Х.Тэмүүжиний дэлгэсэн нууц баримтыг няцаав

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжиний дэлгэсэн нууц баримтыг няцаав

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэ сарын 13-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлаж,  долдугаар сарын 1-ний хэргийн талаар нууц баримт гэх зүйлсийг дэлгэн, олон нийтэд харуулсан юм. Хэвлэлийн хурлын үеэр  2008 оны наймдугаар сарын 22-ний өдөр бичигдсэн нэгэн цагдаагийн өдрийн тэмдэглэлийн зарим хэсгээс танилцуулсан. Тус тэмдэглэлийн дэвтэрт  “д/х Мягмаржав бидний долоон цагдаагаар Эргүүл хамгаалалтын газрын подволын бие засах өрөөний суултуурыг авахуулж гурван метр орчим гүн нүх ухуулав. Тэр нүхэнд нилээн зузаан бүдүүн турба авчирч суулгаад буудлага хийж, долдугаар сарын 1-нд хэрэглэсэн буунуудын цохилуур болон бусад зүйлийг өөрчилсөн.

Нүх ухсан цагдаа нар: Ганболд, Батболд, Төмөрбаатар, Ганбаатар, Мандах, Мөнхтулга, бас Батсүх даргын хамаатан нэг цагдаа байсан. Цагдаа Мөнхтулга нөгөө турбаг Эргүүл хамгаалалтын газрын саарал өнгийн фургон машинаар Гачууртад аваачиж хаяхаар авч явсан”  тухай дурдсан талаар мэдээлсэн. Дээрх мэдээллийг Цагдаагийн ар гэрийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл эрс үгүйсгэж,  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2008 оны наймдугаар сарын 22-ны өдөр яах гэж хонгиог цуглуулсан юм бэ. Долдугаар сарын 2-нд хэргийн газрын үзлэг хийгээд дууссан байсан. Би гурван жил Ака гэдэг бууг тэвэрч цэргийн алба хаасан хүн. Бууны хонгио хаашаа яаж гардгийг мэднэ. Тэгэхээр энэ бол анхнаасаа зохиомол, худлаа зүйл. Цаг хугацааны хувьд алдаатай, зөрүүтэй. Цагдаагийн ар гэрийн холбооноос 2008 оны наймдугаар сарын 21-ний өдөр Сүхбаатарын талбайд цагдаа нарын цугларал зохион байгуулсан. Маргааш нь буюу 22-ны өдөр буюу нүх ухсан, турба суулгасан гээд  байгаа өдөр Батдорж, Төмөрбаатар гэж хоёр цагдаа Ганц худагт хоригдож байсан. Бас нэг цагдаа бий. Тэр нь хөлөө хугалаад гипсдүүлсэн гэртээ хэвтэж  байсан. Тэгэхээр нүх ухсан долоон цагдаад нэр нь ороод байгаа  гурав нь өөр газар  байсан байгаа юм. Энэ мэтчилэнгийн юман дээрээс бодохоор цагдаагийн тэмдэглэлийн дэвтэр чинь худал юм биш үү гэсэн хардлага төрүүлж байгаа. Х.Тэмүүжин гишүүн халааснаасаа сум гаргаж үзүүлээд л байгаа шүү дээ. 2010 оны зургадугаар сард Прокурорын мөрдөн байцаах албанд зургаан сар хэртээ энэ тэмдэглэлийн дэвтэр чинь шалгагдаад нотлогдоогүй  зүйл. Үүнийг л хонгиотой жишээд баахан хүний даралтыг ихэсгэж, сэтгэлийг эмзэглүүлж байгаад харамсч байна” гэв. Түүнээс  зарим асуултад хариулт авлаа.

-Та УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд ил  захидал хүргүүлж байгаа гэлээ. Ямар учиртай захидал вэ?

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд хандан цагдаагийн ар гэрийн холбооноос цагдаа нарын эсрэг үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараасныг эсэргүүцэн залруулга хүргүүлж байна. Та  2011 оны 12 сарын 13-нд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийхдээ 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн нууц баримт дэлгэнэ хэмээсэн. Хэргийн газраас байлдааны сумны хонгио түүлгэж, оронд нь сургуулийн сумны хонгио тараалгасан, Эргүүл хамгаалалтын газрын подвалд гурван метр нүх ухаж, чулуун турба суулган буудлага хийж, бууны цохилуурыг өөрчилсөн талаар ярьж,  хаанаас олдсон нь тодорхойгүй тэмдэглэлийн дэвтэр, сумны хонгио зэргийг үзүүлэв. Бүтэн гурван жил цагдаа буруутай хэмээн яригдсан учир энэхүү мэдээлэл нь үнэн байжээ гэх бодлыг олон нийтэд төрүүлээд байгаа. Гэвч бодит байдал дээр огт тийм зүйл болоогүй. Нэгдүгээрт хэргийн газраас байлдааны сумны хонгио түүлгэж, оронд нь сургуулийн сумны хонгио тараасан гэх тухайд: 2008 оны 7 сарын 2-нд үүрээр буюу 03.00 цагийн орчим хүн нас барсан тухай мэдээлэл ирсний дагуу ЦЕГ, СБД-ийн ЦХ-ийн жижүүрийн бүрэлдэхүүн, шинжээч, прокурор, хөндлөнгийн гэрчтэй хэргийн газрын үзлэг явуулж, эд мөрийн баримтыг хураан, тэмдэглэл үйлдсэн байдаг. Үзлэгийн дүгнэлт, хураагдсан эд мөрийн баримтыг өөрчлөх ямар ч боломжгүй юм. Ийм байхад хэд хоногийн дараа хэргийн газраас хонгио түүлгэж, оронд  сургуулийн сумны хонгио тараасан гэдэг нь ор үндэсгүй тухай ил захидалд дурдсан байгаа.

-Цагдаа буудаагүй гэдгийг та яаж батлах вэ. Та энэ талаар ярих эрхтэй хүн мөн үү?

-Тэмдэглэлийн дэвтэр нотлох баримт мөн юм уу. Нотлох баримт мөн гэж үзэж байгаа юм бол энд байгаа мэдээ, мэдээлэл өнөөдөр шалгагдаад шийдвэрлэгдэх ёстой шүү дээ.Тухайн үед 13 ширхэг ака буу, 268 ширхэг сургуулийн сум тавьж өгсөн гэдэг баримт биш юм уу. Тулгаад шалгаж  байна шүү дээ. Нотлох баримтан дээр тулгуурлаад би үнэн, худлын тогтоох гээгүй. Х.Тэмүүжин гишүүн ч тэгээгүй. Миний хувьд цагдаа нараа  хамгаалах эрхтэй,  тиймээс төрийн бус байгууллага байгуулсан. Үзэл бодлоо илэрхийлэх эрх надад үндсэн хуулиар олгогдсон. Би хүнийг гүтгээгүй. Нөгөө талаар би хардах эрхтэй. Олон сэжүүр байж болно үүнийг шалгаач гээд л байгаа юм.

-Өнөөдрийн хэвлэл дээр тэмдэглэл хөтөлсөн цагдаагийн ар гэрийнхэнтэй та тохиролцсон гэдэг мэдээлэл гарсан байна лээ?

-Тэмдэглэл хөтөлсөн цагдаа нууц байгаа биз дээ. Х.Тэмүүжин гишүүн ил гаргаагүй. Холбогдох хүмүүс тэр тэмдэглэлийг хавтаст хэргээс уншсан. Буудуулж дөрөв, угаартаж нэг хүн нас барсан. Үүнийг олж шалгаад эзэн холбогдогчийг тогтоох нь цагдаагийн байгууллагын үүрэг. Эрүүгийн цагдаагийн газар, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаачээ гэж хүсье. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны шалгах хүрээ нь хязгаарлагдмал.

-УЕПГ-аас таны хийсэн мэдээлэл нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байна хэмээн арга хэмжээ авч байсан. Энэ удаа дахин энэ талаар мэдээлэл хийхээс айхгүй байна уу?

-Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Би ийм мэдээлэл хийснээрээ Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны үйл ажиллагаанд саад учруулсан гэж бодохгүй байна. Энэ бол сонгуулийн шоу гэдгийг ойлгож байгаа байх. Төрийн хүн шоудаж байхад иргэн хүн яахаараа шоудаж болдоггүй юм бэ.

-Цагдаагийн ар гэрийн холбоог байгуулаад гурван жил боллоо. Өнгөрсөн хугацаанд та энэ хэргийн  талаар тайлбар, мэдүүлэг, мэдээлэл өгч байсан уу?

-Би цаг гаргаж мэдүүлэг,  байцаалт өгч  байсан. Яагаад гэвэл хурц гэрэлтэй хар өнгөтэй машиныг олж тогтоогооч гэдэг хүсэлтээ тавьсан. Надад мэдээлэл өгсөн хүмүүсийг дуудаж, нэртэй устай нь дагуулж очоод мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл энэ хэргийг үнэн зөв шалгаж өгөөчээ гэж иргэнийхээ хувьд  хүссэн. Прокурорын  дэргэдэх мөрдөн байцаах алба хэр зэрэг шалгадгийг мэдэхгүй.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж