Мөнгө тараах, тойрог наймаалцах эрхгүй сонгууль

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Мөнгө тараах, тойрог наймаалцах эрхгүй сонгууль

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг эрхэм гишүүд удаж удаж гараас гаргав. Эрхэм спикерийг Наран улсад айлчлаад ирсний дараа барцад саад сая арилж МАН, АН-ын бүлгийн гишүүд мажоритариас хэдэн хувьтай нэр дэвшигчийг пропорциональ руу гулсуулах вэ гэдгээ тохирсноор хууль батлагдах зам шулуудсан юм. Мажоритар хэсэг дээр намуудаас нэр дэвшсэн тус бүр 48 хүнээс тойрогт өрсөлдөөд өндөр санал авсан ч өвдөг шороодвол пропорциональ буюу намын нэрийн жагсаалтаар дэвших 28 нэр дэвшигчийн тал руу шилжин орох эрх үүгээр нээгдсэн.  АН-ын бүлгийнхэн 26 хувиас дээш санал аваад өвдөг шороодвол пропорциональ руу шилжүүлье гэсэн бол МАН-ын бүлгийнхэн 30 хувь гэж хэсэг гэдийгээд, эцэст нь дундажлан 28 хувь болгосноор Сонгуулийн хууль батлагдах шатандаа орсон. Ингэснээр 28 суудалд намын нэрээр дэвшигчдийн дундаас доогуур нэр нь бичигдсэн хүмүүст төр түших найдвар тун тааруу болж буй. Мажоритар 48 суудлын 24-т ялалт байгуулсан нам 50 хувийн ялалтдаа тохируулан 28 нэр дэвшигчийнхээ 14-ийг УИХ-д оруулах боловч 28 хувийн босго даваад ойчсон мажоритар “бөхчүүд”-ээс 7-8 нь шилжин орж ирвэл мөнөөх 14-өөс төдий тооны хүн уруудаж гулсана гэсэн үг. Хэдийгээр анх удаа эмэгтэй нэр дэвшигчдэд шинэ хуулиар 20-иос доошгүй хувийн квот өгсөн ч намын нэрсийн жагсаалтад доогуур бичигдвэл 28 хувийн босго даваад ойчигсдод түрэгдээд алга болж мэдэх нэг аюул бий. Тиймээс нэрсийн жагсаалтын 10-аас хойш оруулбал хүлээж авахгүй гэж тэмцэхээс өөр арга эмэгтэй нэр дэвшигчдэд алга.

Шинэ Сонгуулийн хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ. Төрийн алба хашигчдаас УИХ-д нэр дэвших гэвэл энэ өдрөөс албан ажлаа хүлээлгэж өгөөд зургадугаар сарын сүүлээр тоосоо үзэхээ хүлээн бэлтгэлээ базааж гэр зуур суух юм. Яагаад гэр зуур вэ гэвэл мөнгө төгрөг тараах, бэлэг сэлт түгээх, хүн хартай хамаагүй уулзах зэрэг сэжиг нэр дэвших хүнээс илэрвэл Сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт унахад тун амархан болсон учраас тэр. УИХ-ын гишүүд ч ялгаагүй явдал суудлаа хянахгүй бол хууль зөрчсөн хэргээр нэр дэвших эрхээ амархан хасуулж мэдэхээр болсон. Ямар сайндаа Д.Арвин гишүүн “Цагаан сараар уул овоо тахиж өндөр настанд гарын бэлэг өгвөл юу болж таарах вэ”  хэмээн асуусан хэрэг. Гишүүдийн нэг хэсэг нь “Цагаан сараар нэр дэвшигч тодроогүй байх тул үүнд санаа зоволтгүй” гэсэн бол нөгөө хэсэг нь “Нэгдүгээр сарын 1-нээс хууль үйлчлэх тул болохгүй байх аа” хэмээн эмээж буй.
Нэр дэвшигчид бие даагч л биш бол намынхаа мөрийн хөтөлбөрөөс өөр хөтөлбөр гаргаад өөрийгөө сурталчлаад явахыг шинэ хуулиар хорьсон. Бас арван хэвлэлийн хуудсаас илүүгүй хэвлэмэл материалаар сурталчилгаагаа хязгаарлахыг үүрэгдээд байна. Цаг, календарь гээд юухан хээхэн дээр гарын үсгээ зурж, зураг хөргөө хэвлүүлж тараах ч гэмт хэрэгт тооцогдох болоод байгаа. Мөнгө тарааж байгаад баригдвал нэр дэвшигчийн данснаас нэг мөсөн хасагдах тул хэтэвчинд бас ч хэмнэлтэй сонгууль болох шинжтэй.

Хэвлэл, мэдээллийн байгууллагад худал мэдээлэл өгч өрсөлдөгчөө намнах гэвэл сарын хөдөлмөрийн хөлсийг 50-70 дахин нугалсан хэмжээгээр торгууль үүрэхээр болсон. Хэлэлцүүлгийн явцад энэ торгуулийг хэвлэлд тохож үзэх гэсэн ч сэтгүүлчид хэл ам таталж, З.Алтай гишүүн ширүүхэн сөргөлдөж байж өөрсдөө гэмээ үүрэхээр болсон. Тиймээс төлбөрт материал гаргуулбал нэрээ тодоос тод бичих үүргийг нэр дэвшигчид хүлээхээр болов.

Үндэсний цөөнх бүхий Баян-Өлгий аймгийн мандат нэгээр цөөрсөн ч намууд пропорциональ талдаа нэг нэг казах хүн багтаах үүрэг авлаа. Жендэр болоод үндэсний цөөнхөө харгалзаад нэг нэг казах бүсгүйн нэр тавьчихмаар ч юм уу.

Сонгогчдын хувьд хайрцгаар урьдчилж санал өгөх, лоббиддог нэр дэвшигчийнхээ төлөө хаягаа шилжүүлж аваад өөр газар сонгуульдах, автобусаар зөөлгөж өдрийн хоолоор шагнуулангаа энд тэнд очиж нэр дугуйлах явдал ирэх сонгуулиас тас хоригдож буй. Хэвтрийн өвчтэй хүмүүсийг бүр сарын өмнөөс эмчийн магадлагаагаар хаягийг нь авч харуул хамгаалалт дор хайрцгаар санал авах юм гэсэн. Тэгэхгүй бол хөдөө сумын сонгогчид сонгуулийн өдөр бүхэл бүтэн багаараа шахам “мориноос унаж бэртээд” гэр гэртээ хайрцагтай хүн зална гээд хэвтчихдэг юм гэсэн. Ирэх сонгуульд гадаадад байгаа монголчууд анх удаа ЭСЯ, консулаараа дамжуулан онлайнаар оролцоно. Ингэхдээ тэдэнд тойрог байхгүй тул зөвхөн пропорциональ талд, намын нэрийн жагсаалтаар нэр дэвшсэн 28-д л саналаа өгөх эрхтэй.

Авхаалжтай нэр дэвшигчид урьд өмнөх сонгуулиар тойргоо зарж баяждаг байв даа. Тэртэй тэргүй гарч ирэхгүй жижиг намын нэр дэвшигч нэр татах боломжтой хугацаа дуусахын даваан дээр “Өрсөлдөгчөө хүндэтгэн нэрээ татлаа” гэдгээ сүр бараатай зарлаж, “ялахгүй ч санал хуваах нь” хэмээн эмээж байсан нөгөө нэр дэвшигчээсээ “гарын бэлэг” хүртээд зам тавьж өгдөг байсан балай үзэгдэл ирэх жил давтагдахгүй. Тэгээд ч намуудад таван хувийн босго тавьж өгсөн тул бүлэг байгуулдаггүй юм гэхэд сөрөг хоолой гаргаад байх ганц нэг төлөөлөл бусад намуудаас УИХ-д орох боломж нээгдсэн.

Санал авах өдрийг ажлын өдөр болгон өөрчилсөн бас нэг шинэ зүйл бий. Амралтын өдөр дэлгүүр, захыг нь хаагаад ч санал хураах байр руу явахаас төвөгшөөх хүн олширсон тул ажилд явангаа саналаа хураалгах юм гэсэн. Ингэхдээ удахгүй гар дээр авах цахим үнэмлэхээрээ машинд саналаа өгөхөөрөө бас өвөрмөц. Тойрогт нэр дэвшигчийн, намын нэрийн жагсаалтаар дэвшигчийн гээд хоёрын зэрэг саналын хуудас бөглөөд саналын хайрцагны оронд машин руу шургуулаад сонгогчийн дөрвөн жилд  нэг удаа төр барих эрх шувтарна.

Иймэрхүү сонин хачинтай Сонгуулийн хууль шинэ он гармагц хүчин төгөлдөр болж сонгуулийн тоосны үзүүр нүдэнд харагдаж эхлэх гэж байна.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж