Ким Чен Ирын үхэл үнэт цаасны ханшийг унагав

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Ким Чен Ирын үхэл үнэт цаасны ханшийг унагав

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир нас барсныг тус улсын төв телевизээр мэдэгдсэний дараа Өмнөд Солонгосын мөнгөн тэмдэгт вон, үнэт цаасны гол индекс унаж эхэлжээ. Өмнөд Солонгосын үнэт цаасны Kospi индекс 4.9 хувиар унасан бол воны ханш сүүлийн хоёр сард байгаагүй ихээр 1.8 хувиар буурчээ. Бондын ханш ч мөн унаж байгаа нь зээлжих өртөгт нөлөөлжээ. “Bank of Korea” их удирдагчийн үхэлтэй холбогдуулан яаралтай хуралдаж байгаа гэнэ.  Умард Солонгосын удирдагчийн өв залгамжлагчийг зарлах хүртэл зах зээлд тогтворгүй байдал үргэлжилнэ гэж ажиглагчид таамаглаж байгаа аж.”Hyundai Securities” компанийн нэгэн  "Үнэт цаасны зах зээл дэх тогтворгүйтэл хэсэг хугацаанд арилахгүй” гэж үзжээ.  2010 оны есдүгээр сард Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир бага хүү Ким Чен Уныг өв залгамжлагчаар нэрлэсэн юм. Хэдийгээр Ким Чен Уныг дараагийн удирдагч гэж зарласан боловч Умард Солонгост  төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж байж болзошгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Эрх мэдлийн төлөөх тэмцэл үнэт цаасны зах зээлээс хөрөнгө оруулагчдыг түлхэж болзошгүй гэнэ. Умард Солонгосын удирдагчийн үхлийн мэдээ Азийн бусад улс орнуудын үнэт цаасны зах зээлд нөлөөлж байна. Японы үнэт цаасны Nikkei 225 индеск  0.8 хувиар, Хонконгийн Hang Seng 2 хувиар, Шанхайн индекс Composite мөн 2 хувиар буурчээ.  Умард Солонгосын удирдагчийн үхлийн тухай мэдээ үнэт цаасны зах зээлд сөрөг нөлөө үзүүлэх нь гарцаагүй болжээ. “Геополитикийн эрсдэлтэй асуудал урган гарахтай зэрэгцэн хөрөнгө оруулагчид үнэт цаасны зах зээлээс хөрөнгөө татна гэж Сөүл хотын үнэт цаасны нэгэн мэргэжилтэн хэлж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж