П.Сэрдамба “Бөртэ чоно”-ын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба “Бөртэ чоно”-ын эзэн боллоо

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2011” ёслолын ажиллагаа өнөөдөр болж, 2011 онд спортын талбарт шилдэг нь байж чадсан тамирчин, дасгалжуулагч, спорт холбоодыг тодрууллаа. Уламжлал ёсоор Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний саналаар “Бөртэ чоно”-ын гол номинаци болох шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг тодруулсан юм.

Улмаар шилдгийн шилдэг тамирчнаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба шалгарч, “Бөртэ чоно”-ын эзэн болов. Тэрбээр энэ жил Азербайжаны нийслэл Баку хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Лондонгийн олимпод оролцох эрхээ авсан төдийгүй дэлхийн аваргаас хошой медаль зүүсэн Монголын анхны боксчин болсон билээ. Гэхдээ олимпийн боксын шигшээ багийн тамирчид энэ өдрүүдэд Казахстанд хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцож буй тул “Бөртэ чоно”-ын гол шагналын эзэн харамсалтай нь эзгүй байлаа. Харин 2011 оны шилдгийн шилдэг дасгалжуулагчаар чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар шалгарсан бол оны шилдэг багаар бөмбөгтэй хоккей буюу бэндийн үндэсний шигшээ баг тодров.

“Бөртэ чоно-2011” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

  • Олимпийн танхим: Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн “Одод” олимпийн танхим
  • Олимпийн зөвлөл: Баянзүрх дүүргийн “Нагано” олимпийн зөвлөл (дарга Ч.Төмөрчөдөр, арга зүйч С.Тунгалаг)
  • Ерөнхий нарийн бичгийн дарга: Ч.Зоригтбаатар /Монголын хөнгөн атлетикийн холбоо/
  • Ерөнхийлөгч: Э.Мөнх-Очир /Монголын буудлага спортын холбоо/
  • Шилдэг холбоо: Монголын бүжгийн спортын холбоо, Монголын цанын холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо
  • “Спортын ололт, амжилт” шилдэг холбоо: Монголын чөлөөт бөхийн холбоо
  • “Спортын менежмент, хөрөнгө оруулалт”: Монголын жүдо бөхийн холбоо
  • 2011 оны шилдэг баг: Бэндийн үндэсний шигшээ баг
  • Шилдэг дасгалжуулагч:    
    • Ц.Бадамхатан /байт харваа/ – 42 оноо
    • Д.Ганзориг /бокс/ – 60 оноо
  • Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Т.Сүхбаатар /чөлөөт бөх, эмэгтэй/ – 117 оноо
  • Шилдэг есөн тамирчин:   
    • О.Насанбурмаа /чөлөөт бөх/ – 363 оноо
    • Д.Отгонцэцэг /чөлөөт бөх/ – 330
    • Б.Сэр-Од /хөнгөн атлетик/ – 302
    • Б.Гангаамаа /уулын спорт/ – 228
    • П.Лхамдэгд /жүдо/ – 203
    • М.Бундмаа /жүдо/ – 202
    • С.Мөнхбат /үндэсний бөх/ – 193
    • Б.Оюунсүрэн /чөлөөт бөх/ – 184
    • У.Мөнх-Эрдэнэ /бокс/ – 176
  • Шилдгийн шилдэг тамирчин: П.Сэрдамба /бокс/ – 510 оноо

Зургийн цомогийг Энд дарж үзнэ үү
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж