УИХ 26 тойргийг аймаг, нийслэлийн дүүргүүдийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс зургаагаас доошгүй сарын өмнө байгуулж, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох ёстой. Тухайн аймаг, нийслэл хэдэн мандаттай байх нь шинэ он гарсны дараа тодорхой болох юм. Нийт 48 мандатын 14 нь нийслэлд байхаар болсон. Ингэснээр орон нутгийн тойрог, мандатын тоо цөөрч байна. Тодруулбал, УИХ-ын 2008 оны сонгуулиар Хөвсгөл аймагт нэг тойрогт дөрвөн мандатын төлөө өрсөлдсөн бол ирэх онд хоёр мандатын төлөө өрсөлдөх ажээ. Манай улсад хүн ам харьцангуй цөөнтэй аймгууд бий. Тэгвэл “Аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэгтгэн нэг тойрог болгоно” гэж хуульд заасан байна билээ. Тодруулбал, хүн ам багатай хоёр аймгийг нэг хүн УИХ-д төлөөлөх нь. Гэхдээ тойрог байгуулах хүн амын тооны улсын дунджийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтоох ажээ. Бас ирэх оны сонгуулиар “Урьдчилсан санал хураалт” гэдэг ойлголт байхгүй болно. “Хөдөө, гадаа явна” гээд саналаа урьдчилж өгөх боломжгүй гэсэн үг. Харин гадаадад суугаа монголчуудын саналыг ЭСЯ, консулын газраар нь дамжуулан авах юм байна.
Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсны дараа гишүүд “Хориглосон заалт ихтэй. Сонгуулийн будилаангүй явуулахад анхаарсан хууль баталлаа” гэлцэж байсан. Тухайлбал, нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс өөр сонгуулийн бие даасан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглож буй. Нам, эвсэл мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос хишиг, хувь, тэдгээртэй адилтгах зүйл хүртээх талаар амлах ёсгүй. Мөн зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, үнэ төлбөргүй, хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт өгөхийг ч хоригложээ Бэлэн мөнгө болон үнэ бүхий зүйлсийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглах нь ч хуульд нийцэхгүй юм. Хэрэв үүнийг мөрдөхгүй бол сонгуульд оролцох эрхийг нь хасах аж. Жил, жилийн сонгуулийн үеэр нэр дэвшигчид цаг, аяга, хуанли зэргийг иргэдэд тараадаг. Тэгвэл эдгээр нь үнэ бүхий зүйл гэдэгтээ орох юм байна. Нэр дэвшигчид ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үүнийг мөрдөх ёстой гэнэ. Сонгууль болохоос өмнө нэр дэвшигч сонгогчид бэлэн мөнгө тараасан бол түүнийг нь сонгуулийн хэсэг, хороонд аваачиж өгөөд 10 дахин нэмж авах талаар ч хуульд заасан аж. Тодруулбал, нэр дэвшигч нэг иргэнд 10 мянган төгрөг өгвөл иргэн түүнийг нь аваачиж өгч, баримтаар нотлоод 100 мянган төгрөг авч болно гэсэн үг. Үүнтэй холбоотой зардлыг нэр дэвшигчээс гаргуулж, хариуцлага тооцох гэнэ.
Сонгуулийн тухай шинэ хуульд “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хорин хэвлэлийн хуудас бүхий сонин, хэвлэл, арван хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, сурталчилгааны бусад материалыг арван хэвлэлийн хуудаст тус тус багтаана” гэж заасан. Харин бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө танилцуулсан тус бүр хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, сурталчилгааны бусад материалыг нэг хэвлэлийн хуудаст багтааж тараах ёстой аж. Нэр дэвшигч, нам, эвсэл нь радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй нэвтрүүлж болох бөгөөд сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт хоёр цагаас хэтрэхгүй байх юм байна. Гэхдээ телевизийн хоёр, гуравдугаар сувгаар сурталчилгааны нэвтрүүлэг гаргах ёсгүй ажээ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад ногдуулах торгуулийн хэмжээг ч чангатгасан. Нэр дэвшигчтэй холбоотой нийтлэл нэвтрүүлгийг олон нийтэд цацахдаа түүн дээр захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйцаар бичих учиртай. Дээрх заалтыг зөрчсөн нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигчийг мөн хэмжээгээр, хэвлэл мэдээллийн байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө торгууль төлөхөөр болж хуульчлагдлаа. Энэ нь нэр дэвшигчийн талаар хууль бус, захиалгат мэдээлэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагад ч хамаатай юм.
"Улс төрийн тойм" сонин