Tornado Aftermath, Iowa
12 сарын 13
Умард Намибийн Химба овгийн эмэгтэйчүүдийн өдөр болгон заавал үйлдэх естой нэгэн тусгай зан үйл нь угтаа бол цөлийн хахир хатуу уур амьсгалаас биеэ хамгаалах гоо сайхны эмчилгээ болдог байна. Тэд хөлөөсөө толгой хүртэл бүх биеэндээ зос, тос, үнсний зуурмагийг түрхэснээр хүрэн улаан арьстай болдог юм. Хүүхнүүд мөн усанд огт ордоггүй бөгөөд өглөө болгон тусгай вааранд анхилам үнэрт өвс шатааж “утаанд ордог”. Энэ нь шимэгч шавьж нарыг устгахын зэрэгцээ “үнэр эмчилгээ” болдог байна.
12 сарын 14
Байгаль эх заримдаа хачин сонин зүйлс бүтээдгийг нь бид “гайхамшиг”, “итгэмээргүй юм” хэмээн дуу алддаг. Пакистанд болсон их үерээс дайжсан аалзнууд модон дээр гарч амь хоргоджээ. Усны түвшин удаан хугацааны туршид буухгүй байсан учраас аалзны тороор шигүү бүрхэгдсэн модод нарны гэрэл дутсанаас болж үхсэн байна. Гэхдээ энэ нь сайн үр дүнг авчирсан тохиолдол бий гэнэ. Учир нь модонд ассан үй түмэн аалзнууд хумхаа өвчний халдвар тээгч шумуулыг олноор хөнөөснөөр уг өвчний гаралт Синд мужид гэхэд л эрс буурчээ.
12 сарын 15
Италийн наймаалжнууд сониучханаас гадна аймшиггүй бололтой. Тэдний нэг нь Газар дундын тэнгисийн нэгэн гүехэн тохойн усанд тухлан, алсад харагдах цаст Везувий уулыг ширтэн нарлаж суугаа нь энэ. Хажуудаа байгаа хүнээс огт үргэхгүй байсан нь гэрэл зурагчин Паскаль Вессало (Pasquale Vassallo)-д энэ гайхамшигтай гэрэл зургийг дарах агшинг бэлэглэжээ.
12 сарын 16
Эрх чөлөө, тэгш эрх, эв найрамдлын агаар Парижийн дээгүүр аль ч улиралд, аль ч цаг үед суунаглаж, үүнд дасаагүй хэнийг ч гэсэн алмайруулдаг билээ. Иймээс ч, Францын агуу нийслэлийн гудамж талбай дахь гайхалтай дүр зургийн нэг нь Брайана Йен (Brian Yen)-ийн дуранд өртсөн байна. Ямар их амар амгалан, уян зөөлөн энхрийлэл, хайр дурлалаар гудамж амьсгална вэ? “Парисийн их амар амгалан” – c"est la vie.
12 сарын 17
Энэ цагийн хамгийн том араатан, усан доорх хамгийн аюултай амьтны нэг бол манай гаригийн бүх далайн эрэг орчимд хаа сайгүй таарах цагаан аварга загас билээ. Хүн-идэштэн хэмээх “эвгүй” алдартай энэ загасын цочирдмоор зургийг Дэвид Литчфилд (David Litchfield) дарж чаджээ.
12 сарын 18
Энэтхэгийн Каларипаятту тулааны урлаг нь 6000 жилийн өмнө өмнөд Энэтхэгт үүссэн, дэлхийн сүм хийдийн урлагийн анхдагчийн нэг билээ. Олон тулааны урлагийн эх үүсвэрт тооцогддог Каларипаятту өөрөө Данур Ведийн ариун судраас эхтэй юм байна. Энэ бол бие махбодь, оюун ухаан, сэтгэл санааны цогц дасгалаар жинхэнэ дайчдыг бэлддэг урлаг юм. Умард Кералийн нэгэн далайн эрэг дээр энэхүү дайчдын бэлтгэлийн содон агшинг Николя Хорье (Nicolas Chorier) буулгажээ.