“419 дүгээр хорих ангид шалгалт хийж байгаа” гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

“419 дүгээр хорих ангид шалгалт хийж байгаа” гэв

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймгийн 419 дүгээр хорих ангийн нэг хоригдол удирдлагуудынхаа хууль бус үйл ажиллагаанаас болж өлсгөлөн зарлаж, улмаар хоригдлууд түүнтэй нэгдэн бослого гаргаад байгаа” гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Даваа-Очироос тодруулсан юм.

Д.Даваа-Очир: Шалгалтын хариу гарсны дараа бодит мэдээлэл өгөх боломжтой


-Хэнтий аймгийн 419 дүгээр хорих ангийн удирдлагуудын бу­руугаас болж нэг хоригдол өлс­гөлөн зарласан гэсэн. Энэ үнэн үү?

-Хүн амины хэргээр ял сонсон хоригдож буй нэг хо­ригдол өлсгөлөн зарласан. Гэхдээ энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Ямар учраас мэдээлэл өгөх бо­ломжгүй гэж?

-Холбогдох газрынхан нь тус хорих ангид шалгалт хийж байгаа. Шал­галтын хариу гарсны дараа яг юу болсон талаар мэдээлэл өгөх боломжтой болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга дээрх хариултыг өгөөд дэлгэрэнгүй мэдээлэл хийхээс татгалзсан юм. Учир нь тэрбээр шалгалтын ямар нэгэн  хариу гараагүй байхад бодит бус мэдээлэл өгөхөөс болгоомжилж байгаа аж. Тиймээс Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт  хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслах Г.Эрдэнэбатаас Хэнтий аймгийн 419 дүгээр хорих ангид юу болоод байгаа талаар тодруулсан юм.

Г.Эрдэнэбат: Ялтан өмнө нь асуудал гаргаж байгаагүй

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь 419 дүгээр ангид хоригдол өлсгөлөн зарласан байна билээ. Ялтны эрх ашгийг хөндсөн ямар нэгэн хэрэг гарсан юм уу?

-С.Баатаржав гэж хоригдол өлс­гөлөн зарласан байгаа. Тэрбээр 1995 онд хүний амь санаатайгаар   хөнөөсөн гэдэг үндэслэлээр ял шийтгүүлж байгаа юм. Чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаад дэглэм буурч Хэнтий аймаг дахь жирийн дэглэмтэй 419 дүгээр хорих ангид шилжсэн. Энд хоригдож байх хугацаандаа хорих ангийн захиргаанд шилжих хүсэлт гаргасан юм байна билээ. Харин хорих ангийн удирдлагууд хүсэлтийг нь хүлээж аваагүйгээс болоод өлсгөлөн зарласан.

-Хаашаа шилжих хүсэлт гар­гасан юм бол?

-Улаанбаатар хот руу шилжих хүсэлт гаргасан юм байна билээ.

-Ялтан яагаад шилжих хүсэлт гаргасан юм бэ. Хорих ангийнхан шударга бус харьцдаг гэсэн байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Ялтны гаргасан хүсэлтийг хан­­гаагүй нь хуульд заасан үндэс­лэл­тэй эсэх. Ялтан өөрөө хууль ёсны хүсэлт гаргасан юм уу. Хорих ангийнхны зүгээс ялтны эрхэд халдаж биед нь гэмтэл учруулж, хүч хэрэглэсэн үйлдлийг гаргасан уу, үгүй юү гэдгийг тогтоохоор Хэнтий айм­гийн прокурорын газраас шалгаж эхэлсэн. Одоогоор шалгалтын эцсийн хариу гараагүй байна.

-Энэ хүнийг удаа дараа ийм байдалд орж байгаа гэсэн байсан. Урьд нь ийм зүйл болж байсан юм уу?

-Энэ хүн урьд нь ямар нэгэн хууль бус үйлдэл гаргаж байгаагүй. Одоогоор тэр хүнийг хорих ангид зөрчил гаргасан гэж үзэж байгаа юм билээ.

-Тэр хүнээс болоод бусад хо­ригдол нь ч гэсэн бослого гаргасан байна гэсэн. Энэ үнэн үү?

-Одоогоор бусад хоригдол бос­лого гаргасан гэсэн ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй.

-Сүүлийн үед Зүүнхараагийн хорих ангид хоригдож байгаа Ц.Чимэдцэрэнг хугацаанаас нь өмнө суллах гэж байна гэсэн яриа гараад байгаа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Өмнө нь Ц.Чимэдцэрэнг дэг­лэм бууруулсан гэсэн мэдээлэл гарч байсан. Харин энэ хүний ял эдлэлтийн байдалтай танилцсан сур­валжлага гарснаар энэ бүх яриаг няцаасан. Одоо дахиад ийм яриа яагаад гараад байгааг мэдэхгүй юм. Тэр хүн чанга дэглэмтэй хорих ангидаа ялаа эдэлж байгаа л гэж хэлэх байна.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж