Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр харьяа газар, агентлагийн удирдлагууд хариуцсан ажилтайгаа холбоотой мэдээлэл өгөв. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төвийн захирлууд тайлангаа тавьлаа. Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийнхөн 150 орчим иргэнийг илчлэг тэжээлтэй халуун хоол хөтөлбөрт бүтэн жил хамруулж, 210 иргэнийг түр болон байнгын ажилд зуучилжээ. Тус төвд харьяалалтай нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн 90 орчим хувь нь иргэний үнэмлэх, бичиг баримтгүйн улмаас төрөөс үзүүлж буй халамж дэмжлэг авч чаддаггүй байсан байна. Тэднийг бичиг баримттай болгосноор 21 мянган төгрөгөө амьдрал ахуйдаа хэрэглэх боломж бүрдүүлжээ. Нийгмийн эмзэг бүлгийнхэнд үзвэр үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ олонд танигдсан хүмүүсээр лекц уншуулж, ирээдүйдээ итгэх итгэлийг өгсөн тухай танилцуулав. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төвд ч нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд өсч хүмүүжиж байна. Өнөөдрийн байдлаар 109 хүүхэд амьдарч, суралцаж буй юм байна. Эцэг эх нь насбарсан, хойд эцэг эхтэйгээ хамт амьдрах боломжгүй гээд гадуурхагдсан ирээдүй тэнд өсч байна. Хүүхдүүдийг сонсьё, хайрлая, дэмжье, хөгжүүлье уриан дор ажиллаж байгаа талаараа дарга нь мэдээлэл хийв. Төвийн ажил байдлыг сайжруулах чиглэлээр хүүхэд бүрээс санал авчээ. Хүний нөөц боловсон хүчний чадварыг сайжруулахад анхаарч, сургууль завсардалтаас сэргийлэхэд анхаарлаа хандуулжээ. Үүний зэрэгцээ амьдрахын ухааны сургалтыг ч давхар явуулсан байна. Өнөөдрийн хурал дээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Төмөрчулуун нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар, УБЦТС, Нийслэлийн архив, Нийслэлийн нийгмийн даатгал, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газрын удирдлагууд тус тус товч мэдээлэл хийлээ. Өнөөдрөөс ЕБС-уудын багш нар ажил хаялтаа зогсоож хүүхдүүд сургуульдаа явна. Багш нарт цалинг нь бүтэн олгох ёстойг Хотын мээр онцлов. Удахгүй шинэ жил болно. Энэ жил Сүхбаатар дүүрэг төв талбай дээрх шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах юм байна. Хотын ерөнхий менежер Ч. Бат шинэ жилээ хоггүй, халтиргаагүй тэмдэглэн өнгөрөөхийг дүүрэг, харьяа газар, хотын иргэддээ уриаллаа.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn