“Уяхан замбативийн наран” өндөр аван хөөрөхөд газар уяран, тэнгэр мэлмэрэн, уулс найган бүжих мэт. Дэл хийсгэн давхих аргамаг хүлэг шиг шуранхай дээлтэй Монголын нэрийг дэлхийд зарлан хадаана. Зөвхөн талаар гэр, уулсаар хил хийн, цай, сүүгээ наранд өргөдөг, айлчин ирнэ гэж үүдээ онгорхой орхидог монгол хүний сэтгэлээс гарч чадах уужим аялгуу. Цоожгүй сэтгэлээс ундрах хязгааргүй хөг айзам. Нүүдэлчний тансаг энэ аялгуугаар суурьшмал ертөнцийн хүмүүсийг гайхуулж, уярааж, уйлуулж чадсан хүн бол Н.Норовбанзад. Намхан жаахан биетэй ч тал шиг шуранхай хадааж, нар шиг инээмсэглэл цацрааж явсан агуу том ертөнц.
Зэрэглээ намирсан говийн жаахан бүсгүй үнэндээ зуун зуунд ховорхон төрөх зиндаа өндөр авьяастан байлаа. Дэлхий түүнд мэхийж, дэлхий түүнд алга ташиж, дэлхий түүний хоолойг шагшиж байсан юм. Хөрөнгөтний ертөнцөд Монголын урлаг анх хөл тавихад түүний хоолой Флоренсийн тэнгэрт шуранхай хадааж, нутгийнхаа далбааг намируулж явсан билээ. Тив тивийн том том тайзнаа энэ жижигхэн эмэгтэй уртын дуугаар уул шиг дүнхийдэг байсан алтан түүх өнөө хэр хуучраагүй. Ийм түүх хуучирдаггүй. Хуучрах ч ёсгүй, мартах ч учиргүй ,агуу бахархлын галыг үе дамжуулан өрдөх аялгуун цучлыг унтраавал алдас болох буй за.
Хэзээ ч унтрааж болохгүй тэр нандин эрхэмсэг цучлыг дархлан өрдөж өгсөн нэгэн үйл явдал бол “Норовбанзад” сангийн шагнал. Монгол хүний авьяасыг дэлхийн тайзнаа гайхуулж явсан энэ эрхэм хүний нэрээр овоглосон шагнал агуулга нь алдагдаж, хэлбэр нь хэтийдсэн цол тэмдгэнд булаатай өнөөгийн урлагийн ертөнцөд шинэ үзэгдэл болон гарч ирлээ. Энэ эрхэм шагналыг гардсан хүн эрэмшин, бахархах, ийм хүндлэлийг хүртэх эрх өөрөө өндөр босго болон тогтох эрүүл зөв амьсгал бүлээнээр үлээж эхэлсэн мэт таатай сэтгэл эрхгүй төрнө.
“Уртын дуу бол монгол түмний бүтээн туурвисан сонгодог урлаг юм” хэмээх шинжлэх ухааны гайхамшигт дүгнэлтийг гаргасных нь төлөө урлаг судлаач, доктор Д.Оюунцэцэг оюуны шилдэг бүтээлд олгох “Норовбанзад” шагналын эзэн боллоо. Ардын урлаг хэмээн бидний ой тойнд хадгалагдсан уртын дууны судлалд цөөнгүй жилийг зориулсан, бидний уламжлалт ойлголтыг огт өөр түвшинд аваачиж чадсан энэ эмэгтэй “Ийм агуу хүний авшиг буян шингэсэн шагналыг хүртэж байгаадаа хэлэх ч үг олдохгүй байна” хэмээн хоолой зангируулан ярьж зогсов. Баргийн зүйлд хөл алдан догдлохгүй хүн гэдгийг нь урлагийнхан бүгд мэднэ. Гэвч тэр догдолжээ. Догдлохоор барахгүй, бүр бахархав.
Алдарт Вердийн гранд опера “Аида” шилдэг бүтээл хэмээх тодотголоор “Норовбанзад” шагнал хүртлээ. Нүсэр баг, мэргэжлийн өндөр чадвар шаарддаг болохоор энэ дуурийг баргийн театр тавьж зүрхэлдэггүй билээ. Зориглон сонгож, урын сандаа оруулсан тоотой хэдхэн театр бий. Монголчууд “Аида” тавьсныг сонсоод мэл гайхсан “Метрополитан”-ы удирдаачийн нүд үүнийг батлах мэт. “Аида”-г тавьсан театр дэлхийн урлагт толгой дээгүүр, харц өндөр явдаг бичигдээгүй хууль бий. Тэр омог бардам байх бахархлыг нь амьд ахуйдаа тийн харц дээгүүр дуулж явсан энгүй их авьяастан ийнхүү батлан тунхаглаж өгөв.
ҮДБЭЧ-ын морин хуурч Ч.Батсайхан алдарт дуучны нэрээр овоглосон шагналыг хүртсэн уран бүтээлч болов. Мэргэжлийн тайзан дээр 40 жил хуурдаж яваа энэ хүн дэндүү гэмээр авьяастай ч даруухан нь хэтэрсэн эрхэм билээ. Ховорхон төрөх хуурч гэж түүнийг үнэлдэг. Тэр үнэлгээг “Норовбанзад” шагнал батлан соёрхсон нь энэ.
Бие биеийнхээ дээр гарах гэж уралдах, хэлбэр хөөсөн хэтэрхий гажиг өрсөлдөөн авсан шагналаасаа ичиж амьдармаар сэтгэхүйн мананг өнөөгийн урлагт өтгөнөөр суунаглуулах болсон. Харин энэ мананг хагалан зүсэх гэрэл гэгээ асааж “Норовбанзад” сан өөрийн шагналыг бий болгов. Он жилийн урсгалд илч гэрлээ алдахгүй хадгалж, мэргэжлийн урлагийн ертөнцөд эрүүл үнэлэмжийг тогтоох алдан гадас болон гэрэлтэж байгаасай гэж хүсье. Гэрэлтэх тэр туяа мэргэжлийн урлагийн алтан босго, нэр хүндийн хэмжүүр байгаасай. Дэлхийн тайзыг хотойтол шуранхай хадааж явсан их хүний нэр зуун дамжин бахдам авьяас өртөөлөн гэрэлтэн дуурсагдах болтугай: Уртын дууны шуранхайнаас очлон цахилсан цучил урлагийн тэнгэрт замбативийн наран адил мандан, илч гэрлээ шагнаж байх болтугай.
Б.ЦАЦРАЛ
ArtLar House