ҮБТДС чухал тоглолтод ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

ҮБТДС чухал тоглолтод ялалт байгууллаа

МСБХ-ноос зохион байгуулдаг Пэпси хөгжлийн лигийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр үргэлжлэн явагдлаа. Энэ тойрогт бүсийг тэргүүлэгч багууд хоорондоо таарч тоглосон юм.

Долоо хоногоор хоцорч Пэпси хөгжлийн лигт элссэн ч “Касс СБЛ” баг ээлж дараалан ялалт байгуулж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тэд бямба гаригт “Соёмбо даатгал” багийг 77:65 харьцаатай хожсон бол ням гаригт “Мустанг” багийг 95:49 харьцаатай бут ниргэснээр Б хэсгийг таван хожил, нэг ч хожигдолгүй тэргүүлж байна. Бусдаас чансаа өндөр байгаа энэ багийг дээд лигт оруулах төвшинд хүртэл яриа гарч байгаа. Харин А хэсгийг тэргүүлэгч хоёр баг болох ҮБТДС, “Залуус сан” ням гаригт хоорондоо таарч тоглосон. Нэг ч хожигдолгүй хоёр багийн тоглолт чансаа ойрхон гэдгийг батлан харуулж, эцсийн мөчид ялагч тодорчээ. Эхнээсээ өгөө аваатай болсон тоглолт 65:62 харьцаатай Д.Уртнасан дасгалжуулагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг ялснаар долоон хожил нэг ч хожигдолгүйгээр Пэпси хөгжлийн лигийг тэргүүлж байна. Тэд энэ байдлаараа хэсгийн нэгдүгээр байраар плей-оффт шалгарах магадлал өндөр байгаа бол “Залуус Сан”, “Мобиком”, “Хасын хүлгүүд” багууд эхний дөрвөн байрт бичигдэх боломжтой гэнэ.

Пэпси хөгжлийн лигийг МСБХ-ны мэргэжлийн шүүгчид шүүн явуулж байгаа учраас ямар нэгэн маргаангүй, чанарын өндөр төвшинд зохион байгуулагдаж байгаа талаар оролцож байгаа тамирчид ярьж байсан. Энэ амралтын өдрүүдэд Пэпси хөгжлийн лиг үргэлжлэн явагдана.

Л.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж