Долоо хоногоор хоцорч Пэпси хөгжлийн лигт элссэн ч “Касс СБЛ” баг ээлж дараалан ялалт байгуулж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тэд бямба гаригт “Соёмбо даатгал” багийг 77:65 харьцаатай хожсон бол ням гаригт “Мустанг” багийг 95:49 харьцаатай бут ниргэснээр Б хэсгийг таван хожил, нэг ч хожигдолгүй тэргүүлж байна. Бусдаас чансаа өндөр байгаа энэ багийг дээд лигт оруулах төвшинд хүртэл яриа гарч байгаа. Харин А хэсгийг тэргүүлэгч хоёр баг болох ҮБТДС, “Залуус сан” ням гаригт хоорондоо таарч тоглосон. Нэг ч хожигдолгүй хоёр багийн тоглолт чансаа ойрхон гэдгийг батлан харуулж, эцсийн мөчид ялагч тодорчээ. Эхнээсээ өгөө аваатай болсон тоглолт 65:62 харьцаатай Д.Уртнасан дасгалжуулагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг ялснаар долоон хожил нэг ч хожигдолгүйгээр Пэпси хөгжлийн лигийг тэргүүлж байна. Тэд энэ байдлаараа хэсгийн нэгдүгээр байраар плей-оффт шалгарах магадлал өндөр байгаа бол “Залуус Сан”, “Мобиком”, “Хасын хүлгүүд” багууд эхний дөрвөн байрт бичигдэх боломжтой гэнэ.
Пэпси хөгжлийн лигийг МСБХ-ны мэргэжлийн шүүгчид шүүн явуулж байгаа учраас ямар нэгэн маргаангүй, чанарын өндөр төвшинд зохион байгуулагдаж байгаа талаар оролцож байгаа тамирчид ярьж байсан. Энэ амралтын өдрүүдэд Пэпси хөгжлийн лиг үргэлжлэн явагдана.