Хөгжлийн банк “Шинэ төмөр зам” хөтөлбөрийг санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк “Шинэ төмөр зам” хөтөлбөрийг санхүүжүүлнэ

Хөгжлийн банк өнгөрсөн тавдугаар сард үүдээ нээсэн боловч “Томоохон төсөл, хөтөлбөрүүд урагшлахгүй байна, Хөгжлийн банк үйл ажиллагаагаа явуулахгүй байна” гэхчлэн олон шүүмжлэлд өртсөн. Харин одооноос л амь оров уу гэлтэй Монгол Улсын анхны бондыг гаргах, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хятадын “Эксим” банкнаас зээл авч буй дотоодын компанид баталгаа гаргаж өгөх зэрэг ажлыг эхлүүлээд байна. Хөгжлийн банкны 100 хувь  нийлүүлэгч нь Засгийн газар. Нөгөөтэйгүүр энэхүү банкинд УИХ-аас баталсан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тохиолдолд Засгийн газраас баталгаа гаргахаар тусгасан. Уг баталгаа нь Хөгжлийн банкны хамгийн том орлогын эх үүсвэр болох учиртай юм. Мөн баталгаа нь зээлтэй адилхан шинж чанартай байдаг учир үүнийг зүгээр нэг цаас гэж ойлгож болохгүйг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Монгол Улсын Засгийн газрын баталгааны үндсэн нөхцөлийг тохиролцох гэрээг байгуулсан. Гэрээг байгуулснаар Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Сангийн сайд зээлийн баталгааг тухай бүрт гаргах нөхцөл бүрдсэн юм. Ийнхүү хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлсний дараа хөгжлийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэр­лэхэд чиглэсэн томоохон төсөл, хө­төлбөрүүдийг санхүүжүүлэх үйл ажил­лагаагаа эхлүүлэх ёстой. Гэтэл “Шинэ төмөр зам”, “Шинэ бү­тээн байгуулалт”, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах зэрэг томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийг Хөгжлийн банкныхан “Мөн­гөгүй” гэх шалтгаанаар гацаа­лаа” хэмээн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга удаа дараа шүүмжилж байлаа. Харин Сангийн сайд С.Баярцогт “Энэ онд Хөгжлийн банкинд 800 тэрбум төгрөгийн баталгаа гаргаж өгсөн ч ашиглаж чадаагүй. Тиймээс энэ долоо хоногт /арваннэгдүгээр сарын 30-нд/ 30 тэрбум, арванхоёрдугаар сард 30 тэрбум буюу нийт 60 тэрбум төгрөгийг ашиглана. Харин 2012 онд үлдсэн баталгаан дээр нь нэмж 1.5 их наяд төгрөгийн баталгаа гаргахаар боллоо” гэлээ. Гагцхүү “Энэхүү баталгааг Хөгжлийн банкныхан ашиглаж чадах уу” гэдэг асуулт анхаарал татан үлдэж байна.

Хөгжлийн банкны хийж буй томоохон ажлын нэг нь анх удаа бонд гаргах гэж байгаа тухай дээр дурьдсан. Нийт 600 сая ам.доллартай тэнцэх хэмжээний өрийн бичгийн хөтөлбөрийг энэ сараас эхлэн ирэх оныг дуустал үе шаттайгаар олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалах аж. Энэхүү хөтөлбөрийг “Дойче банк”, “HSBC”, “ING” зэрэг хөрөнгө оруулалтын томоохон бан­куудтай хамтран хэрэгжүүлэхээр бол­сон. Энэ хүрээнд эхний ээлжийн 20 сая ам.долларын санхүүжилт ороод ирчихсэн байгаа. Гэсэн хэ­дий ч олон улсын зах зээл дээрх бондын хүү буураагүй байхад 600 сая ам.долларын өрийн бичгийн хөтөл­бөрийг хэрэгжүүлэх гэж буй нь амжилт нь үзүүлэх эсэх нь эр­гэл­зээтэй болчихоод байгаа юм. Нөгөө талаар Хөгжлийн банкны бонд үнэд хүрэх болов уу гэдэг нь ч сонирхолтой байна. Энэ талаар Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргал “Олон улсын хөрөнгийн зах зээл тааламжгүй байгаа хэдий ч гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын санхүүгийн шингээх чадварыг Итали, Грек зэрэг орноос илүү гэж үзсэн юм. Энэ утгаараа бидэнд харьцангуй бага хүүтэй бондыг санал болгосон. Өөрөөр хэлбэл манай улсын зээлжих зэрэглэл болон Хөгжлийн банкны өөрийнх нь эрсдлийг тооцсон хүүнээс бага байна. Хөгжлийн банк үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа ч Засгийн газрын баталгаатайгаар олон улсын зах зээлд гарч байгаагийн хувьд сайн үзүүлэлт юм” хэмээн онцолж байсан. Тэгэхээр одоо “Томоохон төсөл, хөтөлбөрүүд мөнгөгүй бо­лоод гацчихлаа” гэх яриа цаашид гарахааргүй болж байгаа юм. Гэхдээ бүх бүтээн байгуулалтад нэгэн зэрэг хөрөнгө гаргах боломжгүй. Учир нь 30-40 их наядаар үнэлэгдэх бүтээн байгуулалтаас эдийн засагт хамгийн үр өгөөжтэйг нь эхэлж санхүүжүүлэх аж. Засгийн газрын зүгээс “Шинэ төмөр зам” төслийн эхний ээлжийн санхүүжилтийг энэ онд багтаан гаргахыг Хөгжлийн банкинд даалгасан болохоор саяхан орж ирсэн 20 сая ам.долларыг үүнд зарцуулах юм. Энэ нь олон улсын зах зээлд уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг бүрдүүлж буй. Харин үүний дараа эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн хөтөлбөр болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор болон шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгаад байгаа аж. Томоохон бүтээн байгуулалт хэмээн нэрлэсэн хөтөлбөр бүрийг шууд санхүүжүүлдэггүй. Харин тавьсан шаардлагыг хангасан, олон улсын түвшинд техник, эдийн засгийн үн­дэслэлийг нь боловсруулсан төс­лүү­дийг санхүүжүүлэх юм байна. Хам­гийн чухал нь эдийн засгийн өсөл­тийг дэмжсэн, шинээр ажлын байрыг бий болгох үр ашигтай хөтөлбөрт гол анхаарлаа хандуулах нь.

Хөгжлийн банкны бондыг арил­жаалж эхэлбэл Монгол руу сан­хүүжилт орж ирнэ гэсэн үг. Харин арилжигдах болов уу гэсэн бол­гоомжлол бий. Үүнээс урьдчилан сэр­­гийлэх үүднээс Хөгжлийн банк­ны удирдлагууд хэлэлцээр хий­сэн банкууддаа зах зээлийн бай­дал хүндэрвэл санхүүжилтийг найд­вартай олгох нөхцөлийг хатуу тавьжээ. Хэлэлцээр хийсэн “Дойче”, “HSBC”, “ING” гурван банк нь Хөгжлийн банкинд хэрэгцээтэй сан­хүүжилтийг өгөхөө мэдэгдсэн учир хамтран ажиллахаар болсон аж. Ма­най улсын Хөгжлийн банк БНСУ-ын Хөгжлийн банк хооронд Удирд­лагын гэрээнд гарын үсэг зурснаар солонгосчууд удирдлагын түвшинд ажиллаж байгаа. Өмнөд Солонгосын Хөгжлийн банк 1990-ээд оны үед өрийн бичгийн хөтөлбөрийг 500 сая ам.доллараар байгуулж байжээ. Энэ нь яваандаа 10 тэрбум ам.доллар болт­лоо өссөн байгаа юм. Тэгэхээр мон­голчуудад ч ийм боломж байна. Гагц­хүү зөв ашиглаж чадвал шүү дээ.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж