Сонгуулийн хууль ба цэц

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль ба цэц

Хуульч О.Алтангэрэлийн булан үргэлжиж байна.

УИХ Сонгуу­лийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсантай холбогдуулан улс төр ид бужигнаж байна. Нэр дэвшиж гишүүн болох эрмэлзэлтэй төрийн албан хаагчид шийдвэрээ гаргаж, намууд сонгуулийнхаа тактикийг боловс­руулан улстөрч бүхэн энэ хуулийн хүрээнд хэрхэн ажиллах талаараа бодож, төлөвлөж байна.

Энэ бүхнийг дагаад удаан хуга­цаагаар ярьж байгаа нэг асуудал бол энэхүү хууль Үндсэн хуулийн Цэц дээр очоод бүдрэх эсэх тухай юм. Урьд нь Үндсэн хуулийн Цэц олон хуулийн холбогдох заалтуудыг “Үнд­сэн хууль зөрчлөө” хэмээн үзэж дүгнэлт гаргаж байсан. Энэ бүхэнд түүнийг тойрсон маргаан дэгдэж, Цэцийн шийдвэр зөв эсэх талаар хэлэлцдэг ч “Цэцийн дээр хөх тэнгэр бий” гэж ярьдагчлан тэгсхийгээд намддаг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл МАХН-ын нэртэй холбоотой томоохон дуулиан дэгдсэний дараа УИХ-ын гишүүдийн өөрсдийгөө дархал­сан заалтыг хүчингүй болго­сон шийдвэр гаргасан.

Гэхдээ УИХ-ын Сонгуулийн тухай хууль бол нэг намын нэр, эсвэл 76 гишүүний эрх түдгэлзүүлэх тухай асуудалтай зүйрлэшгүй амин чухал зүйл. Засгийн газраа бүрдүүлэн улс орныг дөрвөн жил удирдаж, бидний өдөр тумын амьдралд дагаж мөрдөх хуулийг батлах улс төрийн хүчнийг сонгох тухай маш хариуцлагатай асуудал. Энэ асуудалд улс төрийн нөлөөлөл, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн үүднээс хандвал тооцоолж барамгүй олон сөрөг үр дагавар үүснэ.

Үндсэн хуулийн Цэц урьд нь бол иргэд төдийлөн ханддаггүй, байсхийгээд өргөдөл гаргадаг ганц идэвхтэн Ламжав гуайдаа хэвлэл, олон нийт нь “иргэн” гэдэг гуншин өгчихсөн газар байлаа шүү дээ. Эдүгээ эргээд харахад “Иргэн Ламжав гуай одонгоор шагнуулахуйц гавьяа байгуулсан” гэж би хувьдаа дүгнэдэг юм. Харин жил ирэх тусам иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилснийх үү, УИХ-аас эргэлзээтэй хууль олныг баталсных уу, маргааны тоо сүүлийн жилүүдэд эрс өсч олны анхаарал татах болсон.

Цэцийг “Улстөржсөн шийдвэр гарга­лаа” гэж шүүмжлэх, “Улстөрж­сөн шийдвэр гаргах вий” гэж болгоомж­лох явдал олонтаа гардаг. Үүний учир шалтгааныг хөөвөл Цэцийн бүрэлдэхүүн дэх есөн гишүүнийг томилохдоо Ерөн­хийлөгч, УИХ, Улсын дээд шүүх тус бүр гурвыг санал болгосноор зургаан жилийн хугацаатайгаар УИХ томилдогтой холбоотой. Өөрөөр хэлбэл гуравны хоёрыг нь улс төрийн албан тушаалтнуудын зүгээс санал болгож, бүгдийг нь улс төрийн албан тушаалтнууд томилдог тул ийм хардлага дагуулах нь аргагүй. Товчхондоо аливаа улс төрийн нам хүчинтэй ойлголцдог, тэдний итгэлийг хүлээсэн хүмүүс л Цэцийн гишүүний суудалд заларна.

Гэтэл тэдний шийдвэрлэж буй маргаан нь хууль зүйн гүнзгий мэдлэг, тэр тусмаа Үндсэн хуулийн эрх зүйн нарийн мэргэшил шаардсан, хэрхэвч улстөржиж боломгүй асуудлууд байдаг. Нэгэнт томилогдсон бол тэдэнд нөлөөлөх, бүрэн эрхэд нь халдах явдлыг хуулиар хориглодог тул Цэцийн гишүүний халдашгүй байдлыг хадгалж, зөвхөн Үндсэн хуульд захирагдаж шийдвэр гаргах эсэх нь тухайн гишүүнээс шалтгаална. Харин дахин томилогдох эрмэлзэл, суудлаа хадгалж үлдэхийн төлөөх хүслээ дагавал тэр нь мөнөөх л улс төр рүү хөтөлж, Үндсэн хуульт ёсны үзэл санааг уландаа гишгэхэд хүргэнэ. Ингэж л хэрхэвч болохгүй.

Үндсэн хууль бол яруу сайхан монгол хэлээр, энгийн ойлгомжтой бичигдсэн хууль. Нээгээд уншиж эхэлмэгц л энэ нь мэдрэгддэг. Гэхдээ энэ нь хэн бүхэн дураараа ойлгож, бас хүссэнээрээ тайлбарлаж болно гэсэн үг биш ээ. Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаан нь бусад салбар эрх зүйн шинжлэх ухаантай харьцуу­лахад онолын нарийвчилсан мэдлэг шаарддаг. Үзэж судлах зүйл ч ихтэй. Өнөөгийн Үндсэн хуулийг хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцэж баталсан талаарх хэдэн мянган хуудас материал хадгалагдаж, тэд­гээрт манай ард түмний өнцөг булан бүрээс сонгогдсон тухайн үеийн нийгмийн сор болсон хэсгийнхний үзэл бодлыг тусгасан гэж бодохоор үгүйдээ л түүнийг нь мэдэхгүй байж хоосон цэцэрхэж болохгүй. Яг үүнтэй адил хүн төрөлхтөний хэдэн зууны турш бий болгож хөгжүүлсэн мэдлэгийн зах зухтай нь ч болов танилцсан байх хэрэгтэй. Тэрхүү мэдлэгийг эзэмшсэн хүмүүс л Үндсэн хуульд тусгасан асуудлыг системтэй, зөв тайлбарлаж чадна. Мөн тийм л хүмүүс Цэцийн бүрэлдэхүүнд багтаж, аливаа хууль Үндсэн хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргах ёстой. Даанч манайд аль ч салбарт эрдэмтдийн үгийг сонсох, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж үр дүнгээр нь асуудлыг шийдвэрлэх явдал нүдний гэм болж дээ.

Ямар сайндаа их мэдэгчид “Үндсэн хуульд “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэж заасан мөртлөө хүнийг хамгаална гэж заагаагүй” гэж мушгиж байх вэ. Гэтэл “Энэхүү заалт нь Монголын ард түмний үндэсний баялаг болсон нүүдэлчин ард түмний уламжлалт мал аж ахуйг хамгаалах, мал сүргийн генефондыг хадгалах зорилгоор тусгасан заалт” гэдгийг Б.Чимид гуай тайлбарлан өгүүлж байсан юм.

Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр нэгэнт ирж, баялгийн тэгш бус хуваарилалт, ядуурал зэрэг олон асуудалтай тулгаран буй энэ хүнд үед дээрх асуудалд хамгийн чухал оролцоотой байх УИХ-ыг бүрдүүлэх Сонгуулийн тухай хуулийн талаар түүхэн шийдвэр гаргах хувь заяа өнөөгийн Цэцийн гишүүдэд оногдож байна. Гэхдээ энэ нь зөвхөн Цэцийн есөн гишүүний асуудал биш. Нийт Монголын хувь заяатай холбоотой асуудал мөн. Тийм учраас Б.Чимэд гуайг, Х.Тэмүүжинг, иргэн Ламжав гуайг, ер нь Үндсэн хуулийн эрх зүй судлаач, нийт эрдэмтдийг энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхийг уриалж байна. Шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хууль иргэдийн чөлөөтэй, “шууд” сонгох эрхийг хөндсөн эсэ­хийг ямарваа улстөржилт, хувийн амбиц­гүйгээр, жирийн иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлаж өгөөч. Чухам ийм үед л та бүхний мэдлэг ард түмний чиг баримжаа болох учиртай шүү дээ.

Хуульч О.Алтангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж