В.Путин шууд ярилцлага хийв

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

В.Путин шууд ярилцлага хийв

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин өнгөрсөн пүрэв гарагт ард түмэнтэйгээ телевизээр дөрвөн цагийн туршид шууд ярилцав. Түүний ярилцлага “Россия 1”, “Россия 24”, “РТР” зэрэг телевизийн сувгууд болон хэд, хэдэн радиогоор нэвтрүүлснийг тоймлон хүргэж байна.

-Төрийн Думын сонгуулийн дүнг эсэргүүцсэн хүмүүс хэд хэдэн удаа жагсаал зохион байгуулсан. Ер нь ОХУ-ын эрх баригчид олон нийтэд таалагдахаа больчихов уу?

-Иргэд хуулийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх нь хэвийн үзэгдэл. Би Москвад болсон жаг­саалыг телевизээр харсан. Тэр жаг­саалд эрч хүчээр дүүрэн залуус оролцож байсан. Хэрэв үүнийг Орост “В.Путины дэглэм тогтсоны үр дүн” гэж үзэх юм бол би сэтгэл хангалуун байна. Залуус хуулийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлж байгаа нь сайхан санагдлаа.

-Жагсаалд оролцсон хүмүүс сонгуулийн дүнг гаргахад булхай орсон гэж үзэж байгаа. Таны бодлоор сонгууль шударга болж чадсан уу?

-Энэ яриа бол гүтгэлэг. Сон­гуульд ялагдсан сөрөг хүчнийхэн үргэлж иймэрхүү гомдол тавьдаг шүү дээ. Тэд эрх баригч хүчинтэй тэмцэхийн тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Харин энэ нь Нэгдсэн Орос намын байр суурь ганхсан гэсэн үг биш. Дэлхийн улс орнууд эдийн засгийн хямралтай нүүр тулж байгааг бид харж байна. Олон оронд хүмүүсийн амьжиргааны түвшин буурч, ажилгүйдэл ихэссэн. Гэтэл Нэгдсэн Орос нам төрийн эрхэнд байх хугацаанд Оросын ард түмэн ийм зүйлийг огт үзээгүй. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийн тулд ийн­хүү Төрийн Думын сонгуулийн дүнг эсэргүүцэж байгаа юм. Уг нь Сонгуулийн ерөн­хий хороо Орос орон даяар санал авах 90 гаруй мянган хэсэгт бүгдэд нь хяналтын камер байрлуулсан шүү дээ. Хяналт, шалгалт хангалттай сайн байсан.

-Гэхдээ жагсаалд орол­цог­сод сөрөг хүчнийхнээр хязгаар­лагдаагүй. Тэд энэ сарын 24-нд дахин томоохон жагсаал зохион байгуулна гэсэн. Тэд шударга ёсыг шаардаж байна. Тэгэхээр та сөрөг хүчнийхэнд биш тэнд жагсах хүмүүст хандаж байр сууриа илэрхийлээч?

-Тэнд янз бүрийн хүмүүс цуг­ларсан байсан. Тэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад нь би сэтгэл хангалуун байна гэдгээ дахиад хэлчихье. Хэрэв асуудал энэ маягаар хурцадсаар байвал энэ хэргийг шүүхээр шийдүүлж болно.

-Москвад болсон жагсаалын үеэр хүмүүс цагаан тууз зүүцгээсэн. Магадгүй энэ нь ирээдүйд ямар нэгэн өнгөт хувьсгал болохын дохио юу?

-Нийгэм тогтворгүй болох үед өнгөт хувьсгал гардаг. Украйнд болсон улбар шартнуудын хувьс­галын үеэр Оросын сөрөг хүчнийхэн В.Ющенкогийн албан ёсны зөвлөх болж ажиллаж байсан гэдэг. Одоо тэд энэ жишгийг Орост авчрах гэж оролдож байна. Москвад болсон жагсаалд оролцсон хүмүүсийн зүү­­сэн тууз зохимжгүй харагдаж бай­сан. Намайг ингэж хэлж байгаад өршөөгөөрэй. Гэхдээ ДОХ-ын эсрэг сурталчилгаа шиг л харагдсан шүү дээ. Би жагсаалыг телевизээр анх харчихаад “Залуус эрүүл амьдралын хэв маягийн төлөө тэмцэж байна” гэж бодсон.

-Шударга Орос намын гишүүд ч бас бага хурлынхаа үеэр тууз зүүдэг шүү дээ?

-Тэгэхээр ийм байна. Хуулийн дагуу жагсаал зохион байгуулах нь сайн зүйл. Хүмүүст Засгийн газрын бодлогыг шүүмжлэх эрх бий. Москвад болсон жагсаалд маш олон хүн оролцсон тухай их онцолж байх шиг байна. Гэхдээ телевизээр харахад тэнд сөрөг хүчний удирдагчид иргэдийг уриалж, хашгирцгааж бай­сан шүү дээ. Жагсаалыг зохион байгуулагчид оюутнуудад мөнгө төлж, тэнд ирэхийг уриалсан. Би үүнийг мэдэж байна. Энэ л харин хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл.

-Та ОХУ-ын Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан. Хэрэв 2012 оны сонгуульд ялбал юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Ийм өөдрөг асуулт тавьсанд баярлалаа. Бидэнд шийдэх олон асуудал бий. Өмнө нь 2000 онд Оросын ядуу иргэдийн тоо хүн амын 29 хувийг эзэлж байсан бол энэ тоо одоо 12.5 хувь болж буурсан. Гэхдээ Европын орнуудтай харьцуулахад бас л өндөр байна. Оросуудын дун­даж цалин 2000 онд 2232 рубль байсан бол одоо 7400 рубль болсон. Гэхдээ үүнийг цаашид нэмэх ёстой. Орос орныг олон улсын түвшинд хүчирхэг тоглогч болгох нь ч чухал. ОХУ-ын эдийн засгийн үзүүлэлт 4.2-4.5 хувиар өсч байхад Европын дөнгөж 1-1.2 хувьтай байна. Тиймээс бид улс төр, эдийн засгийн эрүүл тогтолцоогоо улам бүр хөгжүүлэх ёстой.

-Та ОХУ 2008 оны санхүүгийн хямралыг амжилттай давсан ту­хай ярьсан. Харин Оросын Сан­гийн сайд асан Алексей Кудрин хямралын хоёр дахь давалгаа эхэлсэн тухай саяхан онцолсон. Хэрэв та Ерөнхийлөгч болбол түү­нийг багтаа авах уу?

-А.Кудрин манай багаас гараагүй. Би түүнтэй удаан хугацааны турш хамтарч ажилласан. Тиймээс бид найзууд. Угаасаа Оросын эдийн засгийг тогтворжуулахын тулд маш их зүйл хийсэн тэр хүн багаас гарах болоогүй. Би А.Кудринтай саяхан уулзаж, олон зүйлийн талаар ярилцсан.

-“Коммерсант Власть” сэтгүүлд таньтай холбоотой гарсан нийт­лэлийг дэмжсэн хүмүүс олон асуулт ирүүлжээ. Та энэ хандлагыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Иймэрхүү хандлага хэзээд байсан. Хойд Кавказ дахь тер­роризмыг арилгахын тулд тэмцэж байх үед “Коммерсант Власть” дээр гарсан шиг миний зурагнууд янз бүрээр олон нийтэд хүрч байсан. Барууны орнууд үүнд их ач холбогдол өгч байх шиг байна. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа цагт үүнд санаа зовохгүй байна. Төрийн Думын сонгуулийн дүнг эсэргүүцсэн хүмүүс Лондонд жагссан. Угтаа тэд яагаад эх орондоо эргэж ирэхгүй байгаа юм бэ. Тэд хаа холоос юуг шүүмжлээд байгаа юм.

-Таны найз нөхдийн нэг АНУ-ын Сенатч Жон МакКэйн “Твиттер”-ийнхээ хуудсанд “Орост Арабын хавар болж, В.Пу­­тинг М.Каддафигийнх шиг ирээ­дүй хүлээж байгаа” хэмээн анхааруулсан. Магадгүй энэ нь барууны орнуудын хандлагыг илэрхийлж байгаа  хэрэг үү?

-Жон МакКэйнийг миний найз гэж арай хэтрүүлж хэллээ. Би түүнтэй нэг л удаа уулзаж байсан. Харин түүний дээрх мэдэгдлийг уншсан. Жон МакКэйн энэ үгээ надад биш Орос оронд хандаж хэлсэн. Тэр манай улсыг хөдөлгөж, эмх замбараагүй байдал бий болгохын уриалж байна. Америкчууд Оросын цөмийн зэвсгийн хүчин чадлаас одоо ч айсан хэвээр байгаа. Орос бол бие даасан гадаад бодлоготой улс. Гэхдээ бид барууны орнуудтай дайсагнахаас илүү нөхөрсөг байдлаа авч үлдсэн. Харин Жон МакКэйний хувьд тэр Вьетнамд тулалдаж байсан. Тэндэхийн иргэдийн тайван амьдралыг цусаар хангалттай будсан гэж би бодож байна. Гэхдээ МакКэйн өөрөө үүгээрээ их бахархдаг юм шиг санагддаг. М.Каддафиг хэрхэн зэрлэгээр хөнөөж байгааг дэлхий нийтээрээ харсан. Үүнийг ардчилал гэж нэрлэдэг юм уу. Жон МакКэйн Вьетнамд байлдаж байх үедээ эсрэг талынхандаа баривчлагдаж, шоронд хэдэн жилийг өнгөрүүлсэн. Магадгүй энэ бол хэн нэгнийг галзуу, солиотой болоход хүрэлцэхүйц хангалттай урт хугацаа. Тиймээс түүний дээрх мэдэгдэлд хачин жигтэй зүйл огт алга.

-М.Прохоров ирэх онд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?

-М.Прохоров бол сонгуульд өр­сөлдөхүйц насанд хүрсэн ОХУ-ын иргэн. Түүнд ингэх эрх бий. Бид түүнийг барууны үзэл баримтлалтай нам байгуулах гэж байгааг мэднэ. Гэхдээ бас асуудал бий. М.Прохоров тийм ч тогтвортой хүн биш. Уг нь өөрийгөө “Улс орныхоо эрх ашгийн төлөө тэмцэж байгаа” гэж л бодож байгаа байх. Гэхдээ түүнд ингэх эрх бий.

-Тэр хүчтэй өрсөлдөгч үү?

-Тийм.

-Кремлийн эрх баригчид сөрөг хүчнийхэндээ хатуурхаад байгаа юм биш үү. Оросын Хууль зүйн яам Ерөнхий сайд асан М.Касъяновын Ард түмний эрх чөлөө намыг яагаад бүртгэхгүй байгаа юм бэ?

-Би “Орост сөрөг хүчин байх­гүй” гэх агуулгатай нийтлэл, нэвтрүүлгийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтээс үзэж, уншиж, сонссон. Гэтэл ОХУ бол олон на­мын тогтолцоотой. Хүмүүс эвлэл­дэн нэгдэж, хамтдаа нэг зүйлийн төлөө тэмцэх эрхтэй орон. Жижиг намуудыг бүртгэж авах нь угаасаа либерализмын үндэс. Харин М.Касъя­но­вын хувьд тэрбээр намайг ОХУ-ын Ерөнхийлөгч байх үед Ерөнхий сайд байсан. Тэр үед хүртэл Оросын Засгийн газарт түүний доор ажиллах сонирхолгүй хүн маш олон байсан юм шүү. Тэгээд ч М.Касъя­но­в бол авлигын хэрэгт холбогдож байсан хүн.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж