Ардчиллын ахмадууд төрөөр “тэтгүүлэх”-ийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Ардчиллын ахмадууд төрөөр “тэтгүүлэх”-ийг хүслээ

1989-1990 онд бүхнээ золиослон
ардчиллыг бий болгосон ахмадууд гудамжинд амьдарч байна хэмээн өнөөдөр
хэвлэлийнхэнд хандлаа. Хурал зарласан ахмадууд “Ардчилсан хувьсгалын
ахмад зүтгэлтнүүдийн эрх ашгийг хамгаалах түр зөвлөл” байгуулсан гэсэн
юм. Тэд ардчилсан хувьсгал өрнөх тэр он жилүүдэд ардчиллын төлөө
үнэнчээр зүтгэсэн 3500 гаруй иргэн байгаа. Тэд тухайн үед ардчилалд
оролцсон нэрээр ажлаасаа халагдаж, өнөөдрийн нийгэмд ямар ч байр сууриа
олоогүй иргэд болжээ. Тиймээс тус түр зөвлөлийн гүшүүд өнөөдөр төрийн
гурван өндөрлөгт шаардах бичиг хүргүүлнэ гэлээ. Тодруулбал, Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга
Д.Дэмбэрэл УИХ-ын эрхэм гишүүдэд шаардах бичиг хүргүүлэх болсон байна. 
Тэд шаардах бичигтээ “1989-1990 онд өрнөсөн Монголын ардчилсан
хувьсгалын үйл хэрэгт амь нас, эрүүл мэнд, ажил амьдралаа үл хайхран
манлайлан оролцож, идэвхийлэн зүтгэсэн ахмад зүтгэлтнүүдийг үнэн зөвөөр
тодруулах нь зүйтэй. Мөн тэдэнд зүй ёсны шагнал урамшуулал, тэтгэвэр
тэтгэмжийг олгож нийгмийн халамжид хамруулах, тухайлбал, нэг удаагийн
болон сар бүр тэтгэмж олгох, байр, орон сууцаар хангах, өөрөөр хэлбэл,
1921 оны Ардын хувьсгалын партизан болон 1939, 1945 оны дайнд оролцсон
дайчдын нэгэн адил нийгмийн халамж хүртэх эрхтэй гэдгээ дуулгалаа.
Түүнчлэн ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон насан өөд болсон
хүмүүсийн ар гэр, үр хүүхдүүдэд нэг удаагийн тэтгэмж олгох нь зүйтэй”
гэсэн юм. Түүнчлэн тэд энэхүү шаардлагад гурав хоногийн дотор хариу
өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэлээ.

Э.Пагма

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж