Тэтгэврийн гурван давхраат тогтолцоонд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн гурван давхраат тогтолцоонд шилжинэ

Өнөөдөр Төрийн ордонд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яамнаас хамтран Ахмад настны асуудлаарх зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди ахмадууд нь “хөдөлмөрийн хагас фонд” юм хэмээгээд тэтгэвэр, тэтгэмжийн зэрэгцээ хэр таарсан ажил хөдөлмөрөөр тэднийг хангах нь  улс орны хөгжилд ч өөрсдийнх нь амьжиргаанд ч тустай гэж байлаа. Монголын нийт ахмадын 12 хувь нь тогтмол бус, улирлын, цагийн чанартай ажил эрхэлдэг байна. Эрчүүд хувиараа аж ахуй эрхлэх нь түгээмэл бол эмэгтэйчүүдийн дийлэнх нь өрх гэрийн цалингүй хөдөлмөр эрхэлж ач, зээгээ хардаг аж. 55 наснаас дээш ахмадын 16 хувь нь ажилтай бол 60-аас дээш насныхны зургаан хувь нь ажил хийдэг байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр 50 хүрээгүй насандаа тэтгэвэрт гарсан цэргийнхэн, олон хүүхэдтэй эхчүүдэд ажил олдох нь тааруу байдгийг уулзалтын үеэр дурдаж байлаа. Ажил эрхлэлтээр 60-64 насныхан арай өндөр үзүүлэлттэй гарчээ. Сайн дурын даатгуулагчдаас өндөр насны тэтгэвэрт шилжигсэд цөөн байдаг нь халамжийн тэтгэвэр авагчдын тоог нэмэгдүүлэх хандлагатай байгааг сайд Т.Ганди анхааруулж байв.

Тэтгэврийн шинэчлэл хийх үүднээс гурван давхраат тогтолцоонд шилжих нь зүйтэй гэсэн байр суурийг тэрбээр илэрхийллээ. Сайн дурын арилжааны даатгал, тэтгэврийн даатгал, халамжийн болон суурь тэтгэвэр гэсэн гурван давхраанаас энэ нь тогтох юм байна. Нийт ахмадын 90 хувь нь тэтгэвэр авдаг аж. Монголын хүн амын 35,2 хувь нь ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай, тэдний 12 хувийн өрхийн тэргүүн нь 60 ба түүнээс дээш насныхан юм байна.

Өнгөрсөн хугацаанд ахмад дайчдын орон сууцанд төсвөөс 56,7 тэрбум төгрөг зарцуулж, 1620 дайчинд байр олгожээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж