Нүүрсний хэрэгцээ өнгөрсөн 10 жилийн турш маш өндөр байсан бөгөөд өдөрт дунджаар 700 мянган тонн байв. "Хүлэмжийн хий" ялгаруулалтыг багасгах талаар дэлхий нийтээрээ ярилцаж байсан 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр "хар алт"-ны эрэлт хамгийн ихээр нэмэгдэж байсан юм.
Дэлхийн нүүрс хэрэглэгчид 2000 онд 3.7 тэрбум нүүрс хэрэглэж байсан бол өнгөрсөн онд 6.3 тонн болж 70 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Жилд 5.5 хувийн өсөлттэй байснаар эрэлт хэрэгцээ нь хамгийн их өсөн нэмэгдсэн ашигт малтмалд тооцогджээ.
Хэрэгцээ ирэх жилүүдэд ч үргэлжлүүлэн өснө, гэхдээ өмнө жилүүдтэй харьцуулахад арай л удаан байна гэсэн таамаглалыг ОУЭХА хийсэн байна. Эдийн засаг нь эрчимтэй өсч, эрчим хүчний хэрэглээ нь хамгийн их нэмэгдэж байгаа Энэтхэг, БНХАУ зэрэг улс эрэлт нэмэгдүүлэхэд голлон нөлөөлөх гэнэ. Шинээр үүсэн эрэлтийг хангахад уламжлалт зургаан экспортлогчоос гадна энэ салбарт хүч түрэн орж ирж байгаа Монгол, Мозамбик улсууд хувь нэмрээ оруулах ажээ.
Индонези, Австрали, ОХУ, ӨАБНУ, Колумби улс дэлхийн нүүрсний экспортын 80 хувийг хангадаг юм. Үүнээс үзэхэд дэлхий нийт одоо болтол нүүрсийг эрчим хүчний хямд, найдвартай эх булаг гэж үзсээр байгаа нь тодорхой болов.
Нүүрсний импортоор дэлхийд тэргүүлэгч, цахилгаан станцуудын 70 хувь нь нүүрсээр ажилладаг БНХАУ ирэх 2025 он гэхэд нийтдээ 600 гигаваттын хүчин чадалтай цахилгаан станцуудыг нэмж барихаар төлөвлөжээ. Зарим ажиглагчид 2015 он гэхэд л барина гэж үзэж байна. Тэдний нүүрсний хэрэглээ шинээр барих цахилгаан cтанцуудыг тооцохгүйгээр жилдээ 5-7 хувиар нэмэгдэж байгаа юм. Нүүрсний нөөцөөр дэлхийд гуравдугаарт ордог ч хэрэглээний өсөлтийн хурдацыг нь гүйцэхгүй байгаа учир тус улс хуучирсан, өртөг өндөртэй олборлолт хийдэг 600 уурхайгаа хаах шийдвэр гаргасан. Одоо тус улс Өрнө-Дорно төмөр замын сүлжээг 2013 онд багтаан ашиглалтад оруулахаар яарч байна.
Хэрэглээгээрээ БНХАУ-ын дараа ордог Энэтхэгийн өсөлт харьцангуй удаан байгаа ч коксын хэрэглээгээрээ 2015 он гэхэд хятадыг гүйцнэ гэсэн таамаглалыг Дойче банк гаргажээ. Одоо дэлхийн зах зээл дээр 110 орчим байгаа тонн эрчим хүчний нүүрсний үнэ ирэх жил дээд цэгтээ буюу 170-д хүрч өснө гэж ажиглагчид үзэж байна. Энэ нь уурхайчдын тоонд орсон, цаашид байр сууриа улам ахиулахаар зүтгэж байгаа манай орны хувьд маш таатай нөхцөл бүрдэнэ гэсэн үг юм. Гэхдээ одоо байгаа шигээ ганц худалдан авагчийг харалгүй өөр худалдан авагчийг үргэлжлүүлэн хайвал ашиг илүү их олно гэдэг нь мэдээж билээ.
Австрали, Индонези улсууд жилд 200 гаруй сая тонн нүүрс экспортолдог гэсэн үзүүлэлтээр дэлхийд тасархай тэргүүлж, ОХУ, Колумби, ӨАБНУ тэдэнтэй айлсахаар зэхэж байна. Эдгээр орнууд болон манай улс жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд нүүрсээ зөөх дэд бүтцийн салбарт ихээхэн хөрөнгө оруулаад эхэллээ. Товчоор хэлэхэд, дэлхий дээр нүүрсний "их тэсрэлт" үргэлжилсээр байх болно гэдгийг Олон улсын эрчим хүчний агентлаг бататгаж өглөө.
Эх сурвалж: www.mminfo.mn