Норвегийн гандболчид дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Норвегийн гандболчид дэлхийн аварга боллоо

Гандболын эмэгтэйчүүдийн 20 дахь удаагийн ДАШТ арванхоёрдугаар сарын 2-18-нд Бразили улсад боллоо. Тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм. Улмаар Азийн бүсээс Өмнөд Солонгос, Япон, Казахстан, Хятадын баг оролцсоноос Афины олимпийн мөнгө, Бээжингийн олимпийн хүрэл медальт БНСУ-ын баг 11 дүгээр байр эзэлсэн амжилтаар Шар тивийн багуудыг манлайлав. Тэдний хувьд наймны нэг шигшээд Анголын багт 29:30 харьцаатай хожигдсон. Анголын шигшээ Бээжингийн олимпод 12 дугаар байрт шалгарч байсан бөгөөд дэлхийн аваргын дэвжээнд төдийлөн амжилт үзүүлж байгаа юм. БНСУ-ын багийг буулган авсан тэд дараагийн шатанд Данийн багт ялагдал хүлээснээр наймдугаар байрт шалгарсан.

Харин Францын баг наймны нэг шигшээд дэлхийн дөрвөн (2001, 2005, 2007, 2009) удаагийн аварга, олимпийн мөнгөн медальт ОХУ-ын шигшээг 25:23-аар буулган авснаар дуулиан тарьсан. Улмаар шигшээ тоглолтод Норвегийн багт 24:32 харьцаатай хожигдсоноор мөнгөн медаль хүртэв.

Норвегийн багийн хувьд Нидарланд, Хорват, Испанийн багийг хожиж, шигшээд гарч ирсэн. Тэдний хувьд ДАШТ-ээс 2007 онд мөнгө, 2009 онд хүрэл  медаль хүртэж, Бээжингийн олимпийн аварга болсон юм. Тэд ийнхүү “Лондон 2012”-ын эрхээ авсан бол шөвгийн наймд шалгарсан багууд олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцох билээ.

Гандболын 2013 оны ДАШТ Серби улсад болно.

ДАШТ-ий шагналтуудыг танилцуулъя.

Алт: Норвеги (“Сидней-2000” хүрэл, “Бээжин-2008” алт, ДАШТ-ээс 2001, 2007 онд мөнгө, 2009 онд хүрэл, 1999, 2011 онд алт)

Мөнгө: Франц /дэлхийн аваргын хошой мөнгөн медальт/

Хүрэл: Испани /2009 оны дэлхийн аваргад дөрөвдүгээр байрт шалгарсан/

Дөрөвдүгээр байр: Дани (Олимпийн наадам: 1996, 2000, 2004 оны аварга, ДАШТ-ээс 1997 оны аварга, 2009 онд тавдугаар байр)

Тавдугаар байр: Бразили (Залуучуудын олимпийн наадамд хүрэл медаль, энэ жил ДАШТ-т 5-р байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт болоод байна.)

Зургадугаар байр:
ОХУ (Олимпийн наадмаас 2008 онд мөнгөн медаль, ДАШТ-ээс 2001, 2005, 2007, 2009 оны аварга)

Долдугаар байр: Хорват (ДАШТ-ний хамгийн өндөр амжилтаа 1997 онд зургадугаар байр эзэлснээр үзүүлж байж.)

Наймдугаар байр: Ангол (Олимпийн наадмаас 2004 онд 9-р байр, 2008 онд 12-р байр эзэлж байв. ДАШТ-ний хамгийн өндөр амжилт нь 2007 онд 7-р байр эзэлж байв.)



Азийн бүсээс төлөөлөн оролцсон багууд:

11-р байр: Өмнөд Солонгос /Олимпийн наадам: “Сөүл-98”, “Барселона-92”-н алт, "Атланта-96", "Афин-2004"-н мөнгө, "Бээжин 2008" хүрэл, ДАШТ-д 2003 онд хүрэл медаль хүртэж байжээ./

14-р байр: Япон (ДАШТ-д 14-р байранд орсон нь хамгийн өндөр амжилт болоод байна.)

19-р байр: Казакстан (ДАШТ-д анх удаа оролцлоо. 2010 оны Азийн аварга)

21-р байр: Хятад (Олимпийн наадам: 1984 онд 3-р байр, 2008 онд 6-р байр. ДАШТ: 2009 онд 12-р байр, 1990 онд 8-р байр эзэлж байсан нь хамгийн өндөр байж)

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Хэсгийн тоглолтын гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж