдагчийг эцсийн замд нь үдэх ёслол өнгөртөл ямар нэг хурцадмал байдал үүсэхгүй гэх таамаглал ч бас байгаа билээ.

М.НАСТ

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Гашуудан уйлж буй видеог ЭНД дарж үзнэ үү.

Тоймчийн тоймийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж