-Та өмнө нь Монголд ирж байсан уу?
-Танай сайхан оронд анх удаа ирж байна. Чингис хааны тухай, түүний байлдан дагуулалтын тухай олонтаа дуулж байсан. Тиймээс Монголын дизайнеруудын холбооноос урихад их баяртай хүлээж авсан. Нааш ирдгийн урьд шөнө сэтгэл хөдлөөд бараг унтаж чадаагүй. Танай сайхан оронд ирсэндээ маш их баяртай байгаа.
-Улаанбаатарт буугаад төрсөн анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Онгоцноос буухад маш хүйтэн байсан. Намайг урих ажлыг Сингапурын “Дива” загварын агентлагийн загвар өмсөгч Л.Гэгээ зохицуулсан. Нааш ирэхийн өмнө Монголд маш хүйтэн байгаа гэдгийг хэлж байсан. Гэхдээ бодсоноос хүйтэн байсан. Бусдаар бол сэтгэл маань их хөдөлсөн болоод ч тэр үү бүх зүйл сайхан сэтгэгдэл төрүүлсэн /инээв/. Монголд дахин ирэх байх аа гэж найдаж байна. Зун бүр сайхан гэж Л.Гэгээ надад хэлсэн.
-“Гоёл” наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Гоёл” наадамд оролцсондоо их баяртай байгаа. Учир нь энэ бол миний гадаад дахь анхны загварын шоу юм. Гараа маань Монголоос эхэлсэнд их билэгшээж байгаа. Би ирэх жилээс Сингапур, Тайландад загварын шоугаа хийх юм. Энэ удаад нийт 40 загвар харууллаа. “Галзуу суу” гэсэн нэртэй энэхүү загвар маань энгийн хувцсан дээр Жеан Дюбүффет гэдэг зураачийн зургийг гараар зурж хийснээрээ онцлогтой. Жеаныг хүмүүс галзуу гэж хэлдэг байсан юм билээ. Өөрийгөө байнга зурдаг болохоор. Харин галзуу гэдэг нь нөгөө талаас хэт ухаантай, суут хүнийг хэлэх нь бий. Тиймээс би түүний зургийг хувцсан дээрээ зурсан юм.
-Жирийн футболк дээр жижигхэн хуниас ч юм уу, деталь ч юм уу хийснээрээ загвар чинь онцлог юм уу гэж ажиглалаа.
-Тийм. Та зөв ажигласан байна. Би энгийн хувцсыг өвөрмөц болгох дуртай. Бүгдийг гараар хийдэг. Тийм учраас их онцлогтой.
-Яагаад заавал загвар зохион бүтээгч болсон юм бэ?
-Би тайланд хүн. Ээж маань загвар зохион бүтээгч юм. Манай гэр бүл Бангкокод хувцас хэрэглэлийн үйлдвэр, дэлгүүртэй. Загвар зохиохоос үйлдвэрлэх, зарах гээд бүх шат дамжлагыг өөрсдөө хийдэг. Багаасаа ээжийнхээ ажлыг харж өссөн болохоор загвар руу орсон нь гэнэтийн зүйл байгаагүй гэж хэлж болно. Ингээд өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр Сингапурт 11 жилийн өмнө ирсэн. Загвар зохион бүтээгчээр ажиллаад гурван жил болж байна. Үүнээс сүүлийн хоёр жил идэвхитэй ажиллаж байна даа.
-Манай загвар өмсөгчид хувцсыг тань хэр амьдруулсан гэж бодож байна вэ?
-Гайхалтай. Миний хувцсыг гайхалтай амьдруулсан. Ер нь би монголын загвар өмсөгчдийг сайн мэднэ. Сингапурт Монголын нэлээд хэдэн загвар өмсөгч байдаг. Монгол загвар өмсөгчид дэлхийн бусад орны моделуудаас огтхон ч дутах юм байхгүй. Манай найз Л.Гэгээ гэхэд Азийн маш олон оронд загвар өмсөж байсан туршлагатай. Бид хоёрт МДХ-ноос өргөмжлөл гардуулсан. Үүнд их баяртай байгаа.
-Загварын чиг хандлагын талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?
-Хурц, тод өнгө давамгайлж байна. Өвлийн хувцсанд ч ялгаагүй. Харахад wow гэж дуу алдахаар хурц байдал их түгж байна даа.
-Ярилцсанд баярлалаа