Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Ням гаригт таалал төгссөн Чехийн төрийн зүтгэлтэн, хүмүүнлэг үзэлтэн Вацлав Гавелийг тус орны ерөнхийлөгч Вацлав Клаус “орчин үеийн Чех улсын бэлгэдэл” гэж нэрлэв. “Тэрбээр манай Хилэн хувьсгалын лидер бөгөөд эрх чөлөөгөө дахин олж авсан манай улсын анхны ерөнхийлөгч байлаа. Түүний хувь хүн нэр хүнд нь Чех улс чөлөөт, ардчилсан орнуудын салшгүй хэсэг болоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм” гэж Клаус мэдэгдэв.

Удтал хүндээр өвчилж байгаад таалал төгссөн Вацлав Гавел нь 1989-1992 онуудад Чехословакийн сүүлчийн, 1993-2003 онуудад Чех улсын анхны ерөнхийлөгч байжээ.

Дэлхийн улс төрийн лидерүүд Чехословак ба Чех улсын ерөнхийлөгч байсан Вацлав Гавелийг “Хилэн хувьсгалын” баатар, “1989 оны бэлгэдэл” гэж нэрлэн гашуудлаа илэрхийлж байна. Чехийн Засгийн газрын тэргүүн Петр Нечас түүнийг “1989 оны бэлгэдэл” гээд улс орныхоо төлөө асар их зүйлийг хийсэн гэв. “3Улс орны төлөө маш их чухал “эрин ба хүний төгсгөл” хэмээн түүний үхлийг Чехийн ерөнхий сайдын орлогч Каролина Пик нэрлэв.

Гавел л “1989 оны дараа дэлхийн хаалгыг (Чехословакад)" нээж өгсөн хүн хэмээн Словакийн ерөнхий сайд Ивета Радичова мэдэгдэв. Польшийн экс-ерөнхийлөгч Лех Валенса “Европт Гавел үгүйлэгдэх болно” гэж хэлэв. “Тэрбээр манай үеийн томоохон онолч бөгөөд одоо хямралд орж буй Европт түүний дуу хоолой дутах болно. Тэр биднээс салан одсон нь маш харамсалтай. Би түүний хойчийн төлөө залирах болно” хэмээн Валенса мэдэгджээ. “Гавел манай үеийн агуу европчуудын нэг” хэмээн өөрийн Twitter-т Шведын Гадаад хэргийн сайд Карл Бильдт бичсэн байв. Гавел бол “Хилэн хувьсгалын баатар” гэж Европарламентын дарга Ежи Бузек талийгаачийг нэрлээд, Чех, Ёловакаас гадна нэгдэн нийлэхэд нь тус дэмээ үзүүлсэн Европ даяар түүнийг гашуудан харамсаж байна гэлээ. Вацлав Гавел бол агуу их европ хүн гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгдэв.

“Сайн хүмүүсийн хувьд энэ бол том гарз юм. Учир нь Вацлав Гавел тоталитар коммунист дэглэмийн эсрэг зүгээр нэг бэлгэдэл нь болоогүй тэрбээр тэр дэглэмээс хэрхэн салж, ардчилсан нийгэм байлж болохын бэлгэдэл нь байлаа” хэмээн Оросын ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний нийгэм ба Хүний эрхийн зөвлөлийн дарга Михал Федоров хэлжээ.

Аравдугаар сарын 5-нд уран зохиолын шүүмжлэгч, зохиолч, тэрслүү үзэлтэн бөгөөд улс төрийн нэрт зүтгэлтэн Гавел 75 насныхаа ойг тэмдэглэн дэлхийн лидерүүд ба эх орон нэгтнүүдээсээ олон тооны баярын мэндчилгээ авч байв. Ойн баярынхаа өмнө тэрбээр энэ хавар өвчилсөн амьсгалын замын өрөвслөөс сэргээн засрах эмчилгээг дуусгасан байлаа. Наяад оны эхээр шоронд өвчилсөн уушгины хатгаа ба уушгины хорт хавдрын дараа түүний биеийн эрүүл мэндэд ихээхэн асуудал үүссэн байснаас тэр салж чадсангүй. Тамхи их татдаг түүний баруун уушгины хорт хавдрыг авсан 1996 оны мэс заслаар уушгины талаа авахуулсан байв. Тэр цагаас хойш эрүүл мэндийн асуудал нь түүний ээрч ирсэн ба сүүлд нь зүрхний өвчин нэмэрлэжээ. Энэ жилийн хоёрдугаар сард тэр ярихдаа “үхлийн тухай ихээхэн бодох боллоо. Моднуудыг нь дараалан огтолж байгаа ойд байгаа юм шиг санагдах юм” хэлсэн байв.

Чехословакийн 1989 оны “Хилэн хувьсгалын” үеэр сөрөг хүчний нийгэм, улс төрийн “Иргэний форум” байгууллагыг санаачлагчдын нэг нь Гавел байсан бөгөөп 1989 оны арванхоёрдугаар сард ЧССР-ийн Холбооны чуулган түүнийг санал нэгтэйгээр ерөнхийлөгчөөр сонгосон байв. Вацлав Гавел таалал төгссөнтэй холбогдуулан Чехад үндэсний гашуудлын өдөр  зарлажээ.

Вацлав Гавел  өөрийн үзэл бодлыг улстөрийн нялуурлаас ямагт дээгүүр тавьдаг хүн байлаа. Тэрбээр нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө Түвдийн лидер Далай ламыг гэртээ хүлээн авахдаа Чех-Хятадын харилцаанд ямар нөлөөтэйг үл анзаарч байв. Мөн өнгөрсөн зургадугаар сард Германы нэр хүнд бүхий Квадрига гэдэг шагналыг ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путинд олгохыг эсэргүүцэж, өөрөө 2009 онд авсан энэхүү шагналаа буцаана гэж байв. Үүнээс үүдэн шагналын шүүгчид Путинд уг шагналыг өгөхөө больсон юм.

Ш.Мягмарсамбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж