Орос, Энэтхэг цөмийн салбарт харилцаагаа тэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Орос, Энэтхэг цөмийн салбарт харилцаагаа тэлнэ

Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх Орос улсын технологи бүхий 1000 МВт-ын хүчин чадалтай “Куданкулам” цөмийн станцын хоёр реакторыг удахгүй ашиглалтад оруулах тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Тус улсын Тамил Наду мужийн ард иргэд нутагт нь цөмийн станц байгуулахыг эсэргүүцэн жагсаж буй ч Засгийн газар технологийн аюулгүй байдалд бүрэн итгэлтэй байж болно гэсэн тайлбар өгч буй ажээ. Ерөнхий сайд Манмохан өнгөрсөн долоо хоногт Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй цөмийн станцын бүтээн байгуулалтын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ. Энэ үеэрээ тэрбээр “Төслийг эсэргүүцэж буй зарим ард иргэдэд цөмийн станцын аюулгүй байдлын талаар ойлгуулах болно.  Куданкулам төслийг хэдхэн долоо хоногийн дараа, харин хоёрдугаар Куданкулам төслийг ойрын зургаан сарын хугацаанд ашиглалтад оруулна” гэжээ.

Мөн энэ үеэр Энэтхэгийн талд Росатом-ын Тэргүүн Сергей Кириенко тус улсад олон тэрбум ам.долларын зээл олгох болно гэдгийг мэдэгджээ.

Одоогоор Энэтхэг улсын цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадал 4800 МВт байгаа бөгөөд 2030 онд энэ үзүүлэлтийг 63 мянган МВт-д хүргэж өргөжүүлэх зорилтыг тус улс  тавьжээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж