
Азаров өмнөх удирдлагаа төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсанд нь буруутгаж байна. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны улмаас төрийн санд 100 тэрбум гривен буюу 12,4 тэрбум ам.долларын хохирол учирсан гэжээ. Тимошенко төсвийн мөнгөөр өөрийн сонгуулийн кампанийг явуулсан гэж Азаров хэлсэн юм.
Засаг төр солигдсоны дараа Украины шинэ удирдлага Тимошенко ба түүний багийг авлигын хэрэгт буруутган хэргийг шүүхэд хүргэхээр амласан байна. Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ерөнхийлөгч Виктор Янукович өмнөх Засгийн газартай холбоотой 30 эрүүгийн хэргийг мөрдөж байна хэмээн мэдэгдсэн билээ. Үүнээс хэд хоногийн дараа “мөрдөн байцаалтад зуу орчим хэрэг байгаа ба түүнд дээд тушаал эзэлж байсан хүмүүс байна” гэж Николай Азаров мэдэгдсэнийг мэдээллийн агентлаг дамжуулжээ. Мөн тэрээр Тимошенкогийн Засгийн газрын үйл ажиллагааны шалгалтад гадаадын мэргэжлийн аудитийг оруулна гэсэн байлаа.