Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

“Time” сэтгүүл оны хүнээ шалгарууллаа. Гэхдээ энэ жил Барак Обама, В.Путин зэрэг дэлхийн удирдагчдыг тоосонгүй. Харин “Эгэл олны дундаас эгэл баатрыг тодруулав” гэдэгтэй адил дүнг дэлхий нийтэд танилцуулав. Тэр нь мэдээж “Жагсагч хүн” гэх тодорхойлолтын эзэд. Энэ томъёоллыг босогч, тэмцэгч, шинэчлэгч гэх маягаар  монголчилж болох. “Time” сэтгүүлийн эрхлэгч Рик Сгенгель энэ талаар “Босогчдыг цагдаа нар ну­лимс асгаруулагч, бороохой зэргээр хүч хэрэглэн дарсан ч тэд үл няцан тэмцсээр байсныг бид үнэлж, дэмжих ёстой. Тэд хий хоосон зүйлийн төлөө тэмцээгүй, нийг­мийн бүлэглэлүүдийг уриа­лан сэрээж, урагш тэ­мүүлэх эрч хүчийг өгсөн. Мөн аугаа өөрчлөлтийг хийж чадсан гэж бид үзэж байгаа” гэжээ. Үнэхээр ч “Арабын мөнхийн захирагч” гэх тодотголын эзэд болчихоод байсан удирдагчдынхаа эс­рэг бүх нийтийн хувьсгал эхлүүлэхэд хүргэсэн гив­лүүртэй босогчид, дэлхийн эдийн засгийн харилцаанд шу­­дарга бус хуваарилалт ноёр­хож буйг эсэргүүцсэн “Уолл стрийтийг эзэл” хө­дөл­гөөнийхөн энэ жилийн хувьд яах аргагүй онцгой бай­сан. Учир нь тэд зөвхөн эх орноо бус дэлхий нийтийг сэ­рээсэн. Тэр дундаа эрх мэдлийн үл цадах шуналтай увайгүйчүүдийн армийнханд “Та шударга бус бүхнийг удирдан зохион байгуулснаар өнөөдөр биш юм гэхэд маргааш, маргааш биш юм гэхэд нөгөөдөр хүртэх ёстой шийтгэлээ хүртэнэ” гэдгийг сануулж өгсөн юм. Үүнийх нь төлөө монголчууд та бид ч тэдэнд талархал илэрхийлэхэд буруудах зүйл үгүй. Иймээс ч “Жагсагч хүн” гэсэн ерөнхий тодорхойлолтын дор Монголын жагсагч, тэмцэгч, босогч, шинэчлэгч гэх хэсэг бүлгийнхний хувьсал өөрчлөлтийг эргэн харахыг хүслээ. Ийн эргэн харлаа гээд алдаа бүхнийг өөрчилж, ололт бүхнийг батжуулж чадахгүй нь үнэн. Гэхдээ л “Жагсагч хүн”-ий эргэн тойронд анхаарахгүй байхын аргагүй шударга ёс, тэгш эрхээс илүүтэй увай­гүйтэл, заналхийлэл, даран­гуйлал өдрөөс өдөрт цэцэглэж буйг та бид сануулахгүй, анхааруулахгүй байж болом­гүй санагдана. Шалтгаан нь Монголын нийгэм бүхэлдээ увайгүй “Жагсагч хүн”-ий муу үйлийн төлөөсөнд хохирч үлдэх цаг ойрхон ирсэн мэт санагдана. Үүний сонгодог жишээ нь 20 жилийн настай ардчиллын анхдагчид хийгээд тэдний дарангуйлал.

Бүхэл бүтэн 20 жил өнгөрчихөөд байхад “Тэртээ нэг өдөр Сүхбаатарын талбайд үг хэлж, жагссан түүхээрээ эрх мэдлээс мөнх атгах ёстой” хэмээх бодолдоо тэд хадуурчихсан яваа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж… Ардчиллын анхдагчид бүгд адилхан. Тэдний “Өөрөө л биш бол өөр хэн ч биш” гэсэн бат нот итгэл үнэмшил нь тэртээх 1990 онд олж авсан “Жагсагч хүн”-ийх нь үнэ цэнийг бүхэлд нь унагааж буй ч гэж болно. Улмаар Монголд шийдвэр гаргах эрх мэдэл бүхэлдээ өөрсдийнх нь гарт зангидагдаж, өөрсдөө л манлайд нь байх ёстой гэсэн хувиа хичээгчийн зарчим нь улс орныг мөнөөх л хувьсгалч залуу насных нь тэр үед эргэн аваачих цаг ойрхон ирсэн ч гэж хэлж болно. Нэг ёсны тэд өөрсдөө тухайн үедээ жагсаалаар дамжуулан хувьсгал хийсэн бол өнөөдөр тэдний эсрэг хувьсгал хийх гарцаагүй шалтгааныг мөн л өөрсдөө өдөөх болжээ. Аймшигтай  хэрэг… Зорилгоо нийгмийн эрх ашгийн төлөө бус хувийнхаа эрх ашгийн төлөө эргүүлснийх нь золиосыг ард нийт төлөх цаг ойрхон ирчихээд байгаа учраас тэр. Үүнээс улбаалаад Ардын намын “Жагсагч хүн”-ий тодорхойлолт руу өнгийе. Энэ нөхцөлд агуулга нь арай өөр. Нийгмийн реформ гэх том зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө жагсах нь тэдний хувьд илүүц. Харин “Намаа хамгаалсан шиг хамгаалахын төлөө” гэсэн тэрхүү итгэл үнэмшилдээ үнэнч болохоо гэрчлэхийн тулд тэд жагсдаг. Тус намын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн албан ёсоор үлгэрлэсэн энэхүү “Жагсагч хүн”-ий имиж яах аргагүй онцгой. Нам дотроо хол явах хүний барьж авах арга зам. Тухайн үеийн МАХН-ын байр руу дайрч орсны төлөө У.Хүрэлсүх эсрэг жагсаал зохион байгуулж байсан. Өнгөрсөн хавар гэхэд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооныхон “Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тэр­гүүтнээр нам, холбоогоо до­ромжлуулахгүй” хэмээн жагссан. Ерөнхий дүр зураг нь У.Хүрэлсүх даргын заасан замаас гажсан нь үгүй. Энэ хоёр жагсаал өдгөө Орост өрнөж буй Нэгдсэн Орос намын ялалтыг дэмжсэн сонгогчдын сайн дурын гэх тодотголтой жагсаалтай чанарын ялгаагүй. Мэдээж Думын сонгуульд ялалт байгуулсан Нэгдсэн Орос намыг эсэргүүцэгчдийн тоо 80 гаруй мянгаар тоологдох болсон энэ үед В.Путины төлөө ерөөл өргөнө гэдэг бол зүгээр ч нэг сайн дурын уран сайханчдын хийх ажил биш шүү дээ. Иймээс л “Жагсагч хүн” гэсэн тодорхойлолтыг зөвхөн эсэргүүцэгч бус дэмжигч гэдэг өнцгөөс нь харах шаардлагатай ажээ.

Эндээс 2004 оны сүүлчээс  үйл  ажил­лагаагаа эрчимжүүлж, Монголын муу муухайг хувьсгалын замаар ариутган цэвэрлэхээ амлах болсон иргэний хөдөлгөөнийхөнд анхаарлаа хандуулъя. Тийм ээ, 2004 оны өвөл. Энэ өвөл Улаанбаатар хот бүхэлдээ хувьсгалын төлөөх эрчим хүчээр цэнэглэгдэж, Ж.Батзандан, О.Магнай, М.Ичинноров тэргүүтэй “Жагсагч хүн”-ий уриалгад хөтлөгдөж байлаа. Хэвлэлүүд ч адилхан. Зорилгыг нь эрвийх дэрвийхээрээ дэмжих нимгэн пальтотой сурвалжлагч охид даарахаа ч мэдэхгүй тэднийг дагаж сурвалжилдаг байсан цаг. Монголын ард түмний хувьд ч тэр дэмжлэгээ харамлаагүй. Гүрж, Украйны хувьсгалтай адилтгах нь холгүй тэдний төлөө алга ташиж байсан. Олон ч аав хүүхдээ, эхнэрээ гэрт нь галгүй, хоолгүй үлдээчихээд Сүхбаатарын талбайгаас хувьсгал эхэлнэ хэмээн итгэж, өөрөө нэг цучил нь байхын тулд нимгэн куртка, уранхай гуталтай хаврыг угтсан нь нууц биш. Тэднээс дутахгүй дэмжсэн эхчүүд ч олон. Гэвч тэд өнөөдөр харагдахаа байж. Хаачсаныг нь асууж сураглаж, дэмжиж тусалж буй иргэний хөдөлгөөний удирдагч байна ч гэж дуулдсангүй. Янз нь удирдагчид нь тэднийг, тэд ч зорилгоо гээсэн байж болох юм. Ийн хэлэхийн учир нь өнөөдөр Ж.Батзандан, О.Магнай нар нь Ардчилсан намд, М.Ичинноров нь Ардын намд гэх маягаар улс төрийн түшиг тулгуур хайгаад явчихсан. Тэдний залгамжлагч болох “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн асан С.Ганбаатар гэхэд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Тэрүүхэн тэндээ “Ерөнхийлөгч өө” хэмээн дуудуулах дуртай болчихсон. Өдгөө түүний дараагийн улс төр нэг алхмаар урагшилж, УИХ-ын гишүүний үнэмлэхтэй болох гэдэг нь тодорхой. Магадгүй тэр бусдаасаа илүү мундаг стратегич байж болох юм. “Жагсагч хүн” гэдэг утгаараа гэх үү дээ. Өөрийнхөө хувьд зөв газраа зөв цагтаа байж чаддаг эр ч гэж хэлж болно. Энэ мэт улс орны чанартай том эрх ашгийн төлөө гэсэн уриан дор байгуулагдсан иргэний 80 гаруй хөдөлгөөн Монголд үйл ажиллагаа явуулдаг. Харамсалтай нь үйл ажиллагаа нь эрчимжээд эхлэхээрээ дээрх том эрх ашгаа зөвхөн хувь хүний буюу удирдагчийн гэсэн ганц эрх ашиг руу чиглүүлж орхидог жишээтэй. Наад зах нь Ногоон намыг хар. Сүхбаатарын талбайд ажиллаад, ажиллаад л байсан. Тодорч гарсан ганц хүн нь намын дарга асан Д.Энхбат нь. Өөр хэн ч байхгүй. Эцэстээ Д.Энхбатынхаа амжилтанд эгдүүцсэн улс төр л Ногоон намын өдөр хоногийг уртасгаж байгаа нь анзаарагдаж эхэлжээ. Ийн байтал сүүлийн үед үйл ажиллагаа нь эрчимжиж буй Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн болон “Гал үндэстэн” холбооны тухайд онцолж харах “Жагсагч хүн”-ий имижийг мөн л сонирхолтой байдлаар бүрдүүлэх болсон. Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний удирдагчид болох Г.Уянга, Д.Батцогт тэргүүтний хувьд зөвхөн УИХ-ын гишүүний эрх мэдлийг хүсээд зогсохгүй МАХН хийгээд МҮАН-ын улс төрийн зорилгыг биелүүлэх чин хүсэлтэй. Гараагаа ч, бариагаа ч тэд ийн иргэний хөдөлгөөний сүр хүчинд тулгуурласан улс төрийн намын дэмжигчийн хувиар төлөвлөж байгаа. Зорилго нь хэр хол явж, хэрхэн биелэхийг өнөөдөртөө төсөөлөх аргагүй ч нийгмийг чанд хатуу хувьсгалын зам руу уриалах нь бий. Магадгүй “Жагсагч хүн” гэдэг утгаар нь харвал харьцангуй эрс шийдэмгий, эрсдэл ихтэй замыг сонгож, нийгмийн уур амьсгалыг тэмцлийн тайван бус арга зам руу хөтлөхөд тэд бэлэн байгаа. Үүнд нь О.Магнай тэргүүтэн ч ханцуй шамлан оролцож буй. Харин “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр гуайн тухайд хүндэтгэх шалтгаантай “Жагсагч хүн” гэдгээр тодруулах хэрэгтэй болов уу. Учир нь тэрбээр 2008 оны долоодугаар сарын 1-ний тэр аймшигт өдөр төрсөн үрээ алдсан эцэг хүн. Үрээ алдсан эцэг хүний шаналал нь түүнийг Монгол төрийн арчаагүй үйлдлийн эсрэг тэмцэх замыг нээсэн. Иймд түүний тэмцэлд зөвтгөх шалтгаан бий гэсэн үг. Түүнчлэн тэр өдөр МАХН-ын цонхыг хагалж, тэмцлээ эрчимжүүлэхийг уриалж байсан О.Магнай өнөөдөр Ланд-200 уначихаад салхи татуулан давхиж яваа. Тэгвэл түүний эхлүүлсэн жагсаалын золиосонд үрээ алдсан эцэг хүн Сүхбаатарын талбайд нулимсаа унаган амь хайргүй тэмцэхээ илэрхийлэх нь дээрх “Жагсагч хүн”-ий нийтлэг дүр төрхөөс хавьгүй шударга санагдана. Тэгээд ч Монголд жагсагчдын удирдагчид хөлжиж, бэлжиж, харин дэмжигчид нь өвлийн хүйтэнд хацар, чихээ хөлдөөсөн ч зүрх сэтгэлээрээ шударга ёсыг хүсэмжилж буй нь дэндүү ичгэвтэр хэрэг. Тиймээс шударга ёсыг бид зөвхөн төр засгаас бус иргэний хөдөлгөөний “Жагсагч хүн” хэмээх баатранцаруудаас ч бас хайх цаг иржээ. “Time” сэтгүүл 2011 оны онцлох хүнээр жагсагч, босогч хүнийг тодруулсан шиг Монголын хэвлэлүүд ч тэр О.Магнай, Ж.Батзандан, М.Ичинноров, Г.Уянга тэргүүтнийг өргөмжлөн онцолж байсан цаг саяхан. Ингэхдээ “Ардчиллын 15 насны ойн дээр Монголыг сэрээсэн залуус” гэх мэтээр өргөмжилж байж, тэднийг. Гэвч өнөөдөр эргээд Монголыг Ардын нам хийгээд Ардчилсан намын дарангуйллаас, иргэний хөдөлгөөнийхний хий хоосон хийрхлээс хамгаалах цаг ирчихэж. Нэг ёсны “Жагсагч хүн”-ий бяцхан эрх ашиг улс орныг эмх замбараагүйтэл, эцэс төгсгөлгүй үргэлжлэх тэмцлийн зам руу хөтөлж магадгүй юм. Иймд “Жагсагч хүн”-д хэт их найдаж, итгэл хүлээлгэж, зам заагч мэтээр өргөмжлөхөө больцгооё. Эцсийн дүндээ Ардын нам, Ардчилсан нам, МАХН хийгээд иргэний хөдөлгөөн гэх мэтээр дор бүрнээ хавтас нь л өөр болохоос бус цаад агуулга, зорилго нь ижилхэн харагдаад байна шүү дээ. Тэр нь өөрийнхөө төлөө өрөөлийг золиослох зүрх зориг нэг байгаад оршиж байж болох юм. “Жагсагч хүн”-ээ гэж!

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж