Австралийн Макмахон 475 сая долларын зээл авна

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Австралийн Макмахон 475 сая долларын зээл авна

Тавантолгой ордын Зүүн Цанхийн хэсэгт ирэх жилээс эхлэн олборлолт явуулах гэж буй Австралийн Макмахон компани хэд хэдэн банкнаас нийтдээ 475 сая  хүртэлх долларын зээл авах эрхтэй болсноо өнөөдөр мэдэгдсэн байна. Тус компанид зээл олгох банкнуудын эгнээнд Австралийн хамтын нөхөрлөлийн банк, HSBC, Сүмитомо Мицүи банк багтаж байна. Өнгөрсөн оны зургадугаар сард Макмахон компани эдгээр банкнаас 240 сая хүртэлх долларын зээл авах эрхтэй болоод байсан бол тус компанийн зээл авах чадамжийг дахин харгалзан үзэж, банкныхан санхүүжилтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ. Энэ хүрээнд уг зээлийг Макмахон-д 75:125:275 сая доллараар,  гурван үе шаттайгаар олгох юм байна.

Уг санхүүжилтийг тус компани үйл ажиллагаа, техник төхөөрөмжийн баазыг өргөжүүлэхэд зориулахаар төлөвлөжээ.

Макмахон-ы Санхүүгийн асуудал эрхэлсэн захирал Фереса Мликота “Одоогийн санхүүгийн зах зээл дэх тогтворгүй байдлыг авч үзвэл энэ нь компанийн хувьд гайхалтай үр дүн юм” гэжээ.

Тус компани нь өнгөрсөн наймдугаар сард Германы “BBM Operta”  компанитай хамтран Тавантолгой ордын зүүн хэсэгт гэрээт олборлогчоор ажиллахаар болсон нь ийнхүү банкны өндөр итгэмжлэл хүлээх шалтгаан болсон байж ч болох юм.

Банк санхүүгийн байгууллагууд Тавантолгойн олборлолтод тусгайлан зориулсан санхүүжилтийг гаргаж өгөх ихээхэн сонирхолтой байгаагаа Макмахон-д мөн мэдэгдсэн ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж