Сургуулиудад шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Сургуулиудад шалгалт хийжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2011 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу МХЕГ-ын даргын баталсан удирдамжаар Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчдад  боловсрол, мэргэжил эзэмшүүлж буй  байдалд шалгалт  хийжээ.

Шалгалтад сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25, 55, 63, 70 дугаар тусгай сургуулиуд болон эдгээр сургуулиудын удирдах ажилтан 10, арга зүйч дөрөв,  нийгмийн ажилтан зургаа, эмч долоо, багш 23 хамрагдсан байна. 2011-2012 оны хичээлийн жилд шалгалтад хамрагдсан тусгай сургуулиудын 138 бүлэгт оюун ухааны бэрхшээлтэй 799, сонсголын бэрхшээлтэй 363, харааны бэрхшээлтэй 77, хавсарсан бэрхшээлтэй 429 нийт 1668 сурагч суралцаж байгаа аж.

Шалгалтад хамрагдсан сургуулиудаас сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, 70 дугаар тусгай сургуулийн удирдлага, багш нар бусад ерөнхий боловсролын сургууль, багш, иргэн, олон нийтэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж тал дээр санаачлагатай ажилласан байна.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн багш нар Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 245 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "Монгол дохионы хэлний стандарт" боловсруулах ажлын хэсэгтэй хамтран ажиллахын зэрэгцээ сургуулийнхаа дохионы хэлний ажлын хэсгийг байгуулан СӨБ, бага, суурь, бүрэн дунд, мэргэжлийн боловсролын түвшинд сургалтанд өргөн хэрэглэгддэг шаардлагатай үгсийн жагсаалтыг хичээл бүрээр гарган дохиожуулах ажлыг зохион байгуулж байгаа зэрэг дэвшилттэй тал ажиглагдсан байна.

Харин тусгай хэрэгцээт боловсролын батлагдсан MNS дугаартай стандарт байхгүй байгаа нь  хэд хэдэн хуулийн  дүрмийн заалтыг зөрчжээ. Мөн хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоох, тусгай сургуульд суралцах хүүхдийг тодорхойлох нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс  байхгүй, тусгай сургуулийн сургалтын агуулга хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн ном, сурах бичиг байхгүй ердийн сургалттай ЕБС-ийн сурах бичгийг сургалтанд ашиглаж байгаа, сүүлийн 10-15 жил тусгай сургуулийн сургалтын агуулга хөтөлбөрт нийцсэн сурах бичиг хэвлэгдээгүй, хуучин сурах бичгүүд нь муудан эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон, тухайлбал: харааны бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургалттай ЕБС-ийн жижиг үсэгтэй сурах бичиг хэрэглэхэд хүндрэлтэй,  зөвхөн  хоёр хичээл брайль үсгийн сурах бичигтэй, 25 дугаар тусгай сургуульд 1-р ангийн цагаан толгойноос өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан сурах бичиг байхгүй  зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн байна.

Шалгалтын явцад тусгай сургуулиудын захирал, сургалтын менежер болон зарим багш нарт хууль, журам, тушаал, шийдвэрүүдийг сурталчилж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, 25, 55 дугаар тусгай сургуулиудад тус бүр дөрөв, 70 дугаар тусгай сургуульд зургаа, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд гурав, нийт 21 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.

Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дууссан нөхцөлд үйл ажиллагаа эрхэлсэн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль,  харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулиудад Боловсролын тухай хуулийн 48.2.4 дах заалтыг үндэслэн тус бүр 200.0 мян төгрөгийн, боловсролын стандартыг мөрдөж ажиллаагүй сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн сургалтын менежер, захирлын үүрэг хавсран гүйцэтгэгч М.Ганцэцэг, 70 дугаар тусгай сургуулийн сургалтын менежер Г.Цэгмид нарт Боловсролын тухай хуулийн 48.2.7 дах заалтыг үндэслэн тус бүр 50 мянган төгрөгийн, нийт 500.0 мян.төгрөгийн шийтгэвэр ногдуулсан талаар нийслэлийн МХГ-аас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж