ҮХ-д өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхийлөгчөөс санал авна

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

ҮХ-д өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхийлөгчөөс санал авна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөж, бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Тус бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн байна. Эл хуулийг нэр бүхий гишүүд өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан юм. Хуульд зааснаар сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байх ёстой гэж заасан байдаг тул хугацааны хувьд тун давчуу богино хоног үлдэж буй аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хувьд арванхоёрдугаар сард багтаан дээрх хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол шинээр эмхлэн байгуулагдах парламент уг ажлыг гүйцэлдүүлэхээс аргагүй юм байна. Харин нэр бүхий гишүүдийн өргөн барьсан төслийн хүрээнд хоёр чиглэлээр өөрчлөлт оруулахаар эл төслийг мэдүүлжээ. Нэгдүгээрх нь, Засгийн газрын гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн хязгаарлалтыг оруулж өгөх. Хоёрдугаарх нь, Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийн 60 дугаар зүйлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулахаар зааж өгчээ. Тодруулбал, энэ нь сумын Засаг даргыг сумын нийт иргэд сонгодог байх бол багийн даргыг сумын Засаг дарга нь томилдог байх. Харин аймгийн Засаг даргыг аймгийн НИТХ-ын тэргүүлэгчтэй зөвшилцөөд Ерөнхий сайд нь томилдог байх. Нийслэлийн Засаг дарга нь дүүргийн Засаг даргыг томилдог байх, дүүргийн Засаг дарга нь хорооны Засаг даргыг сонгодог байх тухай өөрчлөлт юм.

Бүлгийн гишүүдийн хувьд нэгдүгээр өөрчлөлт болох Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг заалтыг дэмжиж санал нэгдсэн байна. Мөн зарим гишүүд дээрх хязгаарлалтыг тавьж өгөх цаг нь болсон гэж байр сууриа илэрхийлсний зэрэгцээ “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг давхар хашиж байгаа нь Үндсэн хуулийн болон бусад хуулийн зарчим агуулгатай цаагуураа нийцэхгүй байгаа төдийгүй парламентын Засгийн газарт тавих хяналтыг сулруулж байна” гэдэг шүүмжлэлийг ч өрнүүлжээ. Харин Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг бүлгийн гишүүд зөв гэж үзсэн ч зарим зүйл заалтыг нягтлах шаардлагатай гэж үзсэн юм байна. Бүлгийн даргын тайлбарласнаар бол уг төслийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн хувьд ч “Эргэж ярих шаардлагатай. Энэ бол ердийн хууль биш, Үндсэн хууль. Хоёрдугаарт, энэ асуудал дээр Ерөнхийлөгчийн саналыг авъя. Түүний дараа сонсох нь зүйтэй байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд Үндсэн хуулийн цэц саналаа өгөх ёстой. Орон нутгийн удирдлагуудын санал ирсэн байгаа. Түүнийг нягталж анализ хийх хэрэгтэй. Эл хуультай холбоотойгоор дагаж мөрддөг дөрвөн хууль бий. Тодруулбал, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Засаг захиргааны эрх зүйн байдлын тухай, Нйислэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн уялдаа холбоо, амьдрал дээр хэр нийцэж,  зөрж байна вэ гэдгийг сайн судалж үзэх. Үүнийхээ дараа асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй” гэж үзсэн байна.

Энэ асуудалтай холбогдуулж бүлгийн даргаас дараах асуултад хариулт авсан юм.

-Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэж заавал хязгаар тавиад байгаагийн үндэслэл нь юу вэ. 100 хувь байж болдоггүй юм уу?

-Одоо бол хуулийнхаа хүрээнд Засгийн газрын гишүүн нь бараг 100 хувь УИХ-ын гишүүн байсан ч болохоор байгаа. Тийм учраас гуравны нэгээс илүүгүй гэж хязгаар тавьж өгье гэж үзсэн. Хязгаар тавихдаа бас зарим үндэслэлүүдийг иш болгосон. Тухайлбал, 2000 онд Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт ирсэн байдаг. Түүнд Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн хязгаарлалтыг хийж өгч болох юм гэж санал дүгнэлтдээ ирүүлсэн байдаг. Үүнийг авч үзэж байгаа юм. Мөн Засгийн газрын гишүүний гуравны нэгээс хэтрүүлэлгүйгээр Засгийн газрыг байгуулж явж байсан үе бий. Тухайлбал,  2000-2004 оны Засгийн газар тийм байсан. Нийт 13 сайдтай,  түүний дөрөв нь Засгийн газрын гишүүн. Ерөнхий сайдыг оруулахад таван сайдтай. Бусад нь УИХ-ын бус гишүүн байсан. П.Жасрай агсны Засгийн газрын үед мөн тийм зохицуулалт байсан. Тэгэхээр эхний удаад гуравны нэгээр хязгаарлалт хийгээд өгөхөд болохгүй зүйлгүй гэж үзсэн хэрэг л дээ.

-Арванхоёрдугаар сард багтаан УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталж амжих уу. Амжихгүй бол яах вэ?

-Ямар ч байсан хуульд өөрчлөлт оруулахын төлөө ажиллая, томъёоллуудаа хоёр талаасаа нийлүүлээд ажиллахыг хичээе гэж үзэж байна. Ирэх саналууд байгаа учраас бас хүлээж байна. Амжвал энэ сардаа багтаагаад баталчихъя. Амжихгүй бол цаашдаа судалгаа үргэлжилж, дараагийн УИХ байгуулагдахад бэлэн материал болж хийгдэх ёстой гэж үзэж байна л даа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж