Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

“Өдрийн сонин” сонины 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 302 дугаарт сэтгүүлч П.Хашчулуун “Ардын нам сонгуульд оролцох эрхгүй” гэсэн гарчигтай нийтлэлдээ 4 сая иргэнээ ямар ч өчиггүй буудаж хөнөөсөн Камбожийн улаан кхмерүүдтэй өнөөгийн Монгол Ардын Намыг адилтгаад зогсохгүй “…Энэ намыг ирэх сонгуульд оруулж болохгүй” гэжээ.

Мөн “Монгол Ардын Намын хөрөнгийг лацдаж эмхэл, татан буулга, эс тэгвэл сонгуульд орж луйвар хийнэ, хүний амь хөнөөнө” гэсэн байна.”Өдрийн сонин”-ы сэтгүүлчийн энэ үйлдэл нь 7-р сарын нэгний үймээний зохион байгуулагч болон санхүүжүүлэгч нь хэн болохыг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад үйлдлийг бусдад тохохыг санаархсан ч гэмээр, гадныхны ашиг сонирхол үйлчлээд байна уу ч гэмээр утга санаа агуулсан  нь хачирхалтай. Улс төрийн намыг хэн ч шүүмжилж болох ч “Ардын нам сонгуульд оролцох эрхгүй” нийтлэл нь ямар ч баримт нотолгоогүй,санаатай мушгин гуйвуулж,сэтгүүлзүйн үндэслэлгүй сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандсан матерал болсныг мэргэжлийн хүмүүс битгий хэл жирийн уншигч шууд ойлгохоор байгааг “Өдрийн сонин”-ы Эрхлэгч эрхбиш анхааралдаа авна буйзаа.

Монгол Ардын Нам бол Монголын ард түмний үнэт зүйл болох тусгаар тогтнолыг авчирч,эх орноо хөгжил,дэвшлийн замд түүчээлэн яваа улс төрийн ууган хүчин билээ.Улс орондоо төдийгүй тив,дэлхийд нэр хүндтэй МАН-ыг сонгуульд оролцох эсэхийг хэн нэг сэтгүүлч эсвэл аль нэг сонин шийдэхгүй нь ардчилсан нийгмийн зарчим.Гэтэл иргэд болон иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн улс төрийн хүчний сонгох,сонгогдох эрхэнд халдаад зогсохгүй,ялах,ялагдахын таамгийг урьдчилан дэвшүүлж мэргэн түргэний дүрд тоглож байгаа нь зохисгүй байлтай.

Танай сэтгүүлчийн бичсэн нийтлэл тодорхой тоо баримтад түшиглээгүйн дээр дэлхийн 160 гаруй намыг эгнээндээ нэгтгэдэг Социнтернийг “элэнцгийн байгууллага” гэж уурссан байх юм.

Хамгийн ноцтой нь “2012 оны сонгуулиар юун 7-р сарын 1-н байтугай юм болно,шатаана,сөнөөнө” гэх утга агуулга энэ нийтлэлд олон давтагдаж байгаа нь олон түмнийг эмх замбараагүй байдалд эртнээс уриалан дуудаж хууль бус үйлдэл хийж байгаагийн дээр үймээн самууны зохион байгуулагч нь чухамдаа “Өдрийн сонин” ч байж мэдэхээр ойлгогдож байгааг та бүхнийг анхааралдаа авна гэдэгт огт эргэлзэхгүй байна.

 

Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах хэлтэс
 
2011 оны 12-р сарын 19
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж