Учир нь манайхан ямар нэгэн асуудал үүсэхэд эхлээд танил талаа эрж гүйдэг. Жишээ нь, иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд ямар бичиг баримт авч, УБЕГ-т очих вэ гэж бодохоосоо урьдаар “иргэний бүртгэлд ажилладаг танил ямар хүн байдаг билээ. Тэр бичиг баримтыг нь цуглуулах гэж төвөг. Тэгж байснаас зүгээр хэдэн төгрөгийг нь өгөөд, иргэний үнэмлэхээ гаргуулсан нь хавьгүй амар” гэх хүн олон. Ингэж бид хүнд суртал, авлигыг өөхшүүлдэг хэрнээ. “Энэ төрийн албан хаагч нар ч арай дэндэж байна” хэмээн муулах дуртайг нь яана.
Түүнээс гадна бид төрийн албан хаагч нар хүнд сурталтай хэмээн нийтээр нь хамруулж ярих биш. Тэр хүнд суртал гаргаад байгаа нөхрийг нь барьж, баталж сурах хэрэгтэй байгаа юм.
Нэг зальжин нөхөр төрийн албан хаагчийн суудалд сууснаар хүнд суртал гаргаж, мөнгө угаах хэрэгсэл болгосноор, төрд алба хааж байгаа бүх хүмүүсийг хараар будаж болохгүй. Тэр дунд ажлаа үнэнчээр хийх гэсэн зүтгэлтэй нэгэн байгаа ч юм бил үү. Тиймээс манайхан төрийн албан хаагчдаас “Цайндаа гарсан. Таны асуултад хариулах хүн түр гарсан. Би наадахыг чинь яаж мэдэх юм” гэсэн хариултыг амаар биш бичгээр авах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм. Хэрэв ийм хууль батлагдчихвал бүр сайн.
Жишээ нь, манай төрийн албан хаагчид 13-14 цагийн хооронд цайнд орох учиртай байтал, 12.30-аас 14.30 хүртэл цайнд ордог. Өөрөөр хэлбэл, нийт хоёр цаг цайнд орж байгаа юм. Зарим нь үүнээс ч илүү олон цагаар цайнд ордог зуршилтай. Харин үүнд иргэд бухимдаж, хариуцах газруудад нь мянга дахин гомдол гаргаад, ямар ч нэмэргүй. Их заргалдлаа л гэхэд “Зөрчлийг арилгана” гэсэн хөндий, хоосон хариу авахаас хэтрэхгүй. Хэрэв бичгээр хариу авдаг болчихвол энэ явдлыг таслан зогсоож болмоор.
Учир нь цайны цаг таарчихвал, тухайн төрийн байгууллагын үүдэнд зогсч байгаад яг 14.00 цагт үүднийх нь жижүүрээс “Миний уулзах ёстой хүн ирсэн үү” гээд асуух хэрэг. Харин үүдний жижүүр нь “Ирээгүй” гэж хэлэх юм бол. “Ингэж хэлснээ одоо цаг минуттай бичээд өг” хэмээн шаардаж бичүүлж аваад, шууд шүүхэд хандчих хэрэгтэй. Ингэхдээ “Энэ төрийн албан хаагч, ажлын цагаар хоол идэхээр гарсан байсан. Тиймээс миний ажил алдагдаж, ийм ийм хохирол амссан” гэж нарийн тэмдэглээд Захиргааны хэргийн шүүхэд өгчихвөл шударга хэрэг болно. Харин үүнийг Захиргааны хэргийн шүүгчид тоохгүй янз гаргаад байвал. Түүнийг мөн бичгээр үйлдүүлж аваад, Захиргааны хэргийн шүүгч нар зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцдог нөгөө сахилгын хороо гэх мэтийн байгууллагад нь хандах нь зөв.
Эхлээд ганц нэг хүний гомдлыг дээрх байгууллагуудын аль нь ч тоохгүй. Харин ч заргалдсан хүнд бүр ч хүнд суртал ирж магадгүй. Гэхдээ түүнд бууж өгөхгүйгээр эр зориг гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь үүнд бүх иргэд идэвхтэй оролцвол сайн. Ингээд нэг газар олон дахин гомдол ирээд байхаар нөгөө сахилгын хороо, Захиргааны шүүх нь ажиллаад эхлэнэ. Ингэснээр бид төрийн албан хаагч нарын хүнд суртлыг халах боломжтой болж байгаа юм.
Түүнээс төрийн албан хаагч нарын хүнд суртлыг яриад л, хэн нь илүү авлига авдгийг шалгаруулаад суугаад байвал ямар хэрэг байна. Одоо бүр зарим хүмүүс үүнд эвлэрээд “Хүүхдээ л шүүхийн байгууллагад оруулъя. Эсвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт найзтай болох хэрэгтэй. Мөн Замын цагдаад танилтай байхад ч гэмгүй. Тэгвэл хожим хойно ямар нэгэн ажил хөөцөлдөх, эсвэл асуудалд орооцолдоход хялбар шийдүүлж болно” хэмээн ярьцгаадаг болж. Нөгөө хүнд суртлыг бүр зузаатгаж байгаа биз.