Тиймээс тухайн үед ажиллаж байсан цагдаа хэрэг бишдэх нь гэдгийг ойлгож сумны хонгиог авч нуусан байсныг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин олонд харуулжээ. Тухайн хар дэвтэр прокурорынхны гарт өнгөрсөн оны зургаадугаар сард орсон бөгөөд долоодугаар сарын 1-ний хэргийн хавтаст хэрэгт байдаг аж.
Энэ талаарх зарим зүйлийг Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаагаас тодруулсан юм.
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний олон нийтэд дэлгэсэн цагдаагийн тэмдэглэлийг мөрдөн байцаалтын явцад ашигласан юм уу?
-Энэ хэрэг хэдийнэ прокурорт шилжсэн шүү дээ. Гэхдээ бид сүүлд энэ дэвтрийг холбогдох хүмүүсээс нь шаардаж авсан.
-Сүүлд гэдэг нь хэзээ юм бэ?
-Тийм дэвтэр байгаа гэж хэвлэлээр нэлээд шуугисан. Үүний дараа авсан.
-Өдрийн тэмдэглэл цагдаагаас бичсэн байцаалт авсан уу?
-Авсан байх аа. Би хэргийг нь шалгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Түүний хэлснээр уг хэргийг мөрдөх ажиллагаа дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Хэрэгт холбогдсон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг өмнө нь “Албан үүрэгтээ хайнга хандсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан өршөөлд хамруулсан. Харин хэргийг сэргээн шалгахдаа тэднийг Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” гэж сэжиглэж холбогдох хэргийнх нь зүйлчлэлийг өөрчилсөн байна. Хэрэв тэдний гэм буруутайг шүүхээр тогтоовол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх аж. Энэ нь Өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжгүй юм байна.
Тухайн үед юу болсон талаар Эргүүл хамгаалалтын газрын илтгэх хуудаст “Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар, Хэв журмын хэлтсийн хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн ахмад Ш.Батболд нараас 15.35 цагт өгсөн үүргийн дагуу МАХН-ын төв байрны зүүн талд 20 офицер, цагдаа баруун талд тав, зургаадугаар тасгийн 32 офицер, цагдааг гинжин хамгаалалтанд байрлуулсан. Улмаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатараас өгсөн үүргийн дагуу тус газраас 00.50 цагт сургуулийн 260 ширхэг сумтай “АКМ” маркийн 13 ширхэг буу, 25 ширхэг сумтай “ЙЖ -79-8” маркийн таван ширхэг хийн гар буу Нийслэлийн цагдаагийн газарт авчирсан. Хэв журмын хэлтсийн хамгаалалтын тасгийн дарга, ахмад Ш.Батболдын өгсөн үүргийн дагуу Хэв журмын хэлтсийн дөрөв, тавдугаар тасгийн 68 алба хаагчдийг жагсагчид дундуур хүч сааруулахаар хоёрдугаар эгнээнд гинжин хамгаалалтанд авч байрлуулсан. Эргүүл хамгаалаптын газрын цагдаагийн ахмад Г.Мөнхбатын өгсөн үүргийн дагуу 18.45 цагаас Соёлын төв өргөөний ойролцоо байрласан албаны машинуудыг өөр газарт байрлуулсан. Газраас нөөц хүчинд ажиллаж байсан алба хаагчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор эмч, сувилагч нарыг хүч нэмэгдүүлэн 18.50 цагт татаж ажиллуулсан” зэргээр тэмдэглэгдэн үлдсэн байна.
2008 оны долоодугаар сарын нэгэн. Шөнийн 23:30 цаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдад онц байдал зарлах тухай дөрвөн өдрийн дүрэм, журмыг танилцуулав. Чухам энэ үйл явдлын үеэр олон хүний цус урсаж, олон аавын хүү, эцэг, эх, гэр бүлийг нь өнчрүүлсэн аймшигт хар өдөр таван сайхан аавын хүү алтан амиа алдан хэдэн зуун хүн бэртэж гэмтэн зарим нь тахир дутуу болжээ. Амиа алдсан залуус болох 24 настай Э.Доржсүрэн, 27 настай Р.Мөнх-Эрдэнэ, 36 настай Ц.Энхбаатар, 28 настай Т.Батсайхан нар цөм гэм зэмгүй жирийн иргэд. Тэдний зарим нь үймээнд огт оролцоогүй найзуудтайгаа явж байхад нь цагдаа нар хэн нь мэргэн болохоо үзэлцэн хойноос нь буудаж хороосон талаар эх сурвалжид тэмдэглэжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны баруун талд зэрэгцэн явж байсан таван залуугийн нэгнийх нь хүзүүг нэвт бууджээ. Тэр нэлэнхүйдээ цусанд холигдов. Дөрвөн найз нь ухаан балартсан андынхаа цогцсыг дамжлан хашаанд тулган орхичихоод, хойноос ирж яваа цагдаагийн “хүн ачдаг” цэнхэр машинаас даруй зугтаж амжсан аж.
Чухам энэ дэвтрийг яагаад дөрвөн жилийн дараа буюу сонгууль дөхөж байхад гэнэт гаргаж ирэв. Тэнд өгүүлсэн тэмдэглэл үнэнийг хэр өчиж байна вэ. Үймээний үед болж байсан зарим үйл явдал, шархдаж, эмнэлэгт эмчлүүлж байсан хохирогчид, буун дуу гаргаж, үүрэг өгсөн дарга нарын нэр зэргүүдийг тэр үеийн үйл явдалтай харьцуулахад яг таг таарч байгаа нь нэн сонирхолтой аж. Энэ үед Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ш.Батсүх, дэд дарга асан цагдаагийн хурандаа Ш.Мягмаржав, хамгаалалтын тусгай тасгийн дарга асан Ү.Даржаа нар, зэвсгийн мастер ахлах ахлагч н.Батдорж нар ажиллаж байв. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн үеийн Ерөнхий сайд, МАХН /МАН/-ын дарга асан С.Баяр гол буруутан нь хэмээж байгаа. Учир нь Цагдаагийн ерөнхий газрын даргыг Ерөнхий сайд томилдог. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Би зөвхөн эмх замбараагүй байдлыг намжаах заавруудыг л өгч байсан” хэмээн хэдэнтээ баталсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд ч энэ талаар ямар ч хүн буудах тухай тушаал өгөөгүй гэдгээ хэлсэн. Тэгвэл үүний цаана чухам хэн гэгч эрхэм нуугдаж байна вэ. Н.Энхбаяр цааш нь хэлэхдээ “Ерөнхий сайд өдөр намын байранд гал гарч байхад онц байдал зарлах тухай санал тавьсан. Тэгэхэд нь би хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь энэ бол тийм ч амар зүйл биш. Тэгээд өөр олон утгатай зүйл ярьсан” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьджээ. Түүнчлэн цагдаагийн хурандаа нар “Бид дээрээ даргатай шүү дээ” гэх үг хэвлэлээр хэлж байсан.
Түүх эргэн сөхье. Мөн үймээний үеэр хамгаалалтад ажиллаж байсан цагдаа нарын ярианаас дурьдъя. Долоодугаар сарын 1-ний үймээнийг цагдаа нар зогсоох гээд хүчин мөхөсдөн ухрав. Гэвч дээрээс дарга нар нь “командалж” байжээ. Энэ үед бужигнасан олон дотор бульдозертэй хэсэг хүмүүс ойр орчмыг тараав. Тэднийг зогсоож чадаагүй тул буутай цагдаа нар бульдозер руу шууд гал нээжээ. Тэр үед Сүхбаатарын талбайн баруун талаас нэгэн жижиг хар машин ирж босогчид руу мөн гал нээжээ. Тэр даруйд хүмүүс бужигнан тал тал тийш бутарцгаав. Гэтэл өнөөх машин нэгдүгээр эмнэлгийн зүг зугтсан таван хүний араас нэхжээ. Энэ талаар хамгаалалтад байсан дэд ахлагч Г “Хүмүүс мод чулуугаар нүүлгэж, тэднийг хүчрэхгүй болохоор нь бид ухарч байсан юм. Тэгсэн манай дарга нар биднийг нэг ч хүн ухарч болохгүй шүү. Тэгвэл бид бүгдээрээ хоолгүй болно гэж мэдээрэй. Та нар төрийн цагдаа гэдгээ мартаж болохгүй шүү. Биднийг цагдаагийн бүх дарга нар ойрхон машинтай харж байгаа гэж байсан. Гэтэл талбайн тэндээс Соната маркийн хар өнгөтэй машин ард нь, хамгаалалтын цэнхэр машин ирж буун дуу гаргаж хүмүүсийг тараасан. Тэгтэл нэгдүгээр эмнэлгийн тийш нөгөө жижиг машинаар хүмүүсийг хөөгөөд яваад өгсөн. Бодвол тэд нөгөө үүрэг өгөөд байсан дарга нар байх. Хотын төв рүү цагдаагийн удирдлагууд болон хамгаалалтын машин л нэвтэрч байсан” гэв. Тэгвэл цагдаагийн өдрийн тэмдэглэлд дурьдсан болон эх сурвалжуудын хэлснээр нэгдүгээр эмнэлэгт нэг хүн зугтан орж амь алдсан талаар баримт бий. Мөн үүнийг нотлох нэгэн сувилагчийн МҮОНТ-д өгсөн яриа байдаг. Тэрбээр “Энэ олон гэмгүй залуусыг яах гэж буудсан юм бэ. Манай эмнэлэгт буудуулсан 20 хүн ирсэнээс хоёр нь моргт байгаа. Хөлдөө буудуулсан нэг хүн ирэнгүүтээ нас барсан” хэмээжээ. Тэгвэл хар дэвтэрт юу гэж өгүүлнэ вэ. “Ахлах ахлагч н.Мандах дэд хурандаа Ш.Мягмаржавтай хамт явж байхдаа нэг залуугийн хөл рүү чиглүүлж буудсан. Тэр хүн дороо дэвхцээд байсан, оноогүй байх аа гэж бодсон” гэж ярьсан байдаг. Мөн Ү.Даржаа хүн буудахыг дэд ахлагч н.Батцэрэн харсан аж. Сувилагч бүсгүй цааш нь ярихдаа “Уушгиндаа буудуулсан нэг хүнд хагалгаа хийж сумыг нь авсан” гэжээ. Гэтэл сувилагчийн ярьсан энэ мэдээллийг зохион байгуулалттайгаар нуун дарагдуулсан байдаг. Үүнийг одоо эмнэлгийн удирдлагууд “Манай ажилтан сэтгэлийн хөөрлөөр баахан дэмий юм ярьсан байна лээ” гэх зэргээр хэлж байгаа.
Баримт. Ангийн захирагч Ш.Батсүхийг нэгэн хүүхдийн хэвлийд буудахыг хараад Жавхаа гэх цагдаа “Сайн буудлаа” хэмээн бахархаж байжээ. Энэ талаар өөр нэгэн сурвалжид “Долоодугаар сарын 3-нд АН-ын дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, З.Энхболд, Х.Баттулга, Б.Батбаатар нар Гэмтэл согог сэргээн засах клиникийн төвд эмчлүүлж байгаа хүмүүстэй уулзав. Тус эмнэлэгт нийт 109 хүн ирсэн аж. Үүнээс 14 нь хүнд гэмтсэн, 14 нь тархиндаа, долоо нь бууны, хоёр нь нурууны зөөлөн эдийн, найм нь ясны гэмтэлтэй. Харин “15 орчим насны нэг хүүхдэд хэвлийн хөндийн мэс засал хийж байна” гэж эмнэлэгийн удирдлага хэлсэн байдаг. Үүнийг уншигч та дээр дурдсан баримтаас харьцуулан дүгнэх биз ээ.
"Улс төрийн тойм" сонин